Өмнөд Солонгосын балетчид Монголын тайзнаа уригдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 03

Өмнөд Солонгосын “Wise” балетын театр, Монголын Дуурь, бүжгийн эрдмийн театрын хамтарсан “High Feeling” тоглолт дөрөвдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд болно. Тус тоглолтыг хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уран бүтээлчид харилцан туршлага солилцох ач холбогдолтой гэж тодотгож болно. Тоглолт Дуурь, бүжгийн эрдмийн театрт болно. 

“Wise” балетын театр нь Өмнөд Солонгост 2005 онд байгуулагдсан бөгөөд өдгөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Тус театр нь балетыг бусад бүжгийн төрлүүдтэй бүтээлчээр хослуулж, балетын урлагийн гайхамшгийг үзэгчдэд хүргэх, урлагийн хэм хэмжээг сонгодог хэвээр нь хадгалж үлдэхийг зорьдог хамт олон аж. 

“High Feeling” тоглолт "Les Mouvement 2", "Intermezzo", "Utopia" гэсэн гурван үндсэн хэсэгтэй. “Wise” балетын театрын бүжиг дэглээч Ким Юун Гёлын "Les Mouvement 2" бүжгээрээ балетын уран хөдөлгөөнүүдийг хөгжмийн аятай хослуулан, өрнөж буй үйл явдал, түүний мэдрэмжийг бүжигчид болон үзэгчдэд илүү ихээр таниулахыг эрмэлзсэн бүтээл гэлээ.

Бүжиг дэглээч Жү Жэ Мэн "Intermezzo" бүжгээрээ өчигдөр өнөөдрийн ялгаа үгүй болсон хэвшмэл амьдралын явцад хүн хоорондын харилцаа, сэтгэл хөдлөлөөс зайлсхийж, хий хоосон зүйл рүү тэмүүлэх болсныг дүрсэлжээ.

Харин "Utopia" бүжгээр бүжиг дэглээч Ким Сун Мин эргэх орчлонд хүн бүр өөрийн хүсэл зорилгыг гүйцэлдүүлэх, аз жаргалтай амьдрах эрхтэй гэдгийг өөрийн бий болгосон төсөөллийн ертөнцөөрөө илэрхийлэн харуулахыг зорьсон гэж байв. 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top