Баруун аймгуудад гарсан гамшигт үзэгдлийн БАГЦ МЭДЭЭ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 26

Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нутгаар 2018.11.24 – 11.25-ны өдрүүдэд болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Увс аймгийн Түргэн сумын цахилгаан дамжуулах агаарын шугамын 220 кВ-ын 4, Өмнөговь суманд 110 кВ-ын 9 нийт 13  төмөр тулгуур багана унасны улмаас Баян-Өлгий  аймгийн 13,  Говь-Алтай аймгийн 6, Ховд аймгийн 13, Увс аймгийн 20, нийт дөрвөн аймгийн 52 суманд цахилгаан тасраад байна. Унасан тулгуур багануудыг сэргээхэд урьдчилсан байдлаар 391 сая төгрөг шаардлагатай байгаа аж.

Хүчтэй салхи шуурганы улмаас Увс, Баян-Өлгий аймагт нийт есөн иргэн, 10 зорчигчтой хоёр автомашинтай иргэд цасан шуурганд төөрснийг эсэн мэнд олж, аюулгүй газар хүргээд байгаа тухай Онцгой байдлын газраас мэдээллээ.

Түүнчлэн 216 гэр нурсан ба Говь-Алтай аймагт 107 гэр, Ховд аймагт 29 гэр, Увс аймагт 75 гэр, Баян-Өлгий аймагт 5 гэр нуржээ. Мөн 116 хашаа, аж ахуйн нэгж, байгууллагын 27 барилгын дээвэр нурсан байна.  

Цахилгааны гэмтлийг арилгахаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-ийн ажлын хэсэг ажиллаж байна. Нэмэлтээр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-аас 173 хүн, 26 техникийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шуурхай ажиллаж байга ба Улаанбаатараас хөдөлсөн тоног төхөөрөмж одоогоор Завхан аймаг орж яваа юм байна.

 

Салхины хурд 40 м/с хүрчээ 

Баруун аймгуудын нутгаар 2018.11.24 – 11.25-ны өдрүүдэд болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн талаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга хурандаа М.Энх-Амар мэдээлэл өгсөн юм. Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нутгаар 2018.11.25-нд салхи 20-30 м/с, Говь-Алтай аймгийн Бугат сумын нутгаар 40 м/с хүртэл ширүүсэж цасан болон шороон шуурга шуурсны улмаас Баян-Өлгий, Увс аймагт есөн иргэн сураггүй алга болсныг бүгдийг нь эсэн мэнд олоод байна. Шуурганы улмаас 1600 гаруй мал шуурганд урууджээ.

 

Баруун аймгуудын 52 сумын цахилгаан маргааш хэвийн болно

Баруун аймгуудын 52 суманд эрчим хүч тасалдсан асуудлын талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн маргааш гэхэд эрчим хүчийг хэвийн хангах болно гэсэн юм. Тэрбээр “Баруун аймгуудыг ОХУ-аас эрчим хүчээр хангаж байгаа 220 кВ-ын гурван тулгуур гэмтсэн. Одоогийн байдлаар хоёр тулгуурыг шинээр угсарч байна. Нэг нөөц тулгуурыг Увс аймагт бэлтгэж байна. Мөн Улаанбаатараас гурван тулгуур ачуулсан нь Завхан орж байна. Энэ тулгууруудыг бүрэн сэргээж босгосны дараа баруун аймгуудын эрчим хүч хэвийн болно. Бид маргаашдаа багтааж дуусгах зорилт тавин ажиллаж байна” гэсэн юм.

Мөн Увс аймгийн Улаангом сумаас Өмнөговь сум хүртэлх 110 кВ-ын 9 тулгуур унасныг шуурхай баг ажиллан наймыг нь өнгөрсөн шөнө, үлдсэн нэгийг нь өнөөдөр босгосон байна. Ингэснээр Баян-Өлгий, Ховд аймгуудыг хөлдөх аюулаас сэргийлж чаджээ. Увс аймгийн хувьд Дөргөний усан цахилгаан станц болон дизель станц ажиллуулах замаар цахилгааны саатлыг давж байгаа ажээ.

Цаашид байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс сэргийлж аймаг, сумдын төвүүдэд нөөц дизель станциудыг суурилуулах шаардлагатайг ЭХ-ий сайд Ц.Даваасүрэн хэлж байлаа.

 

2018.12.01-нээс ихэнх нутгаар хүйтэрнэ

Цаг агаарын цаашдын төлөв байдлын талаар ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин хэлэхдээ “Сүүлийн гурав хоногт баруун аймгуудын нутгаар цаг агаарын гамшигт үзэгдэл тохиолоо. Энэ талаар бид олон хоногийн өмнөөс дохиотойгоор мэдээлсэн. Одоогийн байдлаар нийт нутгийн 30 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Дорнодын ихэнх нутаг, Ховын баруун өмнөд, Говь-Алтай, Булганы хойд, Архангай, Хэнтий, Сүхбаатарын зүүн хэсгээр 1-15 см, зарим нутагт 30 хүртэлх см-ийн зузаан цасан бүрхүүл тогтоод байна.

Ойрын гурав хоногтоо цаг агаар хүйтэн хэвээр байна. Шөнөдөө баруун аймгуудын нутгаар хасах 10 градусаар нэмж хүйтрэх төлөвтэй байна. Арваннэгдүгээр сарын 30-наас баруун нутгаар, арванхоёрдугаар сарын 1-нээс төвийн нутгаар цас орж, салхи шуурах төлөвтэй байна. Ерөнхийдөө арванхоёрдугаар сарын турш бүхэлдээ хүйтэрнэ” хэмээн мэдээллээ.

 

Я.Содбаатар: Одоогоор хаагдсан зам, даваа байхгүй

Баруун аймгуудад учирсан цаг уурын гамшигт үзэгдлийн улмаас Увс аймгийн Түргэн сумын Улаандаваа цасанд хаагдсан тул орон нутгийн “Увс АЗЗА” ХК-ийн 43 хүн, долоон техник хэрэгслээр ажиллаж, тээврийн хэрэгсэл зорчих боломжтой болсон байна. Хаагдсан зам, давааны талаар ЗТХ-ийн сайд Я.Содбаатар “Цаг уурын аюултай үзэгдэлтэй холбогдуулан таван аймагт хөдөлгөөнийг түр хязгаарласан. Өнөөдөр тээвэрлэлт хэвийн явагдаж байна. Одоогоор Баян-Өлгий аймгийн Цагааннуур чиглэлийн зам дээр тогтсон цасыг хусч, цэвэрлэж байна. Саатсан зам, даваа одоогоор байхгүй” гэсэн юм.

 

Д.Сарангэрэл: Осгосон хоёр хүнийг эмчилж байна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэхдээ “Гамшигт өртсөн бүс нутгийн 52 сумын эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Баян-Өлгий аймагт хоёр хүн осгосон. 38 настай иргэн Т-ийн биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээнд байна. 32 настай Д-ийн биеийн байдал дунд зэрэг байгаа. Ховд аймгийн Цэцэг суманд зам засварын кемпийн сендвичин барилгын дээвэр хийсч, айлын гэр дээр унасны улмаас гурван хүн гэмтсэн. Хоёр хүний биеийн байдал хэвийн учраас эмнэлгээс буцаасан. Нэг хүн цээжиндээ гэмтэл авснаар эмнэлэгт үлдсэн. Бусдаар цаг агаарын онц ноцтой үзэгдлийн улмаас хүний эрүүл мэнд хүндэрсэн зүйл гараагүй” гэсэн юм.

Шаардлагатай арга хэмжээг шуурхай авахыг Улсын онцгой комиссоос үүрэг болгов

Баруун аймгуудад болсон цаг агаарын гамшигт үзэгдэлтэй холбогдуулан өнөөдөр /2018.11.26/ Улсын онцгой комиссийн хуралдаан болж, цаг үеийн байдалтай танилцаж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авахаар тогтов. Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин дараах шийдвэрийг гаргасан юм.

  1. Баруун аймгуудад болсон цасан болон шороон шуурганы улмаас Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн бүх сум, Говь-Алтай аймгийн таван сум хүчдэлгүй болж, цахилгаан дамжуулах 13 тулгуур багана унасан тул дээрх аймгуудын хэрэглэгчдийг эрчим хүчээр бүрэн хангах ажлыг шуурхай зохион байгуулж, үр дүнг мэдэгдэхийг ЭХ-ний сайд Ц.Даваасүрэнд үүрэг болгох
  2. Цахилгаан дамжуулах тулгуур баганыг сэргээн засварлах үйл ажиллагаанд зарцуулсан 391 сая төгрөгийг ирэх лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх
  3. Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн Засаг дарга нарт “Баруун бүсийн эрчим хүчний ситемд гэмтэл гарсантай холбогдуулж аймаг, сумдын эмнэлэг, шуурхай албадыг бэлэн байдалд ажиллуулж, цахилгааны нөөц эх үүсвэрүүдийг хэвийн ажиллуулахад анхаарч ажиллах”, “Шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах” үүрэг өгөх
  4. Улсын нөөцөөс гэр өгөх шаардлагатай иргэдийн судалгааг гаргаж, шаардлагатай бол улсын нөөцөөс бараа материал гаргах, буцаан нөхөн бүрдүүлэх ажлыг Засгийн газарт танилцуулахыг ОБЕГ-ын даргад даалгах
  5. Цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэхийг ЦУОШГ-ын даргад үүрэг болгох гэсэн шийдвэрүүд гаргасан юм.

 

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top