ДОРНОД: Үйлдвэр, технологийн парк байгуулах санал хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 08
Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 10/07 дугаар тогтоолоор Хэрлэн сумын 1,5 дугаар багийн нутаг дэвсгэр 400,000 м.кв талбайд хоногт 400,000-500,000 мал нядлах, 600,000 ширхэг арьс шир, 3000 мянган тонн ноос, ноолуур боловсруулах хүчин чадалтай хөдөө аж ахуйн үйлдвэр технологийн парк байгуулах саналыг дэмжин салбарын яаманд уламжлаад байна.
 
Энэ онд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч малчин өрх болон малчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж 6003, үүнийг дагаад сүүлийн дөрвөн жил дараалан аймгийн мал сүрэг таван төрөл дээрээ өсөж 3,051,069 толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 6.9 сая толгой мал өвөлжиж байна. Өмнөх онтой харьцуулахад 302,042 толгой буюу 10,9 хувиар өссөн дүнтэй байна.
 
Аймгийн хэмжээнд 21 үүлдэр, омог, хэвшлийн болон эрлийз нутгийн, шилмэл омгийн мал 365,178 толгой мал тоологдсон нь нийт малын 11.4 хувийг эзэлж өмнөх онтой харьцуулахад 8204 толгой буюу 2,2 хувиар өссөн дүнтэй байна. Мөн орон нутгийн онцлогийг шингээсэн Дорнод Монголын үхэр сүргийн үүлдрийг 2019 онд баталгаажуулан махны хэвшлийн мухар улаан үхэр, барга үүлдрийн хонь, буриад омгийн хонь, нутгийн хар ямаа зэрэг өндөр ашиг шимт мал сүргийг өсгөн үржүүлж байна.
 
Мөн дөрвөн суманд зургаан инженерийн хийцтэй гүн өрмийн худаг, 11 суманд 46 инженерийн хийцтэй гүн өрмийн цооног гаргаж, нийт бэлчээрийн газрын 55.4 хувийг усаар хангаж байгаа юм.
 
Энэ онд тариалан бүхий 12 сумын нутагт үр тарианы 28 аж ахуйн нэгж, таван иргэн, төмс хүнсний ногооны 34 аж ахуйн нэгж байгууллага, 1243 өрхийн тариалан эрхлэгчид 38,2 мянган га-аас 36,518 тн ургац хураан аваад байна. Үүнээс улаан буудай 24,095 га-аас 281,265 тн, төмс 162,9 га-аас 1442,3 тн, хүнсний ногоо 180 га-аас 1489,8 тн бусад үр тариа 3940 га-аас 3081 тн тосны ургамал 5880 га-аас 3044 тн, малын тэжээл 930 га-аас 1388 тн ургац тус тус хураан авч нийт ургац хураалт 100 хувьтай явагджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top