Ирэх 2024 оны сонгуульд эмэгтэй гишүүдийн квотыг 35-40 хувьд хүргэнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 15

Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих чиглэлээр олон талт хамтын ажиллагааны үр дүнг тайлагнах хэвлэлийн бага хурал өнөөдөр /2022.11.15/ боллоо. Хуралд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Төрийн байгууллагын байнгын хорооны гишүүн Ц.Мөнхцэцэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний Ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мөнхзул нарын албаны хүмүүс оролцсон юм.

Жендэрийн асуудал жил бүр яригддаг боловч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа талаар албаныхан онцолж байв. Гэхдээ өнгөрөгч жилүүдэд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, жендэрийн тэгш байдлыг хангахад дуу хоолойгоо хүргэж ирсний үр дүнд УИХ-ын сонгуульд эмэгтэй гишүүд өмнөх үеүдээс олон буюу гишүүдийн 17.1 хувийг бүрдүүлж байгаа. Энэ тоог ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдийн квотыг 35-40 хувьд хүргэж, нэмэгдүүлэх зорилгоор өнөөдрөөс нөлөөллийн ажлыг хийж эхэлж байгаа талаар хуралд оролцогчид ярьж байв.

Т.ЭНХБАЯР: ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРД ГАРАХГҮЙ БАЙГАА БОДИТ ШАЛТГААНЫГ ТОДОРХОЙЛНО

Ажлын албаны дарга Т.Энхбаяр:

“-Дэлхийн Эдийн засгийн форумаас гаргадаг Жендэрийн хөгжлийн индексээрээ 2021 онд манай улс 159 орноос 69-р байрт, улс төрийн индексээрээ 116-т орж байна гэх тоо баримт байна. Үүнээс гадна 1992 оноос хойшхи УИХ-ын найман удаагийн сонгуульд 605 төлөөлөгч сонгогсдоноос давхардсан тоогоороо 64 эмэгтэй гишүүн сонгогдож байсан байна. 1992 онд сонгогдсон эмэгтэй гишүүдийн тоо 5.2 хувьтай байсан бол гучин жилийн дараа буюу 2022 онд 17.1 хувьтай болсон. Энэ тоо түүхэндээ байгаагүй өндөр дүн боловч дэлхийн дундаж болоод Ази, Номхон далайн бүсийн дунджаас 4-8 хувиар доогуур үзүүлэлт болж байгаа юм. Тиймээс бид өнөөдрийн хурлаараа дамжуулан парламент, ИТХ, орон нутагт шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгыг дэвшүүлж байна. Олон нийтийн дунд тогтсон жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгахад бүхий л түвшинд санал нэгдэх хэрэгтэй. Учир нь Монгол Улсын нийт сонгуулийн насны хүмүүсийн 50 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Гэтэл хүн амынхаа 50 хувь, хөдөлмөрийн насныхаа 50 хувь, сонгогчдынхоо 52 хувь байж тэдний төлөөлөл шийдвэр гаргах түвшинд 30-40 хувьтай байх ёстой. Энэ байдал жендэрийн хэвшмэл ойлголттой холбоотойгоор хөндөгддөггүй. Засгийн газрын 2024 хөтөлбөрт “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн бодит оролцоог дэмжинэ” гэх зорилт бий. Энэ хүрээнд иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээлэл, парламент, Засгийн газар, хувийн хэвшлийн түвшинд нийгэмд бодит үр дүн гаргах хамтын ажлыг зохион байгуулж байна” гэлээ.

Тэд энэ хүрээндээ “Монгол дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, гадаад орны туршлага”, “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөлөл” зэрэг тайлангуудыг танилцуулсан юм.

 

Ц.МӨНХЦЭЦЭГ: УЛС ТӨРИЙН НАМ ДАХЬ МӨНГӨНИЙ БОДЛОГЫГ ЗОХИЦУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛСАН

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн Ц.Мөнхцэцэг:

“-Монгол хүн ам цөөтэй, хөгжлийн нөөц боломж ихтэй улсад ордог. Тиймээс энэ бүгдэд иргэн бүр оролцох боломжтой гэж хардаг. Тэр дундаа хүн амын 51 хувийг бүрдүүлж буй эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль батлагдсан. Хууль хэрэгжээд 11 жил өнгөрсөн ч бодит биелэлээ олж чадаагүй олон зүйл заалт байна. Удирдах түвшинд эмэгтэйчүүдийн тоо маш бага байгаа. Энэ нь улс төрийн шийдвэрт Монгол Улсын хүн амын тэн хагасын үзэл бодол, эрх ашиг тусч чадахгүй байна гэсэн үг. Олон улсын улс төрийн байгууллагуудаас Монгол Улсад шийдвэр гарах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалттай биш байгаад зөвлөмж, шаардлагыг удаа дараа ирүүлдэг боловч зарим нэг хууль тогтоомжид эрхзүйн реформ хийж байж өөрчлөгдөх зүйлс байна. Тодруулбал, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Монгол Улсад 30 гаруй жил хэрэгжиж буй энэ хуулийн тодорхой зайлшгүй байх ёстой заалт буюу жендэрийн эрх тэгш байдлыг хангахтай холбоотой зүйлд өөрчлөлт оруулах ажлыг бид хийж байна. Монголын сонгууль асар мөнгөн дүнгээр, богино хугацаанд болж өнгөрдөг. Нэр дэвшигчийн бэл бэнчинд тулгуурлаж явагддаг гэж хэлж болно. Жендэрийн харилцаа хангагдаж чадахгүй байгаа нэг шалтгаан нь сонгууль дахь их мөнгөний асуудал юм. Тиймээс сонгууль дахь мөнгөний нөлөөг багасгах, шаардлагатай тохиолдолд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс нэмэлт санхүүжилт олгох, жендэрийн тэгш байдлыг хангаж буй намуудыг төрөөс дэмжих зэрэг заалтуудыг хуулийн төсөлд оруулж байгаа. Энэхүү пратикуудыг дэлхийн маш олон орон амжилттай хэрэгжүүлж байна. Үүнийг олон нийтэд сурталчлан танилцуулах ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтайгаа хамтран зохион байгуулна” гэж ярилаа.

Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг тун удахгүй УИХ-д өргөн барихаар бэлдэж байгаа ажээ. Энэхүү төслийг оруулж, батлуулснаар улс төрийн бохир мөнгөний асуудал шийдэгдэж, жендэрийн тэгш байдлыг хангахад түлхэц болно гэж үзэж байгаа гэнэ.

 

ИЛЕЙН КОНКИЕВИЧ: МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ УЛС ТӨРД СОНГОГДОХОД НҮБ БҮХ ТАЛААРАА ДЭМЖИНЭ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич:

“-Монголын эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд хүрч ажиллахад санхүүжилтийн эх үүсвэр хангалтгүй, цалин хөлсгүй, тэгш бус халамж асаргааны ажил үүрэг хүлээдэг, дэмжлэггүй хууль эрх зүйн орчин, мэргэжлийн ёсзүйн дабль стандартууд болон жендэрт суурилсан уламжлалт хэвшмэл ойлголтууд зэрэг нь тэгш боломж, нөхцөлийг бүрдүүлэхгүй байна. Цаашилбал, эмэгтэй улс төрчид хувийн болон мэргэжлийн амьдралдаа эрэгтэйчүүдээс илүү нийгмийн хяналтад өртөж, нэр хүнд, хувь хүнийхээ хувьд ихээхэн хохирол амсдаг хэвээр байна. Энэ нь илүү олон эмэгтэйг улс төрийн замналд ороход тээг болдог бэрхшээл юм. Тиймээс манай байгууллага монгол эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд хүрэхэд нь бүхий л талаар хамтран дэмжин ажиллахаа амлаж байна” хэмээн ярьсан юм.

 

НҮБ-ын дэвшүүлж буй энэхүү амлалтын хүрээнд Европын холбооны Төлөөлөгчийн газар, Францын Элчин сайдын яам, Швейцарын хөгжлийн агентлаг, Австралийн Элчин сайдын яам, Канадын Элчин сайдын яам, Азийн хөгжлийн банк, Монгол дахь НҮБ, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ хүүхдийн сан хамтран ажиллахаа илэрхийлээд байгаа ажээ.

 

Д.ЭНХЖАРГАЛ: УЛС ТӨРД БЭЛТГЭГДСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛЛЫН СҮЛЖЭЭТЭЙ БОЛСОН

“МОНФЕМНЕТ” үндэсний сүлжээний Ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал:

“-Өмнө нь эмэгтэйчүүдийг улс төрийн шийдвэрлэх албан тушаалд очиход туслах олон санал санаачлага дэвшигдэж байсан ч урт хугацааны насгүй байсан. Тиймээс бид урт хугацааны, эвлэлдэн нэгдэх ажил хийх ёстой гэх дүгнэлт дээр буусан. Хоёр жилийн өмнөөс “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ”-г бий болгоод одоогийн байдлаар 1316 гишүүнтэй, орон нутгийн 10 гаруй дугуйлантай, өргөн хүрээний ажлыг эхлүүлээд явж байна. Энэ бол нийслэл, орон нутгийг хамарсан хувь гишүүдээс бүрдсэн нэгдэл юм. Өмнө нь улс төр, байгууллагын албан тушаалтай хүмүүсийг татан оролцуулдаг байсан бол энэ жилээс улс төрд орох сонирхолтой, шийдвэрлэх түвшинд ажиллах хүсэлтэй эмэгтэйчүүдээс бүрдсэн өргөн платформ болж өргөжиж байна. Энэхүү сүлжээ нь нэг талаасаа эмэгтэйчүүд өөрсдийгөө төлөөлж, улс төрийн үйл ажиллагаанд оролцох ёстой гэх ухамсар, мэдлэг, соёлыг түгээж буй хэлбэр. Нөгөөтэйгүүр, эмэгтэйчүүдийг улс төрд нэр дэвшүүлэх цаг нь ирэхэд бэлтгэгдсэн боловсон хүчин бий болсон байна гэж харж байгаа. Одоо 1300 гаруй эмэгтэй улс төрд бэлтгэгдээд байна гэж ойлгож болно. Эдгээр эмэгтэйг 2 бүлэг болгон хуваагаад дөрвөн удаагийн цогц сургалтаар бэлтгэсэн. Одоо ч маш идэвхтэй дугуйлан, сургалт, чуулганууд үргэлжилж байна. Эмэгтэйчүүд өөрсдийгөө том хүч гэдгээ мэдрэх ёстой. Бидний зүгээс Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг тэсэн ядан хүлээж байна.

 

 

Б.МӨНХЗУЛ: МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 33 ХУВЬ НЬ Л БИЗНЕС ЭРХЭЛЖ БАЙНА

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мөнхзул:

“-Манай зөвлөл МҮХАҮТ-ийн гишүүн байгууллагуудын 1000 гаруй эмэгтэй захирлуудаас бүрдсэн, 21 аймагт салбар нэгжтэй байгууллага. Монгол эмэгтэйчүүд хүн амын талаас илүү хувийг бүрдүүлдэг атлаа бизнесийн салбарт 33 хувийг бүрдүүлдэг.  Тэдний ихэнх нь худалдаа үйлчилгээ, боловсролын салбарт бизнес эрхэлж байна. Үйлчилгээний салбарыг эмэгтэйчүүд бараг дангаараа үүрч явдаг. Эмэгтэйчүүд ачааны хамгийн хүндийг үүрч чадах чадвартай атлаа шийдвэр гаргах түвшинд ажиллаж чадахгүй байна. Та бүхний мэдэж байгаачлан 21 аймгийн түүхэнд анх удаагаа энэ онд Ховд аймаг эмэгтэй Засаг даргатай боллоо. Хүмүүс их шүүмжиллээ. Олон нийтийн тэр хар пи-ар чинь эмэгтэйчүүдийг шийдвэрлэх түвшинд ажиллахад саад бэрхшээл болж байна. Гэтэл хөгжлийн төвшнөөрөө дэлхийд цойлдог Скандинавын улс орнуудын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо 53 хувьтай байдаг. Хамгийн наад захын жишээ Германы канцлер Меркель байна. Түүнийг шийдвэр гаргах түвшинд сонгож ажиллуулснаараа Герман улсын хөгжил дэвшилд өөрчлөлт орсон гэж хардаг. Иймээс эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд оролцоогоо нэмэгдүүлвэл улс орны хөгжилд ч хүч болно гэж бодож байна” гэв.

 

Г.ГҮНЖИДМАА: ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН МАНЛАЙЛЛЫГ БИЙ БОЛГОНО

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа:

“-Монгол Улсын хөгжлийг урагшлуулахад жендэрийн эрх тэгш байдлыг хангах ёстой талаар дээрх хүмүүс ярьж байна. Үүнд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо нэн чухал байдаг. Олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлж, дэмжлэг авахын тулд хэвлэл мэдээллийн оролцоо зайлшгүй чухал учраас бидний зүгээс хэвлэл мэдээллийн манлайллыг бий болгох ажлыг зохион байгуулахаар болсон. Хэвлэл мэдээллийн ёсзүйн кодын 3-р зүйлд хэнийг ялгаварлан гадуурхахгүй байх, хэвшмэл ойлголтыг халах талаар тодорхой заасан байдаг. Өнөөдөр манай улсад 500 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагад, 3000 гаруй сэтгүүлч, уран бүтээлчид ажиллаж байна. Тэд маань хэдийгээр ёсзүйн дүрмээ баримталж ажилладаг ч тоо баримтаас харахад хангалттай хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй байна. Тэр дундаа хэвлэл мэдээллийн улс төрийн мэдээллийн агууллага тал дээр алдаа дутагдал гарч байна. Тухайлбал, арван мэдээллийн ес нь эрэгтэй улс төрчийн тухай байдаг бол зөвхөн нэг нь л эмэгтэй гишүүнтэй холбоотой байна гэсэн үг. Тиймээс бид “Мэдрэмжтэй мэдээлэе” нэгдлийг байгуулж, 500 гаруй сэтгүүлчид, 10 гаруй мэдээллийн редакцид сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна. Сэтгүүлчийн гаргаж буй энэхүү алдаа нь санаатай гэхээс илүүтэйгээр санамсаргүй байдлаар буюу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд бага байгаатай холбоотойгоор гардаг алдаа байх юм. Тиймээс бид шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх ажилд бидний зүгээс зайлшгүй оролцох ёстой гэж бодсон учраас төсөлд хамтран ажиллаж байна” хэмээн ярилаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.115) 2025 оны 03 сарын 13

Монгол хүүхнүүд бол гадаадын харчуулыг дагаж дүрвээд улс орон эзэнгүйрч монгол үндэстэн устах болно. Хүүхнүүдийг эрх мэдлээс хол байлгавал таарна.

1  |  0
Top