Аз жаргал зовлон хоёрын дунд хоёрхон хуруу зай бий

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 15

 

Бороо орсоор байв.  Хэдэн цагийн  турш үргэлжлэн орсон борооны улмаас замын бөглөрөл улам ихэсч  замаар өнгөрөх машинууд явган  хүмүүсийн хувцсыг шавхайгаар булах нь энүүхэнд.  Наран “Ажлаасаа арай л эрт гардаг байж. Тэгсэн бол зам арай гайгүй,  ядаж унаанд амжих байсан даа” хэмээн бодсоор автобусны буудал руу алхав. Угаас хүн ихтэй байдаг автобусны буудал цаг орой болсон,  хэдэн цаг орсон усархаг  борооны улмаас автобус унаа хүлээсэн хүмүүсээр хэдийнэ дүүрчээ.  “Автобус ойрд ирэв үү, хэр удаан хүлээж байна? За одоо ч бүр өнгөрлөө. Болохгүй бол хэдүүлээ нийлээд такси барья” гэж ойр хавийн хүмүүс ярьцгаах нь дуулдана. Шүхэргүй гарсныг ч хэлэх үү, нимгэхэн хувцастай Наран бүсгүй нөхрийнхөө утас руу байсхийгээд залгана. Хувийн унаатай нөхрөө ирээд авчих болов уу гэсэн найдвар сэтгэлийн үзүүрт байгаа  болохоор тэр биз.   Хүмүүсийг ажиглаж, ажил төрөл, ар гэрийнхнийхээ тухай бодсоор зогссон тэр хэдийнэ хоёр цаг гаруй автобус хүлээжээ. Удтал хүлээсний эцэст арайхийн ирсэн автобусанд чихэлдэн байж суугаад гэрийн зүг явлаа.  Нимгэн нойтон хувцастай тэрбээр автобусанд арайхийн хөл дээр зогсож явав. Өсгийтэй гутал өмсөж, нойтон хувцас углан даарсан түүний сэтгэл санаа хэдийнэ дулаан гэртээ очсон байлаа. Улаанбаатарчуудын бухимдлыг төрүүлдэг замын түгжрэл бороо шороотойд улам ихэсдэг хойно. Эгээ л яст мэлхийн дээр суусан мэт ганц буудал газар хорь орчим минут явсаар тэр хоёр цагийн дараа өөрийн амьдардаг автобусны буудал дээр ирлээ. Гадаа хэдийнэ харанхуй болж бороо улам ширүүссэн байв.  Угаас нойтон хувцастай байсан тэрбээр даарснаас гадна  гэр хорооллын харанхуй гудмаар явахаас айж байлаа.  Гараа өргөн такси зогсоох санаатай замын хажууд  бас л хэсэг зогсов. Гэтэл түрүүнээс хойш нэлээд хэд залгаад аваагүй нөхөр нь залгах нь тэр. “Хаана байгаа юм, байгаа газраас чинь очоод авъя” гэсэн нөхрийнхөө хоолойг сонсоод баярласан бүсгүй “ Би автобусны буудал дээр байна. Чам руу зөндөө залгалаа.  Нойтон хувцастай,  хөлдөж үхлээ” хэмээн байгаа байдлаар нэг амьсгаагаар шулганав. Харилцуурын цаанаас согтуу хүний хоолой  “ Тэгээд үхээч” хэмээн хайнгадуухан хэлэх  сонсогдоод утас тасрав. Бүсгүй  гэнэт маш их гомдов. Усархаг бороонд утсаа аваагүйд нь, уухгүй гэчихээд дахиад уусанд нь , бас дээрээс нь үхээч хэмээн хэлсэнд нь хэмжээлшгүй ихээр гомдохын зэрэгцээ уур бухимдал нь хүрч байлаа. Хэдий тэгсэн ч байгаа газраас чинь ирээд авъя гэсэн үгийг нь бодоод хүлээж зогсов.  Хэсэг хугацааны дараа түүний нөхөр хамаатны хүүгээр жолоогоо бариулчихсан нэлээд согтуу давхин ирлээ. “Чи буу, би машин барина” хэмээн жолооны ард суув.  Аймшигтай хурдан, гэнэтийн тормоз, тэгснээ маш удаан  хөдлөх төдий, замын наана нэг, цаана нэг гаран давхих нь машинд сууж яваа хүмүүст тун аймшигтай аж. Наран түүнийг жолоогоо орхихыг хэсэг шаардсаны эцэст болиулж чадлаа. Нөхөр нь амандаа нэг юм бувтнах бөгөөд архи тамхины эхүүн үнэр ханхийнэ. Гэрийнхээ үүдэнд иртлээ чимээгүй явсан бүсгүйн түрүүнээс хойш гарахад  бэлэн байсан  уур бухимдал өөрийн эрхгүй амнаас нь урсан гарах нь тэр.  Согтуу нөхөр нь амандаа ямар нэг бувтнан үл дуугарах аж.  

Наран нөхрөө согтуу машин барихад туйлаас дургүй. Угаас жолооч архи хоёр хэзээний таарах нөхөд биш хойно. Тэгээд ч түүний нөхөр согтуу машин барьж яваад асуудалд орж байсан удаатай. Амьд гарсанд нь бүсгүй одоо хэр баярлаж согтуу бүү машин бариарай гэж ахин дахин гуйдаг билээ. Эхнэр нь өөрийг нь загнаад байгааг мэдсэн нөхөр нь машины хаалгаар буунгуутаа хаалга хаахаар оролдсон Нарангийн урдуур орж машины хаалгыг тас хийтэл өшиглөлөө.  Түрүүнээс хойш дэлбэрэхэд бэлэн байсан бүсгүйн уур энэ үед гэнэт задран нөхрөө  түлхтэл нөхөр нь газар тэрий хадан унав. Эхнэр нөхөр хоёрын аль аль уурлаж Наран бүсгүй “Би чамд гомдож байна. Чамд яаж хэлвэл ойлгодог хүн бэ,  арай ч дээ үхээч гэж хүнийг хэлдэг хүн байх уу ” хэмээн байдаг чадлаараа хашхирлаа. Хажуу айлын хүмүүс болиоч ээ хэмээх нь ч дуулдана. Уурласан эр эм хоёр гэртээ орж хэрүүлээ үргэлжлүүлэв. Бүр даамжирвал зодоон болох ч шинжтэй. Хамаатны залуу хүү тэднийг эвлэрүүлэхийг хий дэмий л оролдох аж. Гал дээр тос нэмэх мэт нөхрийнх нь хорон үг Наранг бүр байж болохын аргагүй хатгана. Угаас түүний нөхөр “Өөрөө уусан үедээ Наранг архи уусан байна. Хэн нэгэнтэй уулзаад ирэв үү. Чи сүүлийн үед их өөр болсныг би мэдээд байгаа ” гэх мэтээр хий харддаг зантай. Наран ч ууртай үедээ хэлэх гэснээ хэнээс ч айхгүй  хэлчихдэг талтай. Дайн дажин мэт өрнөсөн тэдний хэрүүлийн гал хүүхдийн өрөвдөлтэйгээр "Аав аа ээж ээ болиоч ээ" хэмээн  орилох дуунаар бага багаар  намжих үед бүсгүй үрсээ харан өрөвдөж өөрийгөө зүхэн суулаа. Тэрээр энэ бүх хэрүүлийн үр дүнд нэг нь гэмт хэрэгтэн болж торны цаана суухад тун ойрхон байгааг гэнэт мэдрэв. Хачин ихээр харуусч, бүх юм муугаар дуусаагүйд бурханд талархаад баршгүй санагдана.

 Амьдралдаа алдсан хүн зөндөө бий. Тэд уурласан, согтсон үедээ ихэвчлэн хэрэг хийж  шоронд  насаараа харамсан суудаг.  Хэрэв цаг хугацааг буцааж болдог бол, тэр үед жаахан тэвччихсэн бол хэмээн харуусан суух эрх чөлөөгөө хасуулагчдын зовлонг Наран ойлгожээ.  Яс махаараа мэдрэв. Хүн хэдий ухаантай ч уурлахаараа мунхаг болдгийг, эр хүн хэдий уужуу  ч согтохоороо тэнэг болдгийг тэрээр болж өнгөрсөн бүхнээс мэдэрч байв.  Аз жаргал зовлон хоёрын дунд ухаан тэвчээр гэсэн хоёрхон  хуруу зай  байдгийг бүсгүй  сайтар ухаарчээ. Амьдрал үргэлжилсээр...

Б.Сайнаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top