БНСУ 22 орны жуулчдыг цахим зөвшөөрөлгүй нэвтрүүлнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 29

 

БНСУ-ын Сангийн яам гадаадын жуулчдыг татах, дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхийн тулд АНУ, Япон, Тайвань зэрэг нийт 22 улсын жуулчдыг цахим зөвшөөрөл болон дамжин өнгөрөх визний шаардлагаас түр чөлөөлөхөөр болсон тухайгаа өнөөдөр (2023.03.29) мэдээллээ. 

БНСУ-д аялал жуулчлалын цахим зөвшөөрлийн систем буюу K-ETA-р дамжуулан 110 улсын иргэд визгүй зорчдог. Эдгээрээс Япон, Тайвань, Хонг Конг, Сингапур, Макао, АНУ, Канад, Их Британи зэрэг 22 орны иргэд K-ETA цахим аяллын зөвшөөрлийн системээр дамжуулан зөвшөөрөл авалгүйгээр нэвтрэх боломжтой болж байгаа аж. 

БНСУ энэ онд 10 сая жуулчин авах зорилго тавьсан. Эдийн засгаа сэргээхийн тулд цогц хөтөлбөр хэрэгжүүлж буй тус улсад 2019 онд 17.5 сая жуулчин ирж 20.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Гэсэн ч цар тахлаас үүдэн уг тоо 2020 онд 2.5 сая, 2021 онд 967 мянга болж буурсан байна. 

Үүнтэй холбоотойгоор Вьетнам, Филлипин, Индонез зэрэг орнуудын бүлэг жуулчдад визний хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд өндөр орлоготой иргэд болон залууст виз олгох шинэ хөтөлбөр боловсруулахаар зэхээд байгаа аж.

БНСУ-д энэ оны тавдугаар сараас аравдугаар сар хүртэл олон олон соёлын арга хэмжээ, к-поп фестиваль зохион байгуулагдана. Энэ үеэр жуулчдад зориулсан татваргүй барааны дэлгүүр, үйлчилгээний төвүүд олноор нээгдэх аж. Жуулчдад зориулсан үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжид ноогдуулдаг татварын хэмжээг мөн 30-40 хувиар буулгах тухай хэлэлцэж байгаа бөгөөд нь тус улсын эдийн засгийг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ хэмээн онцолсон байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top