Инфляц энэ оны эцэст 7.2 хувь, ирэх оны эцэст 7.8 хувь байх төсөөллийг Төв банкнаас боловсруулжээ. Инфляцын төсөөллийг ийнхүү бууруулахад хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлжээ. Хэрэглээний зээлийн жилийн өсөлт саарч, оны эхнээс зээлийн үлдэгдэл буурч байгаа нь ханшийн сулрах дарамтыг бууруулахын зэрэгцээ цалингийн өсөлтийн инфляцыг нэмэгдүүлэх нөлөөг сааруулж байна. Түүнчлэн төсвийн хөрөнгө оруулалтын зардлууд хойшилж, төгрөгийн ханш БНХАУ-ын юанийн эсрэг чангарсан нь нөлөөллөө. Дулааны үнэ өсөх хугацаа хойшилж, цахилгааны үнийг хэсэгчлэн нэмэгдүүлэхээр болсон нь төрийн зохицуулалттай бараа үйлчилгээний үнийн инфляцад үзүүлэх нөлөөг бууруулж байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр жилийн инфляц тавдугаар сард улсын хэмжээнд 7.9 хувьтай гарсан. Улаанбаатар хотын жилийн инфляц 8.8 хувьд хүрсэн бөгөөд үүний дөрвөн нэгж хувийг мах, шатахуун, хатуу түлшний үнийн өсөлт бүрдүүллээ. Оны эхний дөрвөн сарын байдлаар махны үнэ улирлын хандлагын дагуу өсөж байсан боловч тавдугаар сард нийлүүлэлтийн шинжтэй доголдол бий болсноор үнэ огцом өсөж, Улаанбаатар хотын инфляцын 2.4 нэгж хувийг бүрдүүллээ. Ер нь бол оны эхний саруудад нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс инфляцын хэлбэлзлийг тайлбарлаж байна.
Богино хугацааны төсөөллөөр махны үнэ улирлын чиг хандлагын дагуу буурах боловч зах зээлийн нийлүүлэлтийн сүлжээ, дэд бүтэц болон экспортын эрэлт, улирлын онцлогоос шалтгаалан дөрөвдүгээр улиралд хүлээлтээс давж болзошгүй байгааг Төв банкны мэдээлэлд дурджээ. Дотоодын зах зээл дээрх шатахууны үнэ дэлхийн зах зээл дээрх нефтийн үнээс хамаарна. Сайжруулсан түлшний үнэ, нийлүүлэлтийг салбарын яамнаас зохицуулах тул хатуу түлшний үнэ энэ онд тогтвортой байх хүлээлттэй байна. Энэ онд төсвийн төлөв суларч, цалин өсөх нөлөөгөөр эрэлтийн шалтгаантай инфляц нэмэгдэх хэдий ч найман хувийн орчимд тогтворжуулах Төв банкны инфляцын зорилт зөрчигдөхгүй. Нийлүүлэлтийн шинж чанартайгаар хэлбэлзэж буй мах, хатуу түлш, шатахууны үнийн нөлөөг хасаж тооцсон инфляци 4-5 хувийн орчимд тогтвортой хадгалагдаж буй аж.
Төв банк төсөөллөө шинэчлэхдээ 2020 онд дэлхийн зах зээлд хүнсний үнэ өсөж, дотоодын хүнсний барааны үнийг нэмэгдүүлж болзошгүйг тусгажээ. Төсвийн хөрөнгийн зардлын өсөлт, түүний дам нөлөө нь цаашид инфляцыг нэмэгдүүлэх нөлөөтэй. Харин нийлүүлэлтийн шалтгаантай хүчин зүйлсийн нөлөө алгуур саарч, нийт инфляц төсөөллийн хугацаанд зорилтот түвшний орчимд хадгалагдахаар байна.
Инфляцын төсөөлөлд нөлөөлж болзошгүй тодорхой бус байдлуудыг дараах байдлаар тодотгожээ.
Сэтгэгдэл ( 0 )