ӨГЛӨӨНИЙ МЭНД

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 07

Өнөөдөр 2023.04.07. Билгийн тооллын 16. Монгол эх оронд маань нар 06 цаг 19 минутад мандлаа. 19 цаг 29 минутад жаргана. 2023 оны 97 дахь өдөр бөгөөд он дуустал 268 өдөр үлдэж байна.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 9 хэм дулаан, шөнөдөө -7 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Бүх дэлхийн эрүүл мэндийн өдөр, Руанда дахь хядлагад хохирогчдын дурсгалыг хүндэтгэх олон улсын өдөр, Олон улсын минж хамгаалах өдөр, Ажилдаа явган явах өдөр, Рагби спортын төрсөн өдөр, АНУ-д Шар айргийн баяр, Арменид Эхчүүдийн баяр, Иорданд Инженерийн баяр, Мозамбикт Эмэгтэйчүүдийн баяр, Словенид Төрийн далбааны өдөр, Кыргызстанд Ардын хувьсгалын баяраа тэмдэглэж байна.

Энэ өдөр Монголын сүмоч Ичиножёо, Францын жүдоч, олимп, дэлхийн олон удаагийн аварга Тедди Ринер, Францын хөлбөмбөгч Франк Рибери, Хонконгийн жүжигчин Жеки Чан, Азербайжаны зохиолч Чингиз Абдуллаев, Skillet хамтлагийн дуучин Жон Купер, Австралийн жүжигчин, Оскарын шагналт  Рассел Кроу нарын алдартнууд мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

451 - Хүннү гүрний хаан Аттила Гаулын Метц тосгонд халдан довтлов.

1805 - Германы хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен Венагийн Их театрт гуравдугаар симфонио тавьжээ.

1827 - Английн химич Жон Уолкер зохион бүтээсэн чүдэнзний модоо худалдаалж эхлэв.

1906 - Везувий галт уул дэлбэрч Неаполь хотод ихээхэн хохирол учирчээ.

1948 – Дэлхийн эрүүл мэндийн байгууллага байгуулагдлаа.

2003 - АНУ-ын цэргүүд Багдадыг эзлэв.

2010 – Кыргызстанд хувьсгал эхэллээ.

2014 – Украины газар нутаг дээр Донецкийн БНУ-ыг тунхаглав.

Өнөөдөр үс засуулбал муу, өвчин ирнэ.    

Эл өдөр гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Тухайн өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүд боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.        

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top