ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 21

Өнөөдөр 2021.04.21.  Энэ жилийн 111 дэх өдөр ба он дуустал 254 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань нар 05 цаг 53 минутад мандаж, 19 цаг 49 минутад жаргана.

Улаанбаатар хотод 19 хэмийн дулаан, үүлэрхэг. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Захиргааны ажилтны олон улсын өдөр, Бүтээлч сэтгэлгээ, инновацын дэлхийн өдөр тохиож байгаа бол Их Британи Үндэсний цайны өдөр, Итали Ром хот үүсгэн байгуулагдсан өдөр, Кени Мод тарих өдөр, Герман Хүүхдийн цэцэрлэгийн өдөр, Вьетнам Номын баяр, Энэтхэг Төрийн албаны өдөр, Пакистан Нарийн бичгийн дарга нарын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр унадаг дугуй зохион бүтээсэн Английн зохион бүтээгч Жеймс Старли, Их Британийн хатан хаан II Элизабет, Холливудын жүжигчин, загвар өмсөгч Энди Макдауэлл, “Nightwish” хамтлагийн бөмбөрчин Юкка Невалайнен, Германы хөлбөмбөгч Митчелл Вайзер нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин өчүүхэн ирнэ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

-2013 онд Африкийн Нигер улсад нөхрийнхөө хүчирхийлэлд байсан гэх Монгол Улсын иргэн С.Энхмаа хоёр хүүхдийн хамт эх орондоо иржээ.

-2015 оны энэ өдөр микроавтобусны үйлчилгээ эрхлэгчид буюу Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны гишүүд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, нийслэлийн Засаг дарга нараас шинэ микроавтобус авч өгөхийг шаардаж, жагсаал зохион байгуулж байв.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:

-1519 онд Мексикийн эрэг дээр Испанийн элзэн түрэмгийлэгч Эрнэн Кортес анх хөл тавьж байжээ.

-1526 оны энэ өдөр Могулын хаан Бабур Панипатын анхны тулаанд Ибрахим шах Лодигийн цэргүүдийг ялав.

-1944 онд Францын эмэгтэйчүүд сонгуульд оролцох эрхтэй болжээ.

-1989 онд Бээжин хотын төв Тянаньмэний талбай дээр 100 мянга орчим оюутан залуус цугларч, Хятадын шинэчлэлийн удирдагч Хү Яаобангийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байв.

-2019 оны энэ өдөр Шри Ланк улсын сүм, зочид буудал зэрэг олон нийтийн газруудад найман бөмбөг дэлбэрсний улмаас 250 гаруй хүн амиа алдав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top