Х.Цолмон: Эхийн эндэгдэлд архи тамхины хэрэглээ, гэр бүлийн хүчирхийлэл нөлөөлж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 20

Монгол Улсын Засгийн газраас эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах стратеги, хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлсний үр дүнд эхийн эндэгдэл 2000 оноос хойш тууштай буурсан. Тухайлбал, 2000-2004 онд эхийн эндэгдлийн харьцаа 133.0 байсан бол 2016-2019 онд 31.5 болж 4.2 дахин буурчээ. 2016-2019 онд эндсэн эхийн эндэгдлийн хувьд эмийн бодисын хамаарал, архины хамаарал, архаг тамхидалт, ар гэрийн хайр халамж дутмаг, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг нийгмийн хүчин зүйл нөлөөлсөн аж. Тэгвэл өнгөрсөн баасан /2022.12.16/ гарагт “Сэргийлэх боломжтой эхийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Энэ талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Х.Цолмонтой ярилцлаа.


-“Сэргийлэх боломжтой эхийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг хийх болсон шалтгаан, нөхцөл нь юу байв?

-Монгол Улс үндэсний хэмжээнд 2000 оноос хойш “Эх яагаад эндэв” гэсэн судалгааг таван удаа хийсэн байдаг. Тус судалгаанд эхийн эндэгдлийн шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс болон үүний эсрэг хариу арга хэмжээ авах хэрэгтэй талаар системтэй үнэлгээ, дүгнэлт хийсэн юм. Ийнхүү судалгаа дүгнэлт хийх явцад сүүлийн хоёр судалгаагаар гэр бүлийн хүчирхийлэл, архи тамхины хэрэглээ, буруу зуршил, архаг хууч өвчин зэрэг нь эх эндэхэд нөлөөлөх гол хүчин зүйл болоод юм байна гэсэн судалгааны үр дүн гарсан. Эхийн эндэгдлийг улс орон даяар хэлэлцэхдээ гурван хожимдолд хуваан авч үздэг.

Үүнд нэгдүгээрт, эмнэлгийн тусламж, үйлчилгээнээс хамаарсан хожимдол. Хоёрдугаарт, дэд бүтэц, утсан харилцаа холбооноос үүдсэн хожимдол. Харин гуравдугаарт, ард иргэдийн эрүүл мэндийн боловсрол тааруу байгаагийн улмаас эхийн эндэгдэлд хүргэж байна. Хожимдол нэгийг улс орон даяар анхаарч хүний нөөц, сургалтыг зохион байгуулж, үе шаттайгаар сайжруулах ажлуудыг хийсээр ирсэн. Хожимдол хоёрын тухайд улс орон нь дэд бүтцээ сайн шийдэх, онгоцоор өвчтөнөө тээвэрлэх боломжийг бүрдүүлэх зэргээр засаж сайжирч байгаа. Харин багасахгүй байгаа хожимдол бол иргэдийн эрүүл мэндийн боловсролын асуудал байна.

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажлууд хангалтгүй байгаа нь сүүлийн хоёр удаагийн НҮБХҮАС-аас санхүүжүүлж ЭХЭМҮТ-өөс хийгддэг үндэсний хэмжээний томоохон судалгааны үр дүнгээс харагдсан. Иймд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажил хийх хэрэгтэй юм байна гэдгийг олж харсан учраас өнгөрсөн жилээс эхлэн тус хэлэлцүүлгийг хийж эхэлсэн.

Энэ жилийн хэлэлцүүлгийн онцлог нь оролцогчдынхоо 50 орчим хувьд нь, сэтгүүлчдийг урьсан явдал юм. Учир нь, ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулахын тулд хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан мэдээлэл түгээх нь зөв гэж үзсэн. Эхийн эндэгдлийг улс орон даяар яагаад эндэв, юунаас болов, юу нөлөөлөв, дахиж эндэгдэл гаргахгүйн тулд ямар хариу арга хэмжээ авах ёстой вэ, ямар бодлого хэрэгтэй вэ гэсэн" асуултад хариу арга хэмжээ авах байдлаар бууруулдаг.

-Эрхтэн тогтолцооны эмгэг эхийн эндэгдэлд хамгийн их нөлөөлдөг болох нь судалгаанаас ажиглагдсан?

-Судалгааны дүнгээс үзэхэд эндсэн эхчүүдийн дөрвөн тохиолдлын гурав нь эрхтэн тогтолцооны эмгэгтэй байсан. Эрхтэн тогтолцооны эмгэг гэж юуг хэлж байна вэ гэвэл зүрх судас, хоол боловсруулах гэх мэт эрхтэн системийн архаг өвчтэй байсан л гэсэн үг. Жишээлбэл, зүрх судасны өвчтэй эмэгтэйд эмч эмчилгээ хийлгэсний дараа жирэмсэн болох хэрэгтэй гэж зөвлөгөө өгдөг.

Гэтэл гэр бүлийн хүмүүсийн шахалт эсвэл лам, бөөгийн үгээр жирэмсэлсэн тохиолдлууд байдаг. Үүнээс үүдэж жирэмсэлсэн тохиолдолд архаг хууч өвчин нь сэдэрч, амь насанд нь хүрэх эрсдэл дагуулдаг. Ард иргэд маань аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандах нь чухал байна. Амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан тохиолдлыг аврахыг эмнэлгийн хэлээр “ноцтой хүндрэл” гэж нэрлэдэг. Уг ноцтой хүндрэл 2000 онд 197 тохиолдол бүртгэгдэж байсан бол өнгөрсөн жилийн судалгаагаар энэ дүн гурав дахин буурсан байна.

Манай эмч эмнэлгийн ажилчид нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдээ эрүүлжүүлэхээр мэрийн ажиллаж, тэр олон дээсэн дөрөөн дээр байсан эмэгтэйчүүдийн амь насыг аварч чадаж байна. Гэхдээ энэ бол зөвхөн эмч эмнэлгийн ажилчдад амь насаа даатга гэсэн үг биш юм аа. Иргэд олон нийт маань эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлснээр эхийн эндэгдлийн тоо буурна. Жишээлбэл, сүүлд хийсэн судалгаагаар гэр бүлийн хүчирхийллээс шалтгаалсан эндэгдэл найм байдаг. Үүнийг цагдаагийн байгууллагатай хамтарч эрт илрүүлж чадсан бол энэ тоо бага байх боломж байлаа. Мөн жирэмсний эрт үедээ үзүүлэх нь эрсдэлээс сэргийлэх чухал ач холбогдолтой.

-Өсвөр насны жирэмслэлт ямар хэмжээнд байна вэ?

-Өсвөр насны жирэмслэлт буурахгүй байна. Яагаад буурахгүй байна вэ гэхээр тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгох ажил дутагдаж байна. Бидний хоёр дахь жилдээ хийж буй энэхүү хэлэлцүүлэгт иргэд, сургуулийн нийгмийн ажилтан, ажилчид, хэвлэл мэдээллийн байгууллага, ТББ-ууд оролцож байна. Жил бүр хэлэлцүүлэг хийж хэлэлцүүлгээрээ дамжуулж тухайн жилд хийсэн, судалсан туршлагаасаа хуваалцах нь үр дүнтэй хэмээн харсан.

-2021 оны судалгаагаар өсвөр насны охидын үр хөндүүлэлтийн тоо өссөн гэжээ. Өсвөр насны охид ихэвчлэн ямар шалтгаан хэлж үр хөндүүлдэг бол?

-Хүсээгүй жирэмслэлт л гэсэн шалтгаан хэлдэг. Монгол Улс жирэмсний эрт хугацаандаа ээж болох эсэхээ өөрөө шийддэг улс орон юм. Тийм учраас жирэмсэн болж үр хөндүүлэлт хийлгэн эрсдэлд орох биш өсвөр насны охидод үүний хор уршгийг ойлгуулах, хүчирхийллийг хэлж ярьдаг болох, хувийн орон зайд чинь хэн ч халдах ёсгүй гэдэг мэдээллийг тэдэнд байнга хүргэж байх хэрэгтэй. Мөн ээж, аавдаа жирэмсэн болохоо хэлэхээс айж явсаар том болгочихсон тохиолдлууд ч байна. Тиймээс энэ талаар олон нийтийн сүлжээгээр хэлдэг, ярьдаг, мэдээлдэг болох ёстой. Одоо ч гэсэн эмнэлгийн бус, аюултай газар үр хөндүүлсэн, үр зулбуулах хориотой эм зах дээрээс авч уусан тохиолдлууд мэр сэр гардаг юм байна.

-Засгийн газрын зүгээс эхийн эндэгдлийн асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

-Эхийн эндэгдлийн асуудал бол улс орны эрүүл мэндийн асуудлын хамгийн том үзүүлэлт юм. Тийм учраас ЭМЯ, Засгийн газраас үүнд байнга анхаардаг. Энэ анхаарч байгаагийн нэг хэлбэр нь өнөөдрийн энэ хэлэлцүүлэг зохион байгуулсан явдал юм. Энэхүү хэлэлцүүлгээр дамжуулан эрүүл мэндээ сайжруулах, архаг өвчнөө эрүүлжүүлж жирэмслэх, хэрвээ архаг өвчнөө эмчлүүлж амжаагүй жирэмсэлсэн бол жирэмсний эрт үедээ эмчилгээ, үйлчилгээ авах ёстой гэдгийг таниулж байна.

-Эхийн эндэгдэлд нийгмээс ямар хүчин зүйлүүд нөлөөлж байна вэ?

-Өмнө нь хожимдол хоёр гэж ярьсан. Жишээлбэл нөхөр нь цасан шуургатайд малаа хариулаад явчихсан, төрөх дөхсөн эмэгтэй утасгүй, утастай ч нэгжгүй тохиолдолд гэртээ төрөх явдал байдаг. Энэ хүн өнөөдөр гэнэт жирэмслээд төрчхөөгүй болохоор энэ хугацаанд төрөх бэлтгэлээ базааж, төрөх хугацаа нь дөхсөн үедээ аймаг, сум, дүүрэг, хорооныхоо эмнэлгийг бараадах гэх мэт хувь хүний, гэр бүлийн хариуцлагын асуудал чухал байна. Жирэмсэн хүнийг аав, ээж, нөхөр, гэр бүлийнхэн нь анхаарах хэрэгтэй байгаа юм.

Жирэмсэн эх шүд нь өвдсөн үедээ оо түрхэх, дур мэдэн эм ууж явсаар буйл нь өрөвсөж, ялангуяа жирэмсэн хүнд  өрөвссөн буйл нь амархан нян тархааж, аюул учруулдаг. Ингэхээр хувь хүн эрүүл мэнддээ анхаарах, нөхөр нь халамжлах, эцэг эхчүүд маань өсвөр насны хүүхдэдээ хяналт тавих зайлшгүй шаардлага байна. Мөн хажуу хөрш айлын хүмүүс ч бас нэгнээ хайхрах, туслах хэрэгтэй юм. Бид хүчирхийлэл гэхээр л зоддог, биед гар хүрэх гэж ойлгож болохгүй. Эмнэлэгт үзүүлэх боломжгүй, гэрээсээ гарах гэхээр гадуур хувцасгүй гэх мэт шалтгаан нь бас гэр бүлийн хүчирхийлэл юм.

-Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс нэлээд санал санаачилга гарлаа. Үүнээс танд аль нь онцлог санагдсан бэ?

-Сүүлийн үеийн судалгаа байхгүй байна гэж хэлсэн. Энэ үнэн. Үндэсний хэмжээний томоохон судалгааг хийхэд хөрөнгө, мөнгө их шаардагддаг. Өсвөр насны хүүхдийн нөхөн үржихүйн талаар хийгдсэн үндэсний хэмжээний судалгаа ойрын хэдэн жил хийгдээгүй байна. Үүнийг ойрын хугацаанд олон улсын байгууллагууд, бодлого боловсруулагч нартай ярилцаж судалгаа явуулах хугацаа нь болсон гэдэг мессежийг авлаа. НҮБХАС-гийн төлөөлөгчийн хэлснээр сэтгүүлч нарын дунд үр өгөөжтэй контент боловсруулсан сэтгүүлчдийг шалгаруулах санаа бас таалагдсан. Мөн АШУҮИС-ийн оюутнууд тус хэлэлцүүлэгт ирж оролцсон. Эдгээр оюутнууд маань сайн дурын хичээлийн цагаараа иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх боломжтой гэдгээ бидэнд илэрхийлсэн.

-Жирэмслэх хуга­цаагаа төлөвлөж, биеэ эрүүл­жүүлс­нийхээ дараа жирэмсэн болдог эмэгтэйчүүд хэр байна вэ?

-Ер нь хүмүүсийг биеэ эрүүлжүүлээд төрөөсэй гэж хүсдэг. Шүд, хоолойны асуудал байгаа бол тэдгээрийг эмчлүүлснийхээ дараа төрөхөөр төлөвлөдөг эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгаа. Гэвч нөгөө талдаа хүүхдийн мөнгө авах гэж, санамсаргүй жирэмсэлсэн, архаг хууч өвчтэйгөө мэдсээр байж жирэмсэлдэг хүмүүс байдаг. 

-Хэлэлцүүлгийн үр дүн, дүгнэлтээ бидэнтэй хуваалцахгүй юу?

-“Сэргийлэх боломжтой эхийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг маань үр дүнтэй боллоо. Судалгааны тоо баримтыг зөвхөн эрүүл мэндийн байгууллагуудад танилцуулдаг байсан бол бид өмнөх хэлэлцүүлгээрээ ТББ-уудыг оролцуулсан. Харин энэ удаагийн хэлэлцүүлэгтээ ТББ-ууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, анагаахын салбарт суралцаж буй оюутан, хороо, дүүргийн нийгмийн ажилтан, жирэмсэн эхчүүдийн төлөөллөөс урьж оролцууллаа. Олон нийтэд мэдлэг, боловсрол олгох үүднээс зургаан төрлийн контентыг хэвлэл мэдээллийн байгууллагаар түгээлгэхээр бэлдэж өгсөн. Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг эрүүл мэндийн булантай болж түүнийгээ мэргэжлийн эмч нартай хамтран хөтөлдөг байгаасай гэж хүсэж байна.

 Эх сурвалж: Өглөөний сонин 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(139.5.217.253) 2022 оны 12 сарын 20

olon yum shaalgui huuhdee oligtoi hun bolgochih,chadahgui bol huuhed bitgii garga,

0  |  0
Top