ОХУ-ын “Оросын төмөр зам” нэгдлийн Ерөнхийлөгч, ноён В.Якунин өнөөдөр Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хэлэлцээ хийж байна. Оросууд Монголын төмөр замын төсөлд оролцохоос татгалзлаа гэсэн мэдээлэл гарсны араас манайхан Герман зэрэг бусад талуудтай хамтын ажиллагааны төлөөх ээлжит уулзалтуудыг хийсэн билээ. Тэгвэл ОХУ бидэнтэй хамтрахгүй гэсэн шийдийг гаргаагүй байсан нь өнгөрөгч гуравдугаар сард ноён В.Якунины Ерөнхий сайдад хаягласан захидлаас харагдаж байлаа. Тэрчлэн өнөөдөр тэд төмөр замын салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх хэлэлцээ хийж байгаа. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён В.В.Самойленко ч В.Якунины Монголд ирж байгаа учир шалтгааны талаар хэвлэлд байр сууриа илэрхийлэхдээ түүний монгол руу илгээсэн захидал дээр тулгуурлан өгүүлсэн байдаг.
Тэрээр “2009 онд Ерөнхийлөгч Д.Медведев, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх” тунхаг баталсан. Энэ тунхагийн хүрээнд Оросын тал “Оросын төмөр зам” компаниар дамжуулан Монголын төмөр замын салбарыг хөгжүүлэхэд оролцох боломжтойг заасан байдаг. Тэгэхээр үүний дагуу бид манай хоёр улсын хамтарсан хөрөнгө оруулалттай компани болох “Улаанбаатар төмөр зам”-ыг шинэчлэхэд оролцох, шинэ төмөр зам барихад оролцох боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, Монголын төмөр замын стратегийн түншээр “Оросын төмөр зам” компани гэж зааж өгсөн хэрэг юм. Гэтэл нэг хэсэгтээ стратегийн түнш болох “Оросын төмөр зам” компанийг хэсэг хугацаанд хойш тавьсан гэж болно. Ингээд энэ оны эхээр шинэ төмөр зам барих ажилд оролцох саналыг “Оросын төмөр зам” компанид тавьсан. Мэдээж, “Оросын төмөр зам” компани нь энэ саналыг маш нарийн судалж үзсэн. Тэгээд “Оросын төмөр зам” компанийг шинээр байгуулах хувьцаат компанийн хувьцааны тодорхой хувийг худалдан авах замаар хөрөнгө оруулалт хийж хамтран эзэмших саналыг хүлээж авах зохистой бус гэж шийдсэн. Учир нь, “Оросын төмөр зам” компани нь төмөр зам барьдаг, төмөр замыг ашигладаг болохоос хувьцаа худалдан авах замаар бусдын төсөлд хөрөнгө оруулалт хийдэг компани биш. Тэгэхээр ноён Якунин өөрийн байр суурийг тайлбарлан Ерөнхий сайд Н.Алтанхуягт захидал бичсэн. Захидалдаа “Оросын төмөр зам” компани нь Монголын төмөр замын салбарыг хөгжүүлэхэд цаашид ч хамтран ажиллахад бэлэн хэвээр гэдгээ дурдсан. Ингэхдээ бид юуны өмнө Улаанбаатар төмөр замыг сайжруулан шинэчлэхэд голлон анхаарах сонирхолтой байгаагаа хэлсэн. Үнэхээр ч Улаанбаатар төмөр замыг сайжруулах, шинэчлэх зайлшгүй шаардлагатай болоод удаж байгаа. Тэгэхээр бид Улаанбаатар төмөр замын нэвтрүүлэх чадвар, транзит болон гадаад, дотоодын тээвэрлэлтийн чадавхийг сайжруулахад голлон анхааръя гэсэн. Харин шинээр төмөр зам барих асуудалд “Оросын төмөр зам” компани нь бидэнд санал болгож явуулсан загварыг оновчтой биш байна гэж үзсэн тухайгаа захидалдаа дурдсан юм. Ийм л захидал байсан юм.” хэмээн өгүүлжээ. Мөн тэрээр В.Якунины захидлыг гуравдугаар сарын 14-нд Гадаад харилцааны яаманд шилжүүлж өгөхдөө захидлыг дагуулан Элчин сайдын яамны нот бичгийг ч явуулсан гэдгээ өгүүлсэн байгаа. Мөн тодорхой хугацааны дараагаар энэ захидлын хариу болгож Ерөнхий сайд ноён Алтанхуяг захидал явуулахдаа төмөр замын салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа гэдгээ илэрхийлээд үүнтэй холбоотой асуудлыг биечлэн уулзаж шийдэхийг санал болгосон. Тэр нь Якунинийг Монголд айлчилж ирэхийг урьсан хэрэг гэдгийг хэлсэн байгаа юм.
Тэгэхээр өнөөдөр Ноён В.Якунины уртаас урт захидлыг хариуг Н.Алтанхуяг биечлэн өгч байгаа гэж бүрэн ойлгож болох биз. Түүнчлэн энэ дашрамд В.Якунины захидлыг уншигчдадаа сануулах үүднээс бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрээр захидалдаа:
Орос, Монголын хоорондын харилцаа олон арван жилийн туршид харилцан ашигтай стратегийн түншлэлийн зарчим дээр оршин тогтнож ирлээ. Энэ хэлхээ холбоог бэхжүүлэх нь Ази, Номхон далайн орнуудын интеграцчиллын чиг хандлага, эдийн засгийн түргэн хурдацтай хөгжлөөс үүдэн онцгой чухал болж байна.
Эдийн засгийн дэд бүтцийн салбаруудыг бий болгох, улс хоорондын үр ашигтай, тов тодорхой зохилдсон харилцааг цогцлоохыг орчин цагийн бизнес илүү чанд шаардах боллоо. Юуны урьд энэ нь эдийн засгийн тогтвортой хэрэглээг шаарддаг тээвэр, ложистикт хамаатай юм.
Үүнтэй уялдан Монгол Улс далайд гарцгүйн улмаас түүний тээвэр-ложистикийн чухал хэсэг болох төмөр замын сүлжээг хөгжүүлэх явдал онцгой ач холбогдолтой болж байна. Монгол Улс нь ойрын үед үлэмж өсөх (40 сая тн хүртэл) Орос Хятадын хоорондын төмөр замын “Умард-Өмнөд” гэсэн маршрутаар транзит ачаа (юуны урьд ашигт малтмал) зөөх гол салаа мөчир нь юм.
Түүнээс гадна Монголын уул уурхайн олборлох салбарын эрчимтэй хөгжил, нүүрсний орд байгуулах олон тооны төсөл зэрэг нь Монгол Улсыг коксжих болон эрчим хүчний нүүрсний дэлхийн зах зээл дээрх томоохон тоглогч болгон хувиргах дорвитой чадварыг бий болгож, энэ нь ч төмөр замаар тээвэрлэх ачааны урсгал (50 орчим сая тн)-ыг нэмэгдүүлэх юм.
Ачаа тээврийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд “Өрнөд-Дорнод (Тавантолгой-Сайншанд-Зүүн Үзэмчин) чиглэлд, Монголын зүүн хойд нутагт байгаа ордоос Эрдэнэт хүртэл төмөр замын шинэ шугам тавих, түүнчлэн одоо ашиглаж байгаа “Умард- Өрнөд” чиглэлийн (Улаан-ҮдНаушки, Сүхбаатар-Замын -Үүд, Эрээн-Жинин) төмөр замын дамжин өнгөрүүлэх чадав хийг нэмэгдүүлэх арга хэмжээг тусгасан цогц бодлогыг хэрэгжүүлэх нь чухал болж бйна.
Монголын төмөр замыг хөгжүүлэх зорилт нь ихээхэн хөрөнгө шаардаж байгаа бөгөөд үүний зохих хэсгийг одоо ихэд элэгдэж хуучраад хүчин чадлаа шавхан ажиллаж байгаа “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төмөр замын дэд бүтцийг сайжруулахад зориулах ёстой юм.
“Оросын төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн охин компани болох “Дэд бүтцийн хөгжил” нь “Улаанбаатар төмөр зам”-д шаардагдах хөрөнгө оруулалтыг нь зээлийн санхүүжилтээр хангаж, байнгын ачаа илгээгчийн оролцоотойгоор удаан хугацааны гэрээний үндсэн дээр замаа шинэчлэх, тээвэрлэх төлөвлөгөө боловсруулсан.
Төслийг хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын зээлийг арван жилийн хугацаанд нь төлж дуусгах зорилгоор эдийн засгийн хувьд үндэслэлтэй тариф тогтоох, зээлийн тооцоо хийж дуусахаас өмнө хувийн тээвэрлэгчдээс татгалзах, Улаанбаатар төмөр замын хувьд татварын одоогийн дэглэмийг хадгалах,
Монголын төмөр замын сүлжээний нэгдмэл байх, (дэд бүтцийг тохиромжтой хугацаанд шинэчлэхэд оруулсан хөрөнгийг нөхөн олгохыг харгалзан үзсэн нөхцлөөр бүх шинэ шугамыг Улаанбаатар төмөр замын газарт шилжүүлэх) зарчмыг хангах, ашиглалтын зардлыг хэмнэхийн тулд хөдлөх бүрэлдэхүүний нэгдсэн стандартыг ашиглах зэрэг Улаанбаатар төмөр замын орлогын баазыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг улсын түвшинд авах шаардлага гарч ирж байна.
Эдгээр цогц арга хэмжээг авсны дүнд л удаан хугацаатай, ихээхэн хэмжээтэй зээл авахад шаардагдах мөнгөний тогтвортой урсгал бий болох боломжтой юм. “Шинэ төмөр зам” төслийн 49 хувийн хөрөнгө оруулалтад оролцъё гэсэн “Монголын төмөр зам” төрийн өмчит компаниас саяхан хүлээн авсан саналтай холбогдуулан хэлэхэд “Оросын төмөр зам” хувьцаат компани шинэ төмөр зам барихад санал болгосон хэлбэрээр оролцохоос түдгэл зэж буйг мэдэгдэе.
Санхүүжилтийг татахын тулд санал болгож буй хэлбэр тийм ч оновчтой биш нь илт байна. Түүгээр ч барахгүй энэ санал нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Дэд бүтцийн хөгжил” компани дээр түшиглэн Монголын төмөр замын сүлжээг өрг өжүүлэхээр тохирсон ОХУ, Монголын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай 2009 оны наймдугаар сарын 25-ны өдөр байгуулсан Тунхаглалтай зөрчилдөж байна.
Зардлаа удаан хугацаанд төлөх далайцтай дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхэд, төслийн хамгийн бага хувийг олж авахад ч шууд хөрөнгө оруулагчдыг олноор татан оролцуулна гэж тооцох нь түвэгтэй.
Тийм болохоор энд хөрөнгө оруулагч нь төслийн үйл ажиллагааны болон арилжааны хэсэгт, түүний дотор бүтээн байгуулах ажиллагаа хийгээд дор хаяж зардлаа нөхөх үеийн тарифыг тогтооход хяналт тавих боломж олгохыг заавал шаарддаг юм. Стратегийн хөрөнгө оруулагчаар “Дэд бүтцийн хөгжил” оролцож болох юм.
Монголын төмөр замын сүлжээний макро эдийн засаг, санхүүгийн болон техникийн үзүүлэлтүүдийг “Оросын төмөр зам” нийгэмлэг маш гүнзгий нарийвчлан авч үзсэн бөгөөд сонирхсон талуудтай яриа хэлэлцээр хийсэн билээ. Төслийн эдгээр шаардлагыг хэрэгжүүлснээр Монголын нөөцийн болон дамжин өнгөрүүлэх чадавхи явцуу утгаараа бүрэн хэмжээгээр биеллээ олсныг итгэл төгс нотлох боломжтой болох юм.
Манай орнуудын харилцан ашигтай, удаан хугацааны харилцааг таслахгүй байхын ач холбогдлыг бүрнээ ойлгож бид хамтарч ажиллахад татгалзах зүйлгүй бөгөөд Монголын төмөр замыг хөгжүүлэх боломжтой хувилбаруудыг хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлье.” гэсэн байдаг.
Тэгэхээр их гүрний зүгээс ийн байр сууриа илэрхийлсэн эрхэм дарга манай Ерөнхий сайдтай энэ цаг мөчид ид ойлголцож байгаа болов уу.
Сэтгэгдэл ( 1 )
hujaa nartai sulbeldej baisnaas sain ch muu ch muusaain orosuudtaigaa holbootoi bsn ni deer bha.