“Liberty Summit Mongolia-2018” хэлэлцүүлэг өчигдөр (2018.11.22) болсон. Энэ үеэр либертари буюу эрх чөлөөний үзлийн талаар философийн ухааны доктор Б.Батчулуунтай товч ярилцлаа.
-Энэ үзлийг товч тайлбарлавал?
-Сүүлийн үед либертари үзлийг дэлгэрч байна гэж боддог. Эрх чөлөөний үзэл юм даа. Одоо олон хүн сонирхох болсон. Чөлөөтэй сэтгэж, ярилцдаг. Өөрөө өөртөө эзэн байх тухай л үзэл юм. Ардчилал хөгжсөн АНУ-аас гарал, үүсэлтэй гэж олон хүн боддог. Тийм биш. Америк бол бүх зүйлийг хатуу журам, хуулиар зохицуулсан. Голландад 20-30 жилийн өмнө байсан. Тэр үеийн голландчууд галзуу, солиотой гэмээр байж л дээ. Ижил хүйстнүүдийг гэрлэхийг зөвшөөрч, эдгэрэхгүй өвчтэй хүн өөрөө хүсвэл ”жаргалтай үхэл”-ээр үхүүлэхийг бас зөвшөөрсөн. Жаргалтай үхэл гэдэг нь тариагаар тарихыг ч юм уу хэлнэ. Голландад бас мариуханы хэрэглээг чөлөөтэй болгосон. Европын орнууд ч Голландыг гайхаж байсан. Одоо хүлээн зөвшөөрч, зарим орон ижил хүйстнүүдийн гэрлэлтийг ч зөвшөөрч байна.

-Голландууд өөр юугаар гайхшруулж байна вэ?
-Голландад христүүд, исламын шашинтан, жүүдүүд эв найртайгаар оршин тогтнодог, амьдардаг. Энд шашин хоорондын мөргөлдөөн энэ тэр алга.
-Эрх чөлөөний үзэл түгэн дэлгэрэхэд голландчуудад юу нөлөөлсөн юм бол?
-Би яг таг хэлж мэдэхгүй. Гэхдээ голландчууд Европ тивдээ гайхагдсан, худалдаачин, наймаачин хүмүүс шүү дээ. Худалдаагаар дамжиж эрх чөлөөний үзэл түгсэн байх магадлалтай. Одоо бусад улс оронд түгэн дэлгэрсээр байна. Даяаршил бол капитлизмын тархалт гэдэг. Худалдаа бол харилцаа. Бараа орж ирэхгүй бол цэрэг орж ирнэ гэсэн үг бий. Эрх чөлөөний үзэл хил, гаалиар татваргүй орно. Тэгээд түгэн дэлгэрнэ.
-Манай улсад эрх чөлөөний үзэл хэрхэн түгэж байгаа вэ?
-Эрх чөлөөний үзэлд янз бүрийн хүрээллийн хүмүүс багтдаг. Ялангуяа бизнесийн хүрээний хүмүүс их байна. Тэд яагаад ингэж байна вэ. Төрийн оролцоо, дарамт, шахалт бизнест нь бага байгаасай гэсэн шалтгаанаар энэ үзэлд нэгдэж байгаа. Татвараас эхлээд олон дарамт бий. Энэ бүхнийг бие, мах бодиороо үзсэн, туулсан хүмүүс нь бизнесийнхэн.
-Либертари үзэл яг тохирох уу, Монгол хүнд?
-Монголчууд зарчимгүй шүү дээ. Өнөөдөр зүүний үзлийг дэмжинэ, нөгөөдөр барууны үзлийг ярина, маргааш нь төвийн үзэл баримтлал гэнэ.
-Монгол ахуй соёлтой холбоотой юм болов уу?
-Ямар хөрс, суурьтай байх нь нөлөөлдөг. Монголчууд сургуулийн хүүхдэдээ цүнх авч өгөөд “Наад цүнхийг чинь би чамд авч өгсөн” гэж яриад байдаг. Нөгөө хүүхдэд “Энэ миний цүнх биш байна. Аав, ээж авч өгсөн” гэсэн үзэл санаа төрнө. Тэгээд бүх зүйлийг ахмад хүн, аав, ээж мэднэ гэсэн бодолтой болдог. Барууны оронд бол хүүхдийн юм тусдаа. Хүүхдийнхээ өрөөний хаалгыг тогшиж ороод “Хүүгээсээ асуух зүйл байна” эсвэл “Миний хүү, үзгээр нь аав нь юм бичиж болох уу” гэж заавал асууж, зөвшөөрөл авдаг. Эндээс "миний юм", "би" гэсэн үзэл төрнө. Цаашлаад эрх чөлөөний үзлийг эрхэмлэх суурь нь болж байна гэсэн үг.
Д.ДАМДИН

Сэтгэгдэл ( 1 )
ene neg l buruu jishig yariad bh shig , Medeej tani uzel bodol tanidaa zuv, gehdee tugeen delgeruuleh in tani erh bish shuu.Tani yariad baigaa uls oron chin ulamjlalt es zan zanshil geh yum gyi , uhriin buur shig uls shuu de. Mongol ulamjlalt es zan zanshiltai tuldaa udii hurtel ene tsuuhun hun gazar nutag orshij irsen yum, 3 xan say hun doroo l uusana shuu de . tsaashid iim uzel bodol ih delgervel Mongol gej bhgyi bloh yum ba l do