Сонсголонгийн шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 08

Сүүлийн жилүүдэд хэрэгжиж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдийн нэг Сонсголонгийн хуучин гүүртэй зэрэгцээ Туул гол дээгүүр шинээр барьж байгаа хоёр эгнээ, 289.4 у/м гүүрний барилгын ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг нээлээ.

Шинэ гүүрний замын хөдөлгөөнийг наадмын өмнө нээснээр хөдөлгөөний эрчим ихтэй наадмын өдрүүдэд шинэ, хуучин хоёр гүүрээр наадамчин олноо зорчуулах нөхцөлийг бүрдүүлж байна.

Сонсголонгийн гүүр нь Нийслэлийн авто замын сүлжээний босоо тэнхлэгийн гол замын сүлжээ болох Сонсголонгийн 5.5 км авто замд байрлах бөгөөд хотын төвлөрлийг бууруулах, зорчих хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлж, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг сайжруулах чухал ач холбогдолтой байгууламж юм.

Шинэ гүүрний барилгын ажлыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321.4 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөр бетон гүүрийг шинээр барих” төслийн хүрээнд 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр эхлүүлсэн.

Сонсголонгийн шинэ гүүрний  барилгын ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр үндэсний үйлдвэрлэгч “Гангүүр” ХХК, хяналтын зөвлөх үйлчилгээний компаниар “Гуанжоу Ванан Констракшн Сүпервишн” компаниуд богино хугацаанд гүйцэтгэж дуусгалаа.

30 м алгасалттай, Т-хэлбэрийн угсармал дам нуруутай, 11м өргөнтэй, хоёр эгнээ зорчих хэсэг, явган зам, гэрэлтүүлэг бүхий гүүрэн байгууламж юм.

Төслийн хүрээнд хуучин гүүрний засварын ажлыг 2019 оны долдугаар  сарын 16-ны өдрөөс эхлүүлж  хоёр сарын хугацаанд гүйцэтгэж дуусахаар төлөвлөөд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu