ГОВЬ-АЛТАЙ: Дэлгэр суманд анхны ШИНЭ ХОРШОО байгуулагдлаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 09

Засгийн газраас орон даяар өрнүүлж эхлээд буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багт анхны хоршоог байгуулжээ. Тус багийн малчдын төлөөлөл хот айлаараа нийлж “Хавчиг ханан” нэртэй хоршоо байгуулж анхны хурлаа хийсэн байна. Тэд хоршооныхоо үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, малчин Л.Рэнчиндоржийг хоршооны тэргүүнээр сонгож ажлаа эхлүүлжээ.

“Хавчиг ханан” хоршоонд нутгийн 9 малчин өрх нэгдэж мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болсон байна. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн малчны хотонд “Шинэ хоршоо” хөдөлгөөний сургагч багш нар ажиллаж байгаа юм. Тэд малчид нэгдэн хоршоогоо хэрхэн байгуулах, бүртгүүлэх, тамга тэмдгээ авах, бизнес төлөвлөгөөгөө гаргах, үр дүнд нь ямар өгөөж хүртэх талаар дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл өгсөн байна.

УИХ-аар баталсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлээд байгаа нь энэ.

Энэхүү ажилд байнгын хяналт тавьж, үр дүн, үр нөлөөг тандан судалж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл орсон Ажлын хэсгийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж ахалж ажиллаж байна. Ажлын хэсгийн төлөөлөл ирэх өдрүүдэд Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймагт үргэлжлүүлэн ажиллах юм.

 

 

Ийнхүү хоршоогоо байгуулсан малчид бизнес төлөвлөгөөгөө боловсруулан хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой. Нэг хоршоо дээд тал нь 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авч болно. Хоршооны гишүүн малчин бүр 50 сая хүртэлх төгрөгийн зээл авч болно. Зээлийн хугацаа 3-5 жил, жилийн хүү 6 хувьтай байх юм. “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжин арилжааны 7 банк санхүүжилтийн ерөнхий гэрээнд гарын үсэг зурсан билээ. Мөн Зээлийн батлан даалтын сан хоршооны гишүүн малчны зээлд 80-100 хувийн баталгаа гаргах юм.

Энэхүү зээлийг өөрийн эх үүсвэрээс гаргах боломжтойгоо илэрхийлсэн арилжааны банкуудыг дурдвал:

 

  • Хаан банк
  • Төрийн банк
  • Худалдаа хөгжлийн банк
  • Голомт банк
  • Хас банк
  • Ариг банк
  • Богд банк орж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шоу хоршоог рэкламда(118.200.73.113) 2024 оны 05 сарын 10

ХОРШОО ГЭДЭГ СОНГУУЛИЙН ШОУ ЧНЬ УТГАА АЛДАЖ БНАА.КИНО ХИЙГЭЭД.АНХНЫ ХОРШОО Ч ГЭХ ШГ.АМЬДРАЛ ДЭЭР БОЛ БҮТЭХГҮЙ ГДГ НЭГДЭЛ ГЭЭД ТУРШИГДААД БҮТЭЛГҮЙТСЭН 22 САЯ МАЛТАЙ БАЙСАН.ОДОО МАЛ ХУВЬД ОДОО ЭЗЭН ӨӨРӨӨ МАЛАА ХАРИУЛДАГ БОЛООД 80 САЯ МАЛТАЙ БОЛСОН.ЭНЭ МӨНГӨ АМАЛСАН ШОУ БОЛ БҮТЭХГҮЙ ШҮҮ.

0  |  0
Top