Архи хэмээх нэртэй “шидэт ус” улс, үндэстэнг мөхөөх хүч чадлыг агуулдаг. Сархад савнаасаа бусдыг дийлдгийн үлгэрээр өнөөдөр архины хэрэглээ хүрээнээсээ хальж хойч үед маань хар сүүдрээ тусгах боллоо. Өнөөдөр архи дарсны асуудал өсвөр насныхны хүрээнд ч яригдах болсон. Баяр ёслол, хонхны баяр, нийллэг зугаалга зэрэг арга хэмжээний үед өсвөр насныхан спиртийн төрлийн ундааг хэрэглэх сонирхолтой болсон нь ямар ч сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй гаж үзэгдэл мөн. Өсвөр насныхны архидалтын эсрэг дагнан ажилладаг Архидалт мансуурлын эсрэг ассоци байгуулагдаад 13 жил болж байна. Энэхүү байгууллага архидалтын эсрэг гурван зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Нэгдүгээрт, архидан согтуурахаас сэргийлэх хяналтыг сайжруулах , үүний тулд эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор хууль санаачлагч нарт нөлөөлөл үзүүлэхийг зорьж байна. Хоёрдугаарт, урьдчилан сэргийлэх ажиллагаа бөгөөд хүн амын дунд иргэний боловсрол олгох, архины хор хөнөөлийн талаарх мэдлэгийн төвшинг нэмэгдүүлэх юм. Сүүлийн зорилт нь иргэдийг архинаас гаргахын тулд сэтгэлзүйн тусламж дэмжлэг үзүүлэх гэсэн гурван чиглэлээр ажиллаж байгаа юм. Өнөөдрийн энэ нийгэм хөгжиж, дэвшихийн хэрээр архидалт, мансууралт ч их байна. Үүнийг цэцэглүүлэх шөнийн цэнгээний газар ч нас харгалзахгүй өсвөр насныханд үйлчилж байна. Өсвөр насны хүүхдүүд архидалтанд өртөх болсон гол шалтгаанууд нь мэдээж ядуурал, найз нөхдийн нөлөө,эцэг эхийн анхаарал халамж муутайгаас гадна хүүхдүүдийн архины хор хөнөөлийн талаарх мэдлэгийн төвшин хангалтгүйд байгаа юм. Нийслэлийн сургуулиудын 12-18 насны 7000 хүүхдийн дунд явуулсан судалгаагаар 6.1 хувь нь "тасарч унатлаа" архи ууж үзсэн, 54.7 хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэж үзсэн гэж хариулжээ. Монгол улсын ирээдүй болсон хүүхэд залуус маань ийнхүү архинд татагдаж байгаа нь эмгэнэл юм.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )