Ижил тавилан туулж буй МОНГОЛ ба МАЛИ

Б.Болорсүх | Zindaa.mn
2021 оны 02 сарын 21

Тийм ээ, уншигч та буруу сонсоогүй. “Ройтерс” болон уул уурхайн талаар дагнан бичдэг гаднын хэд, хэдэн цахим хуудас африкийн Мали улсыг, азийн Монголтой адилтгажээ. Хоёулаа уул уурхайгаас хараат, хоёулаа хөдөлгөдөг хэдэн төслөө улс төрийн өнгө будгаас салгадаггүй, бас дээрээс нь хэрэгжүүлдэг хэдэн төсөл нь бүгд маргаантай. Энэ хоёр улс хоёулаа эдийн засгийг нь хөдөлгөдөг уул уурхайн төсөлдөө салхи оруулах эрмэлзэлтэй байгаа. Уул уурхай дээр түшиглэсэн ч хөгжил гээчийн бараа хараагүй энэ хоёр улсыг чухам юугаар адилтгасныг уншигч танд хүргэе.


 

Монголд юу болов

 

Чухам юу болсныг уншигч та мэдэж байгаа. “Рио Тинто” компани “Оюу Толгой” төслийн хамгийн том бүтээн байгуулалт гэгдэх далд уурхайн бүтээн байгуулалтыг хойшлуулаад, хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн. Танил болсон маргаанаас ердөө хэдхэн тоо дурдахад далд уурхай 2022 оны аравдугаар сард анхны олборлолтоо эхлүүлэх бөгөөд энэ хүртэлх бүтээн байгуулалтын зардал 6.75 тэрбум ам.доллар байна гэж “Рио Тинто” компани мэдэгдэлдээ дурдсан.

 

Өөрөөр хэлбэл бүтээн байгуулалтын зардал 2015 онд Дубай хотод төлөвлөж байснаас 1.4 тэрбум ам.доллароор өссөн гэсэн үг. Геологийн нөхцөл байдлаас үүдсэн гэж тайлбарладаг чухам энэ шалтгаанаас болж хөрөнгө оруулагч талууд хоорондоо ч, Монгол Улсын Засгийн газартай ч маргаан үүсгээд явж байгаа. “Туркойз Хилл Ресурс” болохоор чухам энэ асуудал дээр алдаа гарсан байж магадгүй гэж үзэн Канадын Арбитрын шүүхээр маргаанаа дэнслүүлэхээр хандсан. Цар тахлын нөхцөл байдал, геологийн давагдашгүй хүчин зүйл ашиглалтад орох хугацааг ч, хөрөнгө оруулалтын зардлыг ч нэмэгдүүлэх эрсдэлтэй гэдгийг маргаантай байгаа “Рио Тинто” ажигч үгүй мэдэгдээд удаагүй байна. Чухам энэ цаг үетэй зэрэгцэн Монгол Улсын Засгийн газар өөрчлөгдөж, шинэ Засгийн газар “Рио Тинто”-той хэлэлцээрийн ширээний ард суугаад асуудлаа хэлэлцээд амжсан. “Рио Тинто”-той хэлэлцээрийн ширээний ард суухаас бүр өмнө “Туркойз Хилл Ресурс”, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “Эрдэнэс Оюу Толгой” компани зардал нэмэгдэж, хугацаа хойшлуулсан асуудлыг хянаж, хэлэлцэх ажлын хэсэг байгуулсан тухай уул уурхайн портал хуудас Mining.com мэдээлж байв. Хөрөнгө оруулагч талууд бүтээн байгуулалтын зардал босгох дээр маргалдаж байгаа бол манайхан бүтээн байгуулалтын зардал өндөр байхаас үл хамааран гагц ашигтай байх асуудлыг л хөндөн тавьж байгаа. Манайхан “Дубайн гэрээ” гэж тодотгодог далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг дахин шинэчлэх асуудлыг хөндөж байгаа бол “Рио Тинто”-гийн гол хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” шаардлагатай бол 2015 онд байгуулсан гэрээг дахин харах, зүйл заалтыг нь өөрчлөх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа. Чухамхүү энэ л гэрээ анхнаасаа мордохын хазгай гэгч болж Засгийн газар нь хууль зөрчсөн болж таарсан. Мөнхүү “Туркойз Хилл Ресурс” ч хөрөнгө оруулалтын нэмэлт санхүүжилт босгоход ачааны хүндийг үүрэхээр байгаа. Цаг хугацаа, учир шалтгааны хувьд гайхалтай давхцаж буй энэ цагт гэрээгээ чамбайруулах боломж ирсэн гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар байна. “Оюу Толгой” төслийн асуудал үүгээр дуусахгүй. Олон улсын шүүх дээр татварын маргааныг дэнсэлж байгаа. Үүнээс нь харвал “Рио Тинто” компани хоёр фронтод зэрэг дайтаж байгаа гэж ойлгож болно. Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Татварын ерөнхий газраас “Оюу Толгой” ХХК-д 2016-2018 оны санхүүжигийн жилүүдийг хамруулсан хяналт шалгалт хийжээ. Улмаар 649.4 тэрбум төгөргийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулж, ирээдүйд шилжүүлэх алдагдлын нийт дүнг 3.4 их наяд төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэсэн акт гаргасан юм. “Рио Тинто” компанийн гаргасан мэдэгдлээс харвал 2016-2018 оны хугацаанд нийт 752 сая ам.долларын татвар төлсөн байна. Харин Татварын ерөнхий газрын шалгалтаар дээрх мөнгөн дүн дээр нэмж 228 сая ам.долларыг нэхэмжилсэн гэсэн үг. Нэмж сануулахад 2013-2015 оны санхүүгийн жилийн тайланд үндэслэн хяналт шалгалт хийхэд мөн л зөрчилтэй гэж үзэн 150 сая ам.долларын татварын акт тавьсан юм. Оны өмнөхөн тавьсан татварын 228 сая ам.долларын нэмэлт актыг 2013-2015 оны ижил маргаантай хамтатган Лондонгийн арбитрын шүүхэд нэгтгэн шийдүүлэх хүсэлтээ илэрхийлжээ. Ингэснээр хөрөнгө оруулагч талтай хийх татварын маргаан улам нэмэгдсэн гэж дүгнэж болно. Харин хэлэлцэрийн ширээний ард суухын тухайтад Монгол Улсын Засгийн газар өөдрөгөөр харж байгаа. Өөдрөг байхын тулд чамгүй бэлдэж байгааг албаны хүмүүс ч хэлж байна. “Хэлэлцээ эрчимтэй үргэлжлэх байх. Засгийн газар хэлэлцээнд бэлдэх зорилгоор санхүү, техник, хууль зүйн чиглэлээр мэргэшсэн зөвлөхүүдийг авч ажиллаж байгаа. Америкийн "Акин Гамп" хуулийн фирм, геологи, усны нөөцийн чиглэлээр Германы "Фихтнер" зөвлөх компанитай ажиллахаар болж байна. Ямар ч хэлэлцээг сайн хийхийн тулд сайн бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэж  ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга Б.Солонгоо ярьжээ.

Ямартаа ч байдал ийм байна. Нэг талдаа “Дубайн гэрээ”-г шинэчлэн ирээдүйд олох өгөөжөө нэмэгдүүлэх хүсэлтэй Засгийн газар, нөгөө талд далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг босгох асуудлаар ижилхэн ачаа үүрэх хүсэлтэй хөрөнгө оруулагч тал. Магадгүй бидний хүсээд байгаа гэрээг шинэчлэл шийдэгдэх ч нөхцөл байдал байна. Үүнээс гадна “Туркойз Хилл Ресурс” хэрэгжүүлж буй “Оюу Толгой” төслийн татварын маргаан дуусаагүй байхад нэмж татварын акт тавьсанд дурамжхан хандаж байгаа. Тиймээс шийдэгдээгүй маргаан дээрээ нэмж сүүлийн татварын актыг оролцуулан Лондонгийн шүүхээр дэнслүүлэх хүсэлтээ илэрхийлжээ.

 

Малид юу болов

 

Баруун Африкийн Мали улс яг л бидэнтэй адилхан. Мөн л Канадын компанитай үүсгэсэн маргаанаа өөрсдөд ашигтайгаар шийдвэрлүүлэхээ хүлээж буй. Канадын “Баррик Голд” компанитай алтны уурхайн татварын асуудлаа шийдүүлэх гэж бүтэн 15 жилийг үдээд буй. Мали улсын Засгийн газар шаардлага тавих бүрд Канадын тал төслөө зогсоох, энэ хугацаанд гарсан зардлуудаа Малигийн Засгийн газраас нэхэмжлэх тухай ярьдаг тул дотоод асуудлаа шийдэж ядан байгаа энэ улс аргагүй бууж өгсөөр өдийг хүрчээ. Харин “Баррик Голд” компанийн мэдээллээр 2020 оны ноогдол ашиг болгож 240 сая ам.долларыг Малигийн Засгийн газарт олгоно гэж мэдэгдсэн. Лоуло-Гоункотогийн алтны уурхайн цогцолбор нь хөрш орнуудын нөхцөл байдлаас шалтгаалан баруун африкийн тэргүүлэх алтны уурхайн нэг болжээ. Гэсэн ч татвар, ногдол ашгийн тухай маргаан дуусалгүй өдийтэй золгосон юм. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд ногдол ашиг олигтой өгөөгүй гэж үзэн Малигийн Засгийн газар олон улсаар маргаанаа шийдүүлэх хүсэлтэй ч “Баррик Голд” компани ямар нэгэн хариу хэлээгүй байна. Дээр дурдсан 240 сая ам.долларын ногдол ашиг бол ердөө нэг жилийн л асуудал харин үлдсэн 14 жилийн асуудлыг шийдвэрлэх тал дээр тус компани ямар ч хариу хэлээгүй. Малигийн асуудал үүгээр дуусахгүй. Австралийн “Ресолют” компанитай хамтран хэрэгжүүлдэг “Сяама” алтны уурхайн татварын асуудал бий. Өнгөрсөн жил тус улсын Арбитрын ерөнхий газар 2008 оноос хойш гэж тооцон ногдол ашиг төлөхийг шаардсан. Харин Австралийн компани тодорхой хариу илгээлгүй өдийг хүрчээ.

“Бид хүссэндээ хүрэх авах ёстой ногдол ашигаа авахад маш урт хугацаа зарцуулах нь тодорхой. Гэхдээ тууштай байх хэрэгтэй. Бид олон жил гаднын хөрөнгө оруулагчдын амыг харсан ч тодорхой үр дүнд хүрсэнгүй. Ямарваа нэгэн гэрээ аль, аль талдаа ашигтай байх ёстой. Хувьцаа эзэмшдэг л бол ногдол ашиг тараах үүрэгтэй. Бид энэ үүргийг нь хэрэгжүүлэхийг шаардаж байгаа юм” гэж Мали улсын Уул уурхайн танхимын ерөнхийлөгч Абдулае Пона ярьжээ.

Цар тахлаас шалтгаалан алтны гарц буурч, нийлүүлэлт саарсан нь Мали улсын эдийн засагт хүнд тусах болоод байна. Дээрээс нь ногдол ашиг тараах эсэх маргаанаас шалтгаалан дээр дурдсан алтны уурхайн хэвийн үйл ажиллагаа саатсан юм. Гэвч хэлэлцээрийн ширээний ард суусан нь үр дүнд хүрч тасалдсан үйл ажиллагаа сэргээд удаагүй байна. Мали улсын Засгийн газар Нидерландын компанитай хамтран ногдол ашиг олгох эсэх маргааныг эцэслэхээр болжээ. Нидерландын талаас Канад болон Австралийн компаниуд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул нэмэлт акт тавьих боломжтой гэж дүгнээд байна. Чухамдаа энэ асуудал дээр Канадын компани ч, Австралийн компани ч ямар нэг тодорхой байр суурь илэрхийлээгүй. Асуудал шийдэгдээгүй байгаатай зэрэгцэн өөр нэг асуудал босож ирсэн нь өмнөх Засгийн газрын нэр бүхий сайд нар, парламентын гишүүд дээрх хоёр төслийг хэрэгжүүлэхэд хахууль авсан байж болзошгүй тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Малигийн Засгийн газар ч, Канад, Австралийн нэр бүхий компани ч энэ асуудал дээр байр суурь илэрхийлээгүй. Хэрэв энэ нь батлагдвал асуудал ногдол ашиг авах, эсвэл авахгүй тухай маргаан биш илүү том маргаан болж хувирах юм. Мали улсад эрх мэдлийн шилжилт хийгдээд удаагүй байна. Тус улсын одоогийн Ерөнхийлөгч Бах Ндау өнгөрсөн есдүгээр сард тангараг өргөсөн. Цэргийн офицер тэрээр магадгүй энэ асуудлыг өрсөлдөгчдөө намнах хэрэгсэл болгож ч мэднэ. Жишин зүйрлэхэд жигшин зэвүүцдэг африкийн улстай хувь заяаны шоглоомоор яг ижилхэн тавиланг туулж байна. Гэхдээ асуудал бидний хувьд илүү нааштай байгаа. Улс төрийн талцал хуваагдал багатай, ардчилсан чиг баримжаатай, асуудалд арай ухаалгаар ханддаг, хөрөнгө оруулагч тал ч хоорондоо толхилцож байгаа зэрэг нь гэрээгээ шинэчлэх, маргаанаа шийдвэрлэх боломжийг манай талд илүү олгож байна. Харин Малигийн хувьд байдал арай хэцүү. Улс төрийн гэхээсээ шашнаараа хуваагдсан улс төрийн маргаан, асуудлыг шийдэхэд хойрго ханддаг хөрөнгө оруулагчид, авлига, хээл хахуулийн гинжин хэлхээ зэрэг нь одоо үүсээд байгаа асуудлыг шийдэхэд маш том саад учруулж буй. Ямар ч байсан урагш ахиж өгдөггүй төсөл хөтөлбөрөө шийдвэрлэхэд Мали ч, Монгол ч алхам хийж. Түүнийг нь гаднын хэвлэл адилтгаад мэдээлж. Чухамхүү асуудал яаж шийдэгдэх бол...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(49.0.142.49) 2021 оны 02 сарын 23

Ах аа энд чинь 22-ын их өр гарах алга даа, тэгээд бас болоогүй шударга гээд их онголзноо, Ройтер энэ л янзаар бөөлжнөө. Ройтерыг, бичигчийг Рио санхүүжүүлдэг гэсэн үнэн үү?.

1  |  0
Зочин(203.91.115.51) 2021 оны 02 сарын 23

Төрийн 3 өндөрлөг УИХ ын гишүүд өнгөрсөн 30 жилд гадна дотныхоны оролцоотой ямар хууль оруулж ирж баталж явснаа эргээд харахад ямар байна даа.Өнөөдөр ч Монголд Хятадын хар хайрцагны бодлого ил далд үйлчилж байгаа нь нууц биш.Одоо та бид нар Африкийг муулаад байх хэрэггүй боллоо..

1  |  0
zochin(202.179.25.181) 2021 оны 02 сарын 21

setgegdel yaachivaa???

0  |  0
zochin(202.179.25.181) 2021 оны 02 сарын 21

setgegdel yaachivaa???

0  |  0
zochin(202.179.25.181) 2021 оны 02 сарын 23

gereegee oorchilj saijruulaad ,ordoo aschiglaad yvach n zuitei., bid nar buur ich bolgoomjloch estoi. , ter Chytad uls mon tuunii taaj taavarlaschgui bodlogoos !!!, ( baina uu! ?, sonsoj baina uu !? ) MONGOL ULS! ??

1  |  0
зочин(202.126.90.86) 2021 оны 02 сарын 23

Оюутолгойг хаа!! Риог хөөж явуул!!! Авилга авсан эх орноо худалдсан хулгайч нарын бүх хөрөнгийг хурааж бүх насаар нь шоронд хатаа!! Хэрэв төр чаддаггүй юм бол ард түмэн босож хөөж явуулах болно!!! Оюутолгой битгий хэл уурхайгүй бхдаа бид хүний зэрэгтэй амьдарч явсан улс шүү!!!

1  |  0
Үнэн(202.9.40.146) 2021 оны 02 сарын 23

Ардчилал ярьсан хэдэн хулгайчуудыг бүгдийг барьж хорих хэрэгтэй дээ. Тэгж л шударга ёс тогтоно шүү дээ.

2  |  0
зочин(66.181.186.201) 2021 оны 02 сарын 21

Энэ хорвоод ижил зүйл гэж нэг ч юм. байхгүй.\nИжил. юм гэдэг үхмэл зүйл .

0  |  0
Монгол(202.179.27.171) 2021 оны 02 сарын 21

Үхэр монголчууд африкруу цагаачилж хэрсүү монголчууд эх орноо хөгжүүлбэл яасан юм бэ? гэж....

0  |  0
Top