Японы элчин сайдын яаманд өчигдөр цэцэрлэгийн орчин, үйл ажиллагааг дэмжих 2 төсөл хэрэгжүүлэх гэрээг үзэглэлээ. Япон улсын гадаад хэргийн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын Төрийн бус байгууллагыг дэмжих тэтгэлэг олгох хөтөлбөрийн санхүүжилтээр “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” төслийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ.
“Хүүхдэд ээлтэй цэцэрлэг”-ийн төсөл хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд 2011 оноос нэгдүгээр үе шатандаа Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргүүдийн 16 цэцэрлэгийг хамруулан ажилласан юм. Энэ удаа цэцэрлэгийн тоог нэмж 22 цэцэрлэгийг хамруулан ажиллахаар болжээ. Уг төслийн хүрээнд 38 цэцэрлэгт 573,875 ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж Японы Хүүхдийг Ивээх Сан хэрэгжүүлнэ. Цэцэрлэгийн хүний нөөцийг хөгжүүлэх, цэцэрлэг болон эцэг эхийн уялдаа холбоог бий болгох, цэцэрлэгийн барилга байгууламжийг сайжруулах зэрэг үйл ажиллагаагаар дамжуулан “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн боловсролын орчинг сайжруулахыг зорьж байгаа аж. Энэ оны наймдугаар сараас ирэх жилийн найман cap хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Мөн Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 95-р цэцэрлэгийн их засварын төсөл”-ийн гэрээнд мөн гарын үсэг зурлаа. Цэцэрлэгийг засварлахад 107,742 ам.доллар буцалтгүй тусламж өгсөн юм. Энэхүү төслөөр хуучирч муудсан, бороо цасны дусаал гоожиж, халаалтын систем нь эвдэрсэн цэцэрлэгийг засварлаж, хүүхдүүдэд аюулгүй, эрүүл орчинд боловсрол олгохыг зорьжээ. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такэнори Шимизү болон Японы элчин сайдын яамны хамт олон, Японы Хүүхдийг Ивээх Сангийн захирлын үүрэг гүйцэтгэгч хатагтай Такако Шибата, Баянгол дүүргийн засаг дарга Л.Амгалан, БСШУЯ-ны сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн н.Мягмар нар оролцсон юм.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )