Эртний сүм, хийдийн барилгын гайхамшгийг сонирхоорой

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 06

Монголын Үндэсний Музейд өнөөдөр “Монголын сүм хийд” нэртэй нэгэн гайхалтай уран зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ.

Нэрнээсээ л юуны тухай өгүүлэх нь тодорхой санагдсан үзэсгэлэнгийн танхимаар орвол эргэн тойрон эртний сүм, хийдийн уран зураг харагдана. Үзэсгэлэн хоёр бүлэгтэй юм. Эхний бүлэг нь “Тансам ламын үлгэр”. Үүнд тус музейн сан хөмрөгт хадгалагдаж байсан бүтээл багтжээ. Зургийг сайтар ажиглавал сүм хийдийн уран барилгыг тодорхой харуулснаас гадна тэдгээрийн хананд байрлаж байсан сийлбэр болон элдэв янзын хээний зураг гайхалтай санагдана.

Харин “Хүрээ 30 аймаг” бүлэгт урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Дунбүрээгийн зүүн хүрээ гучин аймгийн хийдийг сэргээн зурсан уран зураг багтжээ. Тэрбээр 1986 оноос судалгаагаа хийж 1990-ээд оны эхээр бүтээлдээ шаргуу оржээ. Хамгийн сонирхолтой нь Г.Дунбүрээ бүх зургаа тухайн байршил нэртэй нь олж тогтоосонд байв. Үзэсгэлэнд 40 орчим бүтээл багтжээ.

Эдгээр бүтээлийг нийтэд дэлгэх болсны учир нь дээрх музейн хамт олон “Манай улсын иргэд уран барилгын талаар мэдлэг хомс байдагтай холбоотой. Ялангуяа сүм, хийдийн талаар мэдлэг бага байдаг тул үүгээр дамжуулж таниулахыг чухалчилсан” гэж хариулав.   

“Тансам ламын үлгэр” бүлэгт багтсан бүтээлийг 30 жилийн өмнө олны сонорт хүргэж байсан аж. Тиймээс залуусын сонирхлыг ихэд татаж байв. Үзэсгэлэн ирэх сарын 5 хүртэл үргэлжилнэ.  

У.Баяраа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top