Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхантай уран бүтээлээс огт өөр сэдвээр ярилцсан минь энэ. Гурван жилийн өмнө “Palace” зочид буудлын “Наран” ресторанд мөнгөн хуримаа хийж, эхнэрийнхээ гавьяат цолны баярыг давхар тэмдэглэсэн тэрбээр сэтгэлд дурсамжтай түүхээ одоо ч ярих дуртай хэвээр.
-Хайртайгаа илэрхийлэхийн тулд давс идэж, цантсан цонхон дээр сэтгэлийн үгсээ бичсэн гэх зэрэг та хоёрын нандин түүх их сонирхолтой санагддаг. Г.Урнаа эгчтэй хамт сурч байсан билүү?
-Энэ тухай эргээд дурсахад их сайхан санагдаж байна. 1982 онд дунд сургуулиа төгсөөд ОХУ-ын Москва хотын Театр урлагийн дээд сургуульд шалгалт өгсөн. Гэтэл дөрөв, таван зуун хүүхдээс ердөө л зургааг нь тэнцүүлсэн энэ шалгалтад эхнэр болох бүсгүйтэйгээ хамт үлдэнэ гэж хэн санах билээ. Соёлын яаманд очиж, томилолт бичгээ аваад явж байхдаа л анх Г.Урнаатайгаа таарсан. Үүнээс хойш ойр ойрхон уулздаг болж, Эрхүүд зохион байгуулсан бэлтгэлд хамт оролцож “Дүрлэгэр алаг нүдэн”-тэйгээ бүр ч илүү дотноссон доо. Амьдралынхаа хамгийн сайхан, дурсамжтай мөчийг 1983 оны хоёрдугаар сарын 14 буюу Гэгээн хайрын өдөр тохиосон гэж үздэг юм. Энэ өдөр сэтгэлээ илчилж, хайр сэтгэлээ баталгаажуулсан болохоор тэр. Харин 1985 онд оюутан байхдаа албан ёсоор гэрлэлтээ батлуулж, хуримаа хийсэн. Яахав, тухайн үед хүүхэд байсан болоод ч тэр үү. Бие биедээ хайр сэтгэлээ илэрхийлж байгаа хэлбэр нь гэнэн ч юм шиг хөгжилтэй байсан хэрнээ одоо эргээд бодоход хамгийн нандин, дурсамжтай үйл явдлын нэг байж. Хоёулаа хамт сууж байгаад “Бие биедээ хайртай гэдгээ яаж илэрхийлэх вэ” гэж ярьж байтал хамгийн түрүүнд давс харагдлаа. Тэгэхээр нь би хоолны халбагаар хутгаж аваад “Энэ давсыг идээд чамд хайртайгаа батлая” гэж идсэн. Уугий маань ч үүний хариу болгож, нөгөө давснаас идээд бөөн инээдэм болж байлаа. Цантсан цонхон дээр сэтгэлээ илчилж “Би чамд хайртай” гэж бичиж байсан тэр үе, Эрхүүгийн хавар гэх мэт олон сайхан дурсамжтай үйл явдал ард үлдэж. Энэ бүхэн маань бид хоёрын хувьд, сэтгэл зүрхний хамгийн нандин дурсамж болж үлдсэн дээ.
-Өнгөрсөн хугацаанд маш олон зүйлийг хамтдаа даван туулсан байх. Гэр бүлээ бат бөх, аз жаргалтай авч байлгахын үндэс нь юу байв аа?
-Бид хоёр анх амьдрал мэдэхгүй, хоосон оюутнууд л байлаа. Гэвч хамтын амьдралаа эхлүүлснээс хойш энэ хоёр бие маань одоо бүр ес болчихоод байж байна. Өнгөрсөн хугацаанд гурван сайхан хүүхэдтэй боллоо. Хоёр том нь гэр бүлтэй болоод бид хоёрт ач, зээг маань үнэрлүүлсэн. Тэгэхээр гэр бүлээ өдий хэмжээнд хүртэл бат бөх, аз жаргалтай байлгасан нь бидний бие биедээ өгсөн агуу их хайр, хүндлэлийн үр дүн болов уу. Ирээдүйд энэ ес маань 18, бүр цаашлаад 32 болох ч юм билүү. Бид хоёрын амьдрал цаашид үр хүүхдэд маань ч гэсэн, сайнаар нөлөөлж улам сайхан болох байх. Ёстой л нөгөө будааг агшаахаар олон ширхэг болж арвиждаг шиг, амьдралын маань сайн сайхан бүх зүйл үр хүүхэд, ач гуч нарт минь хүрч, арвижаасай гэж бодож явдаг юм.
-Тухайн үед олны анхаарлыг татсан сайхан хос, чадварлаг жүжигчдэд хэр олон захиа ирдэг байсан бол. Бие биеэ хардаж, харамлах асуудал гарч байв уу?
-Сургуулиа төгсч ирээд кино, жүжигт тоглож эхлэх үест шинэ, залуу жүжигчин гэдэг утгаараа, тодорхой хэмжээнд олны танил болсон. Тэр үед ямар одоогийнх шиг интернэт, энэ тэр гэх мэт чөлөөтэй харилцах зүйл байсан биш. Зөвхөн захидлаар л харилцах боломжтой байлаа. Эхнэр нөхөр гэлтгүй, бид хоёрт хаягласан захиа занаа театрт их ирдэг байлаа. Зарим нэгэнд нь хариу бичнэ ээ, бас. Заримыг нь уншаад хоёулаа инээлдээд л өнгөрнө.
-Магадгүй, та хоёрын амьдрал өнөөгийн охид залууст үлгэр жишээ болж чаддаг учраас сонин сэтгүүл, телевизийн ярилцлагад их урьдаг юм шиг санагддаг?
-Гэр бүлийнхээ аз жаргалыг өнөөдрийг хүртэл хадгалж яваа маань одоогийн залууст тодорхой хэмжээгээр үлгэр дуурайлал болж байгаа байх гэж боддог. Охид залууст бие биеэ олж таних нь хамгийн чухал. Зуурдын явдлаар бие биеэ шохоорхоно гэдэг чинь огт өөр. Харин нэг нэгнийхээ дотоод сэтгэлийг таньж мэдээд “Энэ миний насан туршдаа хамт амьдрах хань мөн үү” гэж сонгох чинь бас л өөр асуудал. Нэгэнт сонгосон хайраа хүндлэл болгож, хэзээ ч хиртээхгүй байх шиг сайхан зүйл байхгүй. Арваад жилийн өмнө би нэг сонинд ярилцлага өгч байхдаа “Хэнийг нэгдүгээрт тавьж, хайрлаж хүндлэх вэ” гэсэн асуултанд хариулсан юм. Үүнийг хүн бүхэн хүлээн зөвшөөрдөг ч, тэр бүр ил гаргаж яриад байдаггүй. Ихэвчлэн эсрэг талаас нь ярих тохиолдол ч бий. “Юутай ч, хамгийн эхэнд би эхнэр хүүхдүүдээ тавина. Яагаад гэвэл, энэ бол миний амьдрал. Хоёрдугаарт нь аав ээж, ах дүүгээ тавина” гэж хэлж байсан юм. Гэтэл зарим хүн “Чи ёстой тэнэг байна даа. Аав ээж чинь нэг л удаа олдоно шүү дээ. Авгай хүүхэд бол яахав” гэж зэмлэж байсан удаатай. Гэтэл огтхон ч тийм биш. Ээж маань хүртэл энэ тухай мэдчихээд “Чи ингэж ярьсан байна лээ” гэж жаахан тунирхсан шүү, бүр. Гэхдээ яахав, энэ яриаг хүлээн зөвшөөрсөн л дөө. “Насан туршдаа хамт байх хань ижлээ хамгийн эхэнд тавих нь зөв шүү, миний хүү” гэж хэлж билээ.
-Зарим хүмүүс ярьдаг шүү дээ. “Адгийн тэнэг авгайгаа магтана” гээд л. Гэтэл энэ үгтэй санал нийлнэ гэдэг дэндүү хоцрогдсон ойлголт болох байх?
-“Ямар эр хүнийг хүндэлж хайрладаг вэ” гэсэн асуултанд зарим хүн “Гүндүүгүй монгол эр хүн сайхан даа” гэдэг ч юм уу, аль эсвэл “Адгийн тэнэг авгайгаа магтана” гэх мэтээр хариулдаг. Гэтэл энэ үг надад ер таалагддаггүй юм. Бид хоёр бие биедээ асар их хайр хүндлэлтэй хандаж, нэг нэгнийхээ төлөө үргэлж санаа тавьж явдаг. Би зөвхөн ганцаараа зүтгэж, энэ амьдралыг бүтээнэ гэж байхгүй. Амьдралынхаа аз жаргалыг зуун хувиар тооцлоо гэхэд, 60 хувьд нь эхнэр хүн нөлөөлсөн байх жишээтэй. Тэгэхээр гүндүүгүй монгол эр хүн гэдэг ойлголт одоо цагт ер зохицохгүй. Хөдөө ан хийж, айл хэсч, айраг уугаад л, хийх ажилгүй, нэг л их сайхан инээсэн хүн яваад байж болохгүй шүү дээ.
-Өнөө цагт хурим найраас өгсүүлээд орон байрны асуудлыг хүртэл эцэг эхдээ даатгасаар байгаад охид залуус бэлэнчлэх сэтгэлгээнд автаж, гэр бүлийн амьдралын үнэ цэнийг ухаарахгүй байна гэлцдэг. Харин та энэ талаар юу гэж боддог вэ?
-Тийм ээ, энэ маш зөв асуудал. Гэхдээ нөгөө талаас нь авч үзвэл, арай өөр өө. Үр хүүхдүүд өрх тусгаарлахад хоёр талаас нь нийлээд орон байрны асуудлыг шийдэж, бүх зүйлийг нь бэлтгэж өглөө гэж бодьё. Хамгийн гол нь, тэд энэ бүхнийг маш зөв ухамсарлаж, цааш нь улам арвижуулж авч явах ёстой. Өнөөдөр таван аягатай байсан бол, маргааш нь яаж зургаа болгох вэ. Цонхон дээрхи хоёр цэцгээ яаж гурав болгох вэ гэх мэт байдлаар асуудалд хандах ёстой. Адаглаад байрны төлбөр, хоол хүнсээ яаж зохицуулах вэ гэх мэт бүх зүйлд биеэ дааж, амьдралаа зохицуулахын тулд тодорхой хэмжээний төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Түүнээс биш, бүх асуудлаа аав ээжийнхээ нуруунд тохож болохгүй. Тэднийхээ бий болгож өгсөн бүхнийг цааш нь улам арвижуулж, амьдралаа гоё болгох нарийн ухаан хэрэгтэй гэсэн үг.
-Ардын жүжигчин П.Цэрэндагва, Г.Мэндбаяр нар амьдралынхаа тухай дурсамжийн ном гаргаж, хамтарсан тоглолт хүртэл хийсэн. Та хоёрын хувьд?
-Байлгүй яахав. Юуны өмнө, бид хоёр хамтын уран бүтээлээ гаргана гэж боддог. Жагаа, Урнаа хоёрын хамтарсан уран бүтээл хоёр, гуравхан цагийн хугацаанд багтахгүй л байх. Гэхдээ нарийн төлөвлөж, тодорхой хийвэл болох байлгүй дээ. Цаашид туулж өнгөрүүлсэн амьдралынхаа тухай ном гаргах асуудлаар бид хоёр ярилцаж байгаа. Одоогоор яг тодорхой төлөвлөсөн зүйл алга байна.
-Өнгөрсөн хугацаанд тоглосон тайз, дэлгэцийн бүтээлээ тоолбол чамгүй урт жагсаалт гарах биз. Хамтдаа дурлалт хосын дүрд хэчнээн удаа тоглосноо бодож байсан уу?
-Нэлээд хэдэн жилийн өмнө энэ тухай судалж үзсэн чинь Урнаа бид хоёр тайз, дэлгэцийн бүтээлд оролцохдоо зургаан удаа хуримласан байна лээ. Амьдралынхаа хуримыг нэмж тоолбол долоон удаа хуримласан хэрэг. Хоёулаа жүжигчин мэргэжилтэй учраас уран бүтээл дээр хамт ажиллана гэдэг үнэхээр сайхан. Тэр ч байтугай, үр хүүхдүүдтэйгээ хүртэл нэг жүжигт тоглож байсан удаатай. Урлагийн гэр бүл гэдэг гайхалтай сайхан шүү. Тэр тусмаа, жүжигчний мэргэжил бүр сайхан юм. Миний үр хүүхэд, үзэгч олон хожим нь “Б.Жаргалсайхан гэж ийм жүжигчин байсан байна. Ийм дүрүүдэд тоглож, тайз дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн хүн байна“ гэж дурсах нь хамгийн гайхашигтай, сайхан зүйл гэж би бодож явдаг.
-Нээрээ, та хоёр бага охиноо урлагийн салбарт сойж байгаа гэсэн. Жүжигчин болох гарааг нь эртнээс тавьж байна шүү?
-Одоо бид хоёр бага охинтойгоо хамт амьдарч байгаа. Эрхэлж, туниад л их хөгжилтэй нөхөр шүү дээ. Бид гурав дуртай үедээ айл хэснэ ээ, бас. Том охин, хүү хоёр маань урлагийн замаар яваагүй. Харин бага охин маань сургуулиа тармагц театр дээр ирээд л бид хоёрын сургуулилт дээр хамт байна. Өдөр бүр жүжиг үзнэ гээч. Театрын үүдээр орж, өрөөнд хувцсаа тайлав уу, үгүй юу л алга болно. Тэр хүүхэд хаана яваа юм, бүү мэд. Ажлын байр нь юм шиг л хаа дуртай газраараа явчихдаг гэж байгаа. Заримдаа бүр цайны өрөөнд баахан хүн тойруулаад суулгачихсан, элдвийн юм яриад л инээд ханиад болоод байж байдаг юм. Нэг өдөр гурвуулаа цай ууж байтал “Аав аа, ээж ээ. Би тэгээд одоо эргэлт буцалтгүй жүжигчин болохоор болсон уу” гэж асуудаг байгаа. Их догь нөхөр дөө. “Тэгнэ ээ, миний охин. Яасан бэ” гэтэл өөдөөс “Тэгвэл ч би их зүйл сурах хэрэгтэй юм байна даа. Энэ тоглолтуудыг харж байхад хэрвээ би жүжигчин болбол маш сайн дуулж, бүжиглэж, хөгжим тоглодог байх хэрэгтэй. Хамгийн гол нь сайн жүжиглэдэг байх хэрэгтэй шүү” гэж яриад бөөн инээдэм болсон.
-Ярилцсанд баярлалаа, уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Р.МӨНГӨН
Сэтгэгдэл ( 4 )
saihan ger buluud.bi jagaag hundelj yvdag.sain er hun.hezeeneg tsagt hogshirson hoinoo ch hamaagui taniltsah ymsan gj boddog.amjilt.
Sain saihniig husie.ta hoyor goyo shuu.
Avgaigaa zaluujuulhaar boljdee uuruu hamaagui zaluu haragdJ bna
zalyy bh daa manai hajyy bairand bsna ehneree ih ch zovoosondoo Odoo sain hairladag bailgyi dee