Нийслэлийн иргэний танхимын анхны хуралдаанаар нийслэлийн зам засварын ажлыг түргэвчлэх, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах талаар ярилцлаа. Энэ онд нийслэлийн зам засвар, шинэчлэлтийн ажилд улсын болон нийслэлийн төсөв, Хөгжлийн банк, замын сангийн санхүүжилтээр 70 орчим тэрбум төгрөг зарцуулах юм. Сүүлийн жилүүдэд замын салбарт хөрөнгө оруулалт нэмэгдүүлсээр атал зам засварын ажил иргэдийн сэтгэлд нийцтэл өөдлөхгүй байгаагийн шалтгааныг хэлэлцэв. Хурлын үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат “Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний санал” дэвшүүллээ. Тэрээр төрийн албан хаагчдыг автобусаар явуулж болох гарц хөндөв. Улсын хэмжээнд 155 мянган төрийн албан хаагч ажилладаг. Тэдний дийлэнх нь нийслэл дүүргийн төрийн захиргаанд ажиллаж байгаа. Төрийн албан хаагчдаас хамгийн багаар тооцоход 15 мянга гаруй хүн хувийн автомашинаар ажил, гэр хоёрын хооронд зорчдог. Тиймээс хувийн унаанаасаа татгалзаж, нийтийн тээврээр зорчих нь замын ачааллыг багагүй хувиар бууруулна. Замын хөдөлгөөний ачаалал, ажил эхлэх, тарах үеийн түгжрэлийг бага ч болов бууруулах хүчин зүйл нь төрийн албан хаагчийн үүрэг оролцоо юм” гэсэн саналыг дэвшүүлсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр төлбөртэй зогсоолын асуудал яригдлаа. Нийслэлд одоогийн байдлаар Нийслэлийн захирагчийн ажлын алба, Спортын төв ордон, Драмын театрын өмнөх талбай гэсэн гурван газарт төлбөртэй зогсоол ажилладаг. Тиймээс Нийслэлийн захирагчийн албанаас төлбөртэй зогсоолын тоог 24 байршилд нэмэх төлөвлөгөөтэй байна гэдгээ дуулгасан юм. Гэмтэл согог судлалын эмнэлгийн өмнөх талбай, Энэбишийн гудамж, Шастины төв эмнэлэг гэх мэтийн газруудад үүнийг хэрэгжүүлснээр 4500 орчим автомашины зогсоолыг шийдвэрлэх боломжтой. Иргэд машинаа нэгдүгээр эгнээнд зам хааж тавин хөдөлгөөнд саад учруулах нь багасна гэж үзжээ. Нийт 21 төлбөртэй зогсоолыг байгуулахад нийтдээ 10 орчим тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Энэ ажлыг төсвийн мөнгөөр бус хувийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх нь оновчтой юм гэдэг саналыг нийслэлийн удирдлагууд хэлж байв. Замын хөдөлгөөнийг ачааллыг бас нэг арга зам томоохон худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах санал байв. Иргэдийн ажил эхлэх, тарах цагтай томоохон захуудын цагийн хуваарь зэрэгцдэг нь зам түгжрэх гол шалтгаан болдог гэж албаныхан хэлж байна.
Улаанбаатар хотын авто замын салбарт хийгдэх бусад арга замуудын тухайд тээврийн хэрэгслийн улсын дугаараас хамаарч явах замыг сонгохын зэрэгцээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг сургуулийн автобустай болгох зайлшгүй шаардлага байна гэв.
Мөн 2010 оноос эхлэн зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэл нийтийн тээврийг замын зөвхөн нэгдүгээр эгнээгээр зорчиж байх шийдвэр гаргасан. Хагас дутуу хэрэгжсэн энэ ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд явах чиглэлийг сунгаж Эскадрилын хөшөөнөөс 25 дугаар эмийн сан хүртэл байхаар болсон байна. Энэ ажил энэ сарын 25-наас хэрэгжиж эхлэнэ.
www.ulaanbaatar.mn

Сэтгэгдэл ( 0 )