Саншиндуй туурь: Хятадын нууцлаг эзэнт гүрний оньсыг тайлна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 24

Хятадын археологичид тус улсын баруун өмнөд Сычуан мужид эртний эд өлгийн эрдэнэсийн сан олж, түүхийн албан ёсны эх сурвалжид бичигдээгүй 3000 жилийн өмнөх үеийн соёл иргэншлийн нууцыг тайлах түлхүүр хэмээн итгэж байна. 

Хосгүй олдворыг Саншиндуй археологийн олдворт газар дахь зургаан өргөл, тахилын хэсэгт илрүүлжээ. Хосгүй олдворууд дундаас ногоон хаш чулуу бүхий хүрэл хайрцаг эрдэмтдийн анхаарлыг татаж байна. Лууны толгойн дүрс бүхий дөрвөн бариултай хайрцгийг торгоор бүрсэн байх ба өргөл болгон ашигласан байх магадлалтай гэж судлаачид таамаглаж байна. Гэхдээ эл олдвор нь яг юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй байна гэж Синьхуа агентлаг мэдээлжээ. 

Археологичдын багийн ахлагч Сычуаний их сургуулийн профессор Ли Хайчао эл олдворуудыг гайхамшиг хэмээн нэрлэжээ. Тэрбээр урьд өмнө ийм төрлийн олдвор гарч байгаагүй. Энэ бол хосгүй нээлт хэмээн Синьхуа агентлагт ярьжээ. 

Хэдийгээр энэ хайрцгийг ямар зориулалтаар ашиглаж байсныг мэдэхгүй ч эртний хүмүүсийн хувьд чухал зүйл байсан гэж үзэж байна. Эл нууцлаг хайрцаг нь Саншиндуй археологийн олдворт газраас олдсон 13 мянга гаруй эд зүйлсийн нэг юм. Олдворуудын 25 орчим хувь нь бараг бүрэн бүтнээрээ сайн хадгалагдан үлджээ. Нийт 1238 хүрэл, 543 алтан, 565 хаш чулуун эд зүйлс илрүүлсэн байна. 

31 кв км талбай бүхий Саншиндуй археологийн олдворт газар нь ХХ зууны археологийн онцгой нээлт гэгддэг. Анх 1920-иод оны сүүлээр нэгэн тариачин шуудуу ухаж байхдаа 400 гаруй хаш эд зүйлс олсноор нууцлаг өнгөрсөн үе рүү хийх гэнэтийн бэлгээр дүүрэн аялал эхэлжээ. Саншиндуй нь 4500 оны өмнө цэцэглэж байсан Шу Хань улсын төвд оршиж байсан гэж үздэг ч судлаачид энэ улсын түүхийн талаар бичиж үлдээсэн баримт өнөөг хүртэл олоогүй байгаа юм. 1980-аад онд археологичид 1700 эд өлгийн зүйлс бүхий хоёр тахилын хэсэг илрүүлснээр судалгааны ажилд үсрэлт гарчээ. Үүнээс хойш 2019 он хүртэл малтлагын ажлыг түр зогсоосон байна. 2020-2022 оны хооронд эл туурьд зургаан шинэ хэсэг нээжээ. 

Хамгийн сүүлд илрүүлсэн олдворуудаас эрдэмтэд олон тооны хүний болон амьтдын баримал бүхий тахилын хүрэл ширээг мөн онцолж байна. Үүнээс гадна хүн толгойтой, гахайн хамартай, могойн биетэй лууны хүрэл баримал олджээ. Олдворууд нь тухайн үед амьдарч байсан хүмүүсийн уран сэтгэмжээр бий болгосон нууцлаг ертөнцийг илэрхийлж байна гэж Бээжингийн их сургуулийн дэд профессор Жао Хао онцолжээ. 

Саншиндуй түүхэн дурсгалт газарт судлаачид мөн шар үхэр, бодон гахайн араг яс олсон нь эдгээр амьтдаар тахил өргөж байсан гэж таамаглаж байна. 

Эдгээр эд өлгийн зүйлсийг бүтээсэн нийгмийн хувь заяа өнөө хэр оньсого хэвээр. Зарим эрдэмтэд 3000 жилийн өмнө тус газар болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нууцлаг улсын иргэд эртний Жиньша хот руу нүүсэн гэж үздэг юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baynas(66.181.160.81) 2022 оны 06 сарын 27

Uu huurhii nuutsan baisan olood gargaad irjee uwgudiin bulsh buhniig nuutsan baisiim uul ni

0  |  0
Top