Үндсэн хуулийг өөрчлөх асуудал хаврын чуулганаас яагаад хасагдав

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 06

УИХ-ын 2014 оны намрын чуулган удахгүй өндөрлөх гэж байна.  Хууль номоороо  хоёрдугаар сарын 10-нд завсарлуулах ёстой ч Засгийн газраас  эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөрийг УИХ-д өргөн мэдүүлэх болсон учир үүнийг хэлэлцэхээр хугацааг  8 хоногоор сунгажээ. Намрын чуулганы хэлэлцэж баталсан хууль, шийдвэрлэсэн асуудал тодорхой.  Үндсэндээ Засгийн газрыг огцруулах, томилох гэхчлэн сандал суудалд ихэнх цагаа  зориуллаа. Товчхондоо бол үр дүн туйлын багатай байсан гэж тодотгож болмоор.

Парламент энэ өдрүүдэд ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлаа тодорхойлж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгийн танилцуулснаар УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч 11,  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 13, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 1, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 5,  Төрийн байгуулалтын байнгын хороо 6, Төсвийн байнгын хороо 8, Эдийн засгийн байнгын хороо 7, Хууль зүйн байнгын хороо 6, мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 35, Монгол Ардын намын бүлгээс 12, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс 25, Засгийн газраас 60 гаруй төсөл санал болгоод байгаа юм байна.  Баянгын хорооны даргын хэлж буйгаар өнөөдрийн байдлаар  УИХ-д өргөн мэдүүлсэн  нийт 119 хууль, тогтоолын төсөл байгаагаас хэлэлцүүлгийн шатанд 68, хэлэлцэж эхлээгүй 51 төсөл байгаа гэнэ.

Нийтийн сонсголын тухай, Ирээдүйн өв сангийн тухай, Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай болон Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Хяналтын тухай, Эрүүгийн хуулийн  төслүүдийн нэр энэ дунд байгаа.  

Хаврын чуулганаар  мөн Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг батлахаар төлөвлөж буй.  Өмнөх нийгмийн үед Монгол Улс  тав таван жилээр хөгжлөө төлөвлөдөг байлаа. Харин сүүлийн 25 жил хөгжлийн төлөвлөлт гэдэг юм үндсэндээ орхигдож сонгуульд ялсан намын үзэмж үнэлэмжийн хүрээнд эргэлдэх болсон. Одоо хөгжлийн урт хугацааны бодлогыг боловсруулж батлах гэж буй нь эрх баригч болон сөрөг хүчин Засагт хамтарсны гавъяаны нэг болох учиртай.  Өөрөөр хэлбэл хөгжлийн нэгдмэл үзэл баримтлалтай болж буй хэрэг.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэдэн парламент дамжин ярилаа. Гэсэн хэдий ч ярианаас хэтрээгүй өдий хүрсэн. Үүнийг ажил хэрэг болгох нь намуудын Засагт хамтрах хамгийн том шалтгаан, хожим нь үр дүн  болж үлдэнэ гэж байгаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдан ажиллаж буй. Ажлын хэсгийнхэн хаврын чуулганд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барих шахуу даалгавартай байсан. Харин хаврын чуулганы  хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай багтсангүй.  Үүний учир шалтгааныг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга “Гол нь өргөн мэдүүлэгдсэн төслүүдийг жагсаалтад оруулах зарчим барьсан” гэжээ. Үүнээс үзвэл  ажлын хэсгийнхэн эцэг хуулийн өөрчлөлтөөр  хуулийн төсөл өргөн бариагүй, хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхгүй  гэж ойлгогдож байгаа юм.  Гэхдээ Байнгын хорооны даргын хувьд  тухайн үед нэмж хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах боломжтой гэж үзэж байгаа бололтой.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр төрийн  эрх мэдлийн хуваарилалт, засаглалыг боловсронгуй болгох, нийслэлийг хот болгох гэхчлэн олон шийдлийг нэг мөр болгох хүлээлт буй. Хэрэв суурь ач холбогдлоор нь харвал Үндсэн хуулийн өөрчлөлт бол хойшлуулж хойш тавих асуудал огтхон ч биш байлтай.  

П.Булган

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zo(112.72.13.84) 2025 оны 03 сарын 13

Erdenet darhaniig hot bolgoh asyydliig shiideh heregtei

1  |  0
Top