А.Насанбат: Ид харвадаг үедээ бол харснаа л онодог байлаа

2023 оны 03 сарын 30

“Өглөөний зочин”-ы хойморт Монгол Улсын “Онц тээвэрчин” жолооч, Алтанширээ сумын малчин, өндөр настан А.Насанбат гуайг урьж, Хаяа багийн нутаг Сайнбуланд хаваржиж буй тэднийхээр дөрөө мулталлаа.


-Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу та?

-Сайхаан. Сайхан хаваржиж байна уу.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. Уг гарал аль нутгийн хүн бэ та?

-Би Дорноговь аймгийн Хөвсгөл сумын гаралтай хүн дээ. Бага насаа Хөвсгөл сумандаа өнгөрүүлсэн.

-Нас сүүдэр хэд хүрч байна вэ?

-Одоо 78 хүрч байна даа.

-Хэдий үеэс энэ нутгийн хүн болов?

-Чойрын машинч станцын сургуулийг төгсөөд 1967 онд Алтанширээд эмээ ээжийгээ дагуулаад тракторын жолоочоор ирж байсан. Тэр цагаас хойш 56 жил энэ сайхан нутагтаа амьдран сууж байна даа.

-Эмээгээ дагуулаад ирж байхыг бодоход эмээгийн хүүхэд үү. Их эрх байв уу?

-Эмээдээ л жаахан эрхэлж байсан байх. Түүнээс биш эрх байгаагүй ээ. Дороо арван дөрөв, таван дүүтэй айлын том учраас дүү нараа асрахаас эхлээд эхдээ тустай байхыг л боддог байлаа. Дөнгөж хорь гарч байсан болохоор бас ганцааранг явуулаад яахав гэж бодсон ч биз. Эмээ маань намайг дагаад Алтанширээд ирж байсан юм.

-Жолоочийн мэргэжлийг өөрөө сонгов уу, хэн нэгэн зөвлөв үү?

-Анх арван жилийн хүүхэд байхад Чойрын Мал аж ахуйн машинч станцын сургуулиас илгээлтээр хүүхэд элсүүлнэ гэж ирсэн юм. Манай аймгийн хувьд атар газар эзэмших анхны илгээлтийн эзэд болох тухай яригдаж 10 хүүхэд элсүүлж авч байлаа. Тэдний нэгэнд багтаж 1963 онд тракторчин мэргэжил эзэмшсэн юм. Тэр үед Дорноговийн өвс хадланг Дархан, Сэлэнгээс бэлтгэдэг байлаа. Дархан хотын баруун хойно орших “Ширээ нуруу” гэх газраас хадлангаа хаддаг байв. Хадсан өвсөө нааш нь вагоноор зөөнө.

1967 оны арваннэгдүгээр сард Чойрын машинч станц татан буугдаж Алтанширээгийн нэгдэлд тракторын жолоочоор ирж байлаа. Нэгдэл шинэ “белорус” трактор авсан гэж дуулаад уухайн тас ирж билээ. Тэр үед чинь кабинтай трактор гэж байдаггүй байлаа л даа.

1973 он хүртэл трактороо барьж байгаад Архустайн сургууль комбинатад жолоочоор сурч төгсөөд 1974 оноос жолоочоор ажилласан. Нэгдлийн бүх л ажилд оролцож явлаа. Айл нүүлгэнэ, хашаа хороо барина, өвс тэжээл татна гээд оролцохгүй ажил байхгүй. Цаг наргүй, шөнө оройгүй л явдаг байлаа. Олон ч машин сольж унасан даа. 1992 он хүртэл жолооч хийгээд хөдөө гарч малчин болсон.

Компанийн мал түрээсээр авч, мөн хувьцаагаар ч бас хэд гурван малтай болсон.

-Хариуцлага өндөртэй цаг үе болохоор магтаал шийтгэл аль аль нь ойрхон явдаг байсан болов уу. Тэр үеийн дурсамжаас хуваалцвал?

-Би ч ер нь социалист нийгмийн л хүн шүү дээ. Ажлын хариуцлага өндөр байсан. Магтуулж сайшаагдаж ч явлаа, загнуулж зэмлүүлж ч явлаа. Гэхдээ нэгдлийн гол ажил гүйцэтгэдэг жолооч байсан болоод тэр үү зэмлүүлсэн нь тун бага. Хөдөлмөрийн баатар болсон Д.Даваасамбуу, усны аж ахуйд байсан Г.Ломбуу, банкинд байсан Г.Банди, малын эмч байсан Ж.Гантөмөр, Л.Ишдорж нарын зэрэг сум нэгдлийн дарга нартай ажиллаж байлаа. Дараа нь зах зээлд шилжиж нэгдэл маань хоршоо болж өөрчлөгдсөн дөө.

-Холын тээвэрт явж байв уу. Жолооч хүний хийморийг холын зам сэргээнэ биз?

-Ай тэгэлгүй яахав. Жолооч болсны дараа баазад орж тээвэр хийж үзэх бодол бас байсан юм. 1978 онд сумаас халагдаад аймаг руу нүүж Барилга угсралтын конторт хоёр жил хэртэй ажиллаж Үнэгтийн улаан шороонд нэлээн явсан. Тэгээд удалгүй буцаад сумандаа ирсэн дээ. Шинэ тэрэгтэй болохоор нэгдлээс ийш тийш явах ажил бас их оногдоно. Таван толгойд хэд явсан. Хамгийн хол нь Ховдын Булган сум орж салаа сүүлтэй хуц 20 гаруйг ачиж ирж байлаа. Дорнодын Сүмбэрийн САА-гаас “талын улаан” үүлдрийн үхэр авчирч байлаа. Шинэ тэрэг, хол зам хоёр ч урамтай шүү дээ. Хувьчлалаар машинаа аваад мал дээр гарч болмоор шиг байсан хэрнээ сүүлдээ бүтээгүй.

-Мал дагавал ам тосдоно гэдэг дээ?

-Би ч бас алсын хараа бодлого муухантай хүн юм. Мал малын захтай л байсан. Отор хийж байна гэж өөр суманд хоёр жил болоод нэлээд хорогдсон. Тэтгэвэрт гарчлаа гээд малаа бас нэлээн үгүй хийсэн. Гэхдээ яахав ээ.

-Тэтгэвэр тэтгэмж нь хэр хүрэлцээтэй байдаг юм. Ер нь ахуй амьдрал ямар байна вэ?

-Дан тэтгэврээр амьдарна гэсэн ойлголт бол үнэндээ байхгүй ээ. Би 2006 онд тэтгэвэрт гарсан. Одоо бол юмны үнэ өдрөөс өдөрт л өсөж байна. Улам бүр хэцүү болжээ. Идэж уухаас эхлээд малгүй бол толгой цувдай цуглуулахаас аргагүй л болохдог оо. /инээв/ Хэдэн малын буян, хүүхдүүдийн тус дэмээр болж л байна.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу. Хэдэн хүүхэдтэй вэ. Одоо хүүхдүүд нь хаана юу хийж байна?

-Эхнэрийг маань Ц.Хандсожил гэдэг. Бид найман хүүхэдтэй. Уржнан жил нэг хүү маань гэр бүлээрээ ковидоор өнгөрчихсөн. Бусад хүүхдүүд сум, аймагт, нэг хүү Дархан хотод, хоёр хүү энд мал дээр хөгшин бид хоёртой хамт байдаг. Хоёул хөгжлийн бэрхшээлтэй.

-Ковидын ид үед гэр бүлээрээ өнгөрсөн хэдэн тохиолдол манай аймагт гарсан. Тэдгээрийн нэг нь таны хүү, бэр байжээ. Танай гэр бүлд нийт уншигчдынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Орон нутаг гэлтгүй улс орноороо их хүнд цаг үеийг давж туулсан даа. Тухайн үед эмнэлгийн тоног төхөөрөмж, хүн хүчний хүрэлцээ дутмаг байсан юм болов уу. Их ч шүүмжлүүлж байсан?

-Ай... энэ ковид гэж айхтар эд байна шүү дээ. Хүүхэдтэйгээ уулзах ч боломжгүй. Оршуулгын ажилд дандаа цагаан хувцас өмсгөөд, маск зүүлгээд баг өмсгөх шахуу л юм болсон. Оролцох хүний тоо хязгаартай. Салах ёс хийх ч боломжгүй.

-/эхнэр Ц.Хандсожил/: Ид ширүүн байсан үе. Мань мэт яг ажил явдлын үеэр бас л ковид тусчихсан. Хүүхэд өвдөж байх үед бол уулзах ч боломжгүй байсан.

-Таны хувьд мөрдөж байсан шийдвэр журмыг хэр үр дүнтэй байсан гэж үздэг вэ? Бас нэг хэрвээ ингэсэн бол гэх харамсал үлдсэн л байх даа?

-Одоо ердөө мэдэхгүй юмаа. /санаа алдав/

-/эхнэр Ц.Хандсожил/: Бэр охин маань жирэмсэн байсан. Хийсвэрт ороод удаагүй л өнгөрсөн. Ач минь улаан цурав амьтан л эх эцгээсээ үлдсэн дээ. Ер нь бол багийн эмч үзээд гайгүй л гээд байсан юм. Мань мэт нь өөрөө ковид тусчихсан болохоор уулзаж чадахгүй, гайгүй юм байх гэж бодоод л байдаг. Хөөрхий минь ганцаараа гэртээ хэвтэж байгаад хүндэрчихсэн. Сүүлд нь манай бага хүү уйлж унжиж, хэл ам хийж гүйж явж хэвтүүлсэн. Хэвтэнгүүтээ өнгөрсөн гэсэн. Эхэндээ бол эмч нарын хойрго байдал бас байсан шүү. /хоолой зангирав/

-Ахмад хүний хувиар залуус дүү нартаа хандаж юу захимаар байдаг вэ?

-Зарим залуус нь ажил төрөлтэй сайхан л явна. Зарим нь ч бас хэцүүхэн л байх юм. Ер нь тэгээд ажил хөдөлмөрт шамдаж шударга л явах хэрэгтэй дээ. Эрүүл мэндээ хичээн бодож хайрлаж яв. Мөн үг сонсож сурах хэрэгтэй.

-Өнөөгийн залуусыг монгол уламжлалаа хэр авч явж байна гэж хардаг вэ?

-Уламжлал ярихаар социалист үе рүүгээ, захиргаадалт руугаа орох нь гэж ярьдаг ойлгодог улс ч байх л болтой юм. Зөв нь ч бий, буруу нь ч бий дээ. Тэр болгоныг хэлж мэдэхгүй юм. Ямартаа ч бидний бага залууд бол их багагүй хүмүүжилтэй даруулгатай байсан юм шүү.

-Таныг шагай харвадаг байсан гэж сонссон. Өөр юу сонирхдог вэ. Одоо дуртай юмандаа цаг зав гаргаж чадаж байна уу?

-Залуудаа шагай харвадаг байлаа. 1970-аад оноос эхлээд хорь гаруй жил харваад сүүлдээ гар хуруу болохгүй болоод тэгээд больсон доо. Одоо бол харах л юм даа.

-Далаад он гэхээр хориотой цаг үе биз дээ. Тэр үед хаана хэрхэн тоглодог байв?

-Эхлээд харваж байх үед бол хориотой байсан. Нууцаар л харвана. Улаан Дамдинзав гээд барилга конторт ажилладаг хүн байсан юмаа. Тэр нөхөр нэг хавар сумдын шагайчдыг дуудаад барилга конторын мужаан цехэд харвууллаа. Шөнөжин харваад маргааш нь орой болохын алдад баахан цагдаа сэргийлэхийнхэн ирдэг юм байна. Шагайчдын маань зарим нь ч зугтаад алга болсон. Мань мэт ч багаараа байж үлдсэн. Аймгийн дарга Ж.Гомбожав гуай хотын захиргааны хурлын зааланд бид нарыг цуглуулж сэргийлэхийн даргыг дуудаад, ерөнхий прокурорыг дуудаад энэ хүмүүст арга хэмжээ ав гээд бүгдийнх нь нэрийг бичиж авч байсан юмдаг.

-Тэр үед шагай харвадаг хүн хэр олон байв. Бай шагналаа дундаасаа гаргах уу?

-Тэгэхэд 20-иод баг цугласан байсан гэхээр 100 гаруй хүн болж байгаа юм. Шагналаа дундаасаа босгочихно. Багаараа нэг шагнал авна. Цуваа харваагаар бас шагнал авчихна. Миний хувьд нэг үе бас сайн харвадаг гэж хэлэгдэж явсан. Ид харвадаг үедээ бол харснаа л онодог байлаа. /инээв/ Одоо тэрийг мэдэх хүн их цөөрсөн дөө. Манай сумын Б.Ганболд жолооч л байна даа. Сүүлд 2011 онд надад “Хүндэт харваач” цол тэмдэг олгосон.

-Та морь уяж байв уу?

-Базаагаагүй ээ. Ганц нэг даага шүдлэн л уяж байсан. Харин бөх их сонирхдог байсан. Бөхийн цувааг 1970-аад оноос эхлээд л бичсэн. Сүүлд зурагтаар байнга гардаг болсноос хойш бичихээ больсон. Зарим дэвтрийг нь хүн гуйж аваад алга болсон ч байх. Радио чихэндээ наачаад хааяа муу радиогоо балбаад л /инээв/ Гэрийн радио байхгүй үед гадаа машиндаа радиог нь чагнаад сууна. Бөх дуусгаж орж ирээд л идээгээ өрдөг байсан.

-/эхнэр Ц.Хандсожил/: Битүүний орой ажил амжихгүй байхад л өнөөхөө бичээд суучихна /инээлдэв/

-Одоо төв суурин газарт сууя гэж бодогдохгүй юм уу?

-Эмнэлгээр явах, эмчилгээ хийлгэхээр бол л төв суурин бараадах байх. Мань мэт ч хөдөө эрүүл агаарт байвал ханиад хүрэх нь ч бага юм. Одоо ч хот аймаг байтугай сумын төв ороход л нүүрсний утаа үнэртэж байна шүү дээ.

-/эхнэр Ц.Хандсожил/: Аймаг дээр бол даралт ихсээд, ер нь өвчин хэлээд л байх янзтай. Хөдөө гараад ирэхэд ханиад хүртэл байхгүй болж байна.

-Энэ жил цас хэр унав. Малдаа өвс тэжээл тавьж байна уу?

-Манай энд ч бас гайгүй. Сумаас хойшоо бол зуд шахуу дуулдана лээ. Аймаг руу Сайн-Усны цаад зоо, Тоосгонотын хэц рүү бас цастай л юм билээ. Одоогоор мал тэжээхгүй байна. Цаг хүндэрвэл өвс тэжээл тавина. Мал төллөхөөр тавина. Өвс тэжээлээ цувуулаад авчихдаг. Ер нь чадалтай үед бол тойрмын божмог түүгээд авчихвал хурга ишгэнд их сайн байдаг юм. Сүүлийн үед божмог нэг их ургахгүй болчихжээ.

-Ургахгүй гэснээс олон жил мал маллаж байгаа малчин хүний зүгээс анзаарахад өвсний гарц ер нь ямар байх юм? Уул уурхай зэргээс болоод гарц муудлаа гэсэн яриа бас энд тэнд сонсогддог.

-Өвсний гарц ер нь муудсан шүү. Бороо ч гэсэн татарсан. Энд тэнд алаг цоог орно. Тэнд нь айлууд шаваад буучихна. Ийм л болсон. Бэлчээрийн даац бол маш муудсан. Намар оройхон болохоор отрынхон орж ирнэ. Аймгийн дарга “зохицоцгоо” гэсэн үүрэг даалгавар өгсөн л юм байх. Хүлээж авч байгаа сум нь бэлчээрийн газар гаргаж өгөх ёстой гэнэ. Арга зальтай улс ч их байх. Мөнгө төгрөгтэй нь ч их л байх юм. Манай хуурай ах гэсэн залуус л олон болдог юм. /инээв/

-Төр, засгийн бодлого шийд­вэрийг хэрхэн харж тунгааж байх юм?

-Нэг нам нь хэд хуваагдаад байхгүйтэй адил болж. Учир зүйгээ олох бол эртхэн олоосой билээ. Сайн муу үг их л дуулдах юм. Ямар боловч төрийнхөө шийдвэрийг дагахаас хойш бодлого нь оновчтой мэргэн байгаасай л гэж бодох юм даа.

Б.ЛХАГВАДОРЖ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхжаргал (103.212.117.15) 2023 оны 03 сарын 30

Сэтгэгдэл бичсэн хүн гуайд : цЦаг үеэ л дагана шүү дээ

0  |  0
чимэд(124.158.66.103) 2023 оны 03 сарын 30

УИХ-н дарга байсан Гомбожав шагай харвах спорт тоглоомыг хорьдог учрыг ойлгосонгүй тун гайгүй ухаалаг хүн гэж ойлгож явдаг юм харин мөрийтэй хөзөр,даалуу бол хорьдог нь зөв байсан.Уг гарал нь Сүхбаатар аймгийн хүн,Орон нутгаас нь даргыг томилдог зөв болсон юм Өөр нутгийн хүн дарга болоод юуч хийдэггүй нүүдлийн шувуу л байлаа

0  |  0
чимэд(124.158.66.103) 2023 оны 03 сарын 30

УИХ-н дарга байсан Гомбожав шагай харвах спорт тоглоомыг хорьдог учрыг ойлгосонгүй тун гайгүй ухаалаг хүн гэж ойлгож явдаг юм харин мөрийтэй хөзөр,даалуу бол хорьдог нь зөв байсан.Уг гарал нь Сүхбаатар аймгийн хүн,Орон нутгаас нь даргыг томилдог зөв болсон юм Өөр нутгийн хүн дарга болоод юуч хийдэггүй нүүдлийн шувуу л байлаа

0  |  0
Top