Хөхний хорт хавдрыг оношлогооны багаж хэрэгсэлгүйгээр мэдэх боломжтой

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 15

Хавдар гэдэг нь биеийн эсүүдийн өвчин бөгөөд бие махбод нь сая сая өчүүхэн эсүүдээс бүрддэг. Биед олон төрлийн эсүүд байх ба эдгээр эсүүдээс бий болсон төрөл бүрийн хавдар байдаг. Бүх төрлийн хорт хавдрын нийтлэг зүйл нь хавдрын эсүүд хэвийн бус ба "хяналтаас гадуур" олширдог явдал юм. 

Хорт хавдар нь олширсоор байгаа хавдрын эсүүдээс бүрдсэн "бөөгнөрөл" буюу "өсөлт" юм. Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл хавдар бөгөөд хорт хавдрын улмаас нас барсан хүмүүс дийлэнх хувийг эзэлж байна.

Анагаах ухаанд хөхний хорт хавдар буюу өмөнгийн үүслийн тодорхой шалтгаан нь одоог хүртэл тогтоогдоогүй байна. Энэ төрлийн хавдар нь ил хэлбэрийн хавдар юм. Гэхдээ эрдэмтэд өвчлөлийг үүсгэж болох өндөр магадлалтай бүлэг эрсдэлийн хүчин зүйлүүдийг тодорхойлсон байдаг. Тухайлбал, цацраг идэвхт туяатай орчинд ажиллах, эм бэлгийн даавар эстрогены түвшин ихсэх, цусан төрлийн удамд хөхний өмөнгөөр өвдсөн хүн байх, бамбай болон бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа алдагдах гэх мэт. Сонирхолтой нь Ватиканы гэлэнмаа нарын дунд хөхний өмөнгөөр өвдөх тохиолдол нь тогтмол бэлгийн амьдралтай энгийн эмэгтэйчүүдээс 2-3 дахин их  байдаг байна. Хөхний хорт хавдрыг эрт үед нь оношлуулсан тохиолдолд эдгэрэх боломжтой аж. Тэгээс нэгдүгээр шатандаа илэрвэл эдгэрэх магадлал 87-92 хувь байдаг. Үүнээс цаашлаад эдгэрэх хувь нь буурдаг бөгөөд дөрөвдүгээр үедээ 13 хүртэлх хувь буурдаг аж. Энэ нь тухайн хүний бие организмаас шалтгаалж эмчилгээ нь өөр өөр байдаг ажээ. Хөхний хорт хавдрын шинж тэмдэг илрэхдээ хөхний өнгө, хэлбэр өөрчлөгддөг. Мөн хөхнийхөө товчийг шахаж үзэхэд хөхүүл биш хэрнээ шүүс, цус гарах нь сэжигтэй шинж тэмдэг илэрч байгаагийн дохио юм. Хөхний хорт хавдрыг ямар ч оношлогооны багаж, тоног төхөөрөмж хэрэглэхгүйгээр хөхөө тэмтрээд илрүүлж болдог байна. Манай оронд хөхний хорт хавдраар 50-иас дээш насныхан их өвчилж байна. Харин залуу охид, бүсгүйчүүдийн өвчлөл өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгджээ.

Д.Шинээ           

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top