Нийслэлийн өмхий үнэрийг долоон тэрбумаар 10 дахин бууруулна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 10

Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжид лагийг тогтворжуулах, халдваргүйжүүлэх ажиллагаа хийгддэггүй бөгөөд түүхий лагийг зөвхөн байгалийн аргаар 3-4 жилийн хугацаанд усгүйжүүлдэг байна. Үүнээс болж орчинд эвгүй үнэр ихээр тархаж, лагийг хүрээлэн буй орчинд ил задгай хаяж байгаа нь аюултай орчныг бүрдүүлж байгаа. Иймд байгалийн аргаар ил задгай талбайд лагийг усгүйжүүлэн хатаах аргыг халж лагийг усгүйжүүлэх технологи дамжлагыг нэмж, “Лаг усгүйжүүлэх байгууламж”-ийг шинээр барьж, өчигдөр /2019.09.09/ ашиглалтад орууллаа.

Лаг усгүйжүүлэх байгууламж нь лаг цуглуулах сан, лаг шахах насосууд, химийн бодис найруулах, туналах төхөөрөмжүүд, лаг усгүйжүүлэх центрфугийн төхөөрөмж, усгүйжүүлсэн лаг цуглуулах шурган дамжуулагч, цуглуулах бункер, ус нөөцлөх сан, цэвэрлэгээний вакум насос, агаар үлээгч, үнэрийг халдваргүйжүүлэх агааржуулалтын систем, хорт хийнээс сэргийлэх дохиоллын систем, хяналт удирдлагын систем зэргээс бүрджээ.  Хоногт 2500 м3 лаг хүлээн авч усгүйжүүлэх хүчин чадалтай. Лаг усгүйжүүлэгч центрфугийн ажиллах зарчим нь төвөөс зугтах хүчний үйлчлэлийг ашиглан лагийг усгүйжүүлдэг. Нэг минутад 1000-4000 удаа эргэлдэж ус лагийг тус тусад ялган гаргах зарчмаар ажилладаг байна.

Хоногт 2500 м3 лаг хүлээн авч усгүйжүүлэх хүчин чадалтай. Лаг усгүйжүүлэгч центрфугийн ажиллах зарчим нь төвөөс зугтах хүчний үйлчлэлийг ашиглан лагийг усгүйжүүлдэг. Нэг минутад 1000-4000 удаа эргэлдэж ус лагийг тус тусад ялган гаргах зарчмаар ажилладаг байна.

Байгууламжид ирэх илүүдэл лагийн чийглэгийн хэмжээ 99 хувь, түүхий лагийн чийглэгийн хэмжээ 94-96 хувь бөгөөд дээрх хоёр төрлийн лагийг усгүйжүүлсний дараа 70 хувь хүртэл чийглэгтэй болгож, илүүдэл лагийн хэмжээ 50 дахин, түүхий лагийн хэмжээг 5-8 дахин, үнэрийг мөн төдий хэмжээгээр бууруулах нөхцөлийг бүрдүүлснээр нийслэлийн иргэдийн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэнэ гэж Барилга,хот, байгуулалтын сайд Х.Баделхан ярьж байлаа.

Мөн тэрбээр “Нийслэлийн төв цэвэрлэх байгууламж өдөрт төвөөс ирсэн 2500 м3 лагт цэвэрлэгээ хийж шингэлэхгүйгээр шууд гадаа асгаж байгалийн аргаар хатаадаг байхад маш их үнэр гардаг байсан. Өнөөдөр лаг усгүйжүүлэх тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулснаар ус, лаг хоёрыг салгана. Энэ нь гарч байгаа лагны хэмжээг тав дахин бууруулж байгаа. Төв цэвэрлэх байгууламжид ирж байгаа лаг гарахдаа хагас хуурай шавар шиг болж үнэрийн хэмжээ нь 10 дахин буурна. Ингээд боловсруулсан лагаа эхний ээлжид булна. Аюултай хаягдлыг Багануур дүүрэгт, төв цэвэрлэх байгууламжаас гарсан хур лагийг нийслэлд булна. Цаашдаа шатаах тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулна. Энэхүү лаг усгүйжүүлэх байгууламж нь долоон тэрбум төгрөгийн Улсын төсвийн хөрөнгөөр бүтсэн” хэмээн хэллээ.

Барилга, хот, байгуулалтын яам нь анх удаагаа Лаг усгүйжүүлэх байгууламжийг барьж, Улаанбаатар хотын захиргаа, УСУГ-т хүлээлгэн өгсөн нь энэ юм.

ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ 2023 ОНД АШИГЛАЛТАД ОРНО

Мөн энэ үеэр бид нийслэлийн Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн ажлын явцтай танилцав. Төв Цэвэрлэх байгууламж нь нийт 40 га талбайд баригдах бөгөөд нийт талбайн 24.7 га талбай буюу 62 хувьд нь төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай барилга байгууламжийг барих юм. Үүнээс гадна авто зам, явган хүний зам талбай, ногоон байгууламжийг байгуулахаар төлөвлөжээ. Төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын төслийн удирдагч Т.Болорчулуун "Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн ажлын суурин бэлтгэл ажлууд эхэлсэн. Одоогоор биологи цэвэрлэгээний суурин ажил хийгдэж байна. Нийт 40 га газар талбайд төслийн ажил явагдана. Цутгалтыг хийхдээ зөвхөн Монгол компаниудаас бетон зуурмагаа явна. Төслийн ажлын талбайн хажууд буй Мянганы сорилтын сангийн ус дахин боловсруулах үйлдвэрийн талбайтай ажлаа уялдуулж ажиллаж байгаа. Зургийн асуудал дээр хэдэн өөрчлөлт гарсан нь бэлтгэл ажлыг жоохон удаашралттай явуулж байсан ч одоо барилгын ажил хэвийн явагдаж байна. Бид суурин цутгалтыг ирэх долоо хоногоос эхэлнэ. Цэвэрлэх байгууламжийн бетон цутгалтын ажлыг энэ намартаа багтаан хийж дуусгана. Энэхүү шинэ цэвэрлэх байгууламж нь 2023 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн учраас ажил хуга­цаандаа дуусгахын тулд шахуу байдлаар ажиллаж байна" гэлээ.

Одоогоор цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын талбайн бэлтгэл ажлыг хангаж түр ажилчдын байр, хашаа, цамхагт краныг байршуулан, биологи цэвэрлэгээний байгууламжийн суурийн газар шорооны ажил, бетон зуурмагийн узель угсрах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байв.

Төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын төслийн инженер Х.Батболд "Усан байгууламжийн ажил технологийн хувьд нэлээд хүнд. Тийм учраас бэлтгэл ажил нэлээд хангагдсан байх ёстой. Бид одоо шалны цутгалтаа хийх гээд 120 метр кубийн хоёр зуурмагийн үйлдвэрийн төхөөрөмж суурилуулсан байна. Талбай дээр өнөөдрөөс элс, хайргаа буулгаж эхэлсэн. Ирэх долоо хоногоос бид туршилтын зуурмагаа зуурч эхэлнэ" гэсэн. 

267 сая ам.доллароор бүтэх шинэ цэвэрлэх байгууламж нь хаягдал лагийг усгүйжүүлэн хатааж, цэвэрлэгээний процессоос ялгарах үнэрийг агааржуулалтын системээр цуглуулан цэвэрлэж, цэвэрлэх байгууламжийн технологи үйл ажиллагааг бүхэлд нь хянаж удирдах ухаалаг скада системээр тоноглох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top