Э.Бат-Амгалан сайдыг огцрохыг шаардагсад 3 сая төгрөгөөр ЖАГСАЖ БАЙНА гэв

Э.Тэргэл | Zindaa.mn
6 цагийн өмнө

Сар гаруйн хугацаанд үргэлжилж буй “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийг тойрсон маргаан хоёр компанийн хоорондын асуудлыг даван, зохион байгуулалтад орж яам, төрийн ордныг тойрсон жагсаал цуглаан болж өргөжөөд байна.

Тодруулбал, "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн хувьцаа эзэмшигчид гэх иргэдийн зүгээс Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаярын үүсгэн байгуулсан “Би Эй Ти деволопмент партнерс” компани нь тус компанийг 30 гаруй тэрбум төгрөгийн НӨАТ-ын өрөнд оруулж, ногдол ашиг тараасангүй гэж үзэж байгаа учраас сайдыг огцруулах шаардлагатай хэмээж байгаа юм.

Улмаар хувьцаа эзэмшигчид гэх иргэд өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланг огцрохыг шаардаж, яамны гадна жагсаал эхлүүлсэн бөгөөд үргэлжлүүлэн тусгай зохион байгуулалтад орж Төрийн ордны гадна жагсан, өлсгөлөн зарлана гэж мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл дээрх жагсаалыг “Зэс эрдэнийн хувь” ХХК-тай холбоотой нэр бүхий хүмүүс санхүүжүүлж, хөдөө орон нутгаас иргэдийг хөлслөн авч ирсэн гэдэг мэдээлэл байна. Түүнчлэн дээрх иргэдийг  Чингэлтэй дүүрэгт байрлах зочид буудалд олноор нь байршуулан жагсаалыг удирдаж байгаа гэдэг мэдээлэл ч хэвлэлээр гарч эхэллээ.  

Уг мэдээлэлд дурдсанаар жагсагч иргэд нь “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид биш гэх ба тэд нэг өдрийн гурван сая төгрөгийн хөлсөөр жагсаалд оролцож байгаа аж. Түүнчлэн хөлсөөр жагсаал хийж байгаа иргэдийг байршиж буй газраа нууцлахыг үүрэгдсэн байна. 

Сануулахад, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан “Жагсагч нартай уулзах шаардлага байхгүй. Учир нь хоёр компанийн засаглалын асуудалтай миний бие холбоогүй. Үүний ард улс төрийн зорилго байж болзошгүй. Жагсагчдыг хоол, унаа, орон байраар хангаж зохион байгуулалтад орсон гэсэн мэдээлэлтэй байна” гэх байр суурийг өнгөрөгч долоо хоногт өгч байсан билээ.

 

Top