Шинэ төрлийн ханиад илэрчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 19

Монголчууд зуны улиралд ханиад хүрсэн нэгнээ "Халуун зунаар ханиад хүрээд байхдаа яахав дээ" хэмээдэг. Гэтэл сүүлийн үед халууны ханиад гэж ярих боллоо. Энэ талаар “Чимэ-жүд” эмнэлгийн дотор, зүрх судасны их эмч С.Болорчулуунаас тодрууллаа.

Тэрээр “Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс болоод жил ирэх тусам шинэ төрлийн өвчлөл нэмэгдсээр байна. Манайд хандаж амбулаториор үйлчлүүлж байгаа 10 хүн тутмын долоо нь хоолойны ангина буюу хоолойны гүйлсэн булчирхайн үрэвсэлтэй ирж байна. Энэ үрэвслээсээ болж дотор эрхтэн нь өвчилсөн байдал ажилагдсан. Анх БНСУ-аас ирсэн хоёр хүн ирж үзүүлсэн. Нэг нь Солонгост ажиллаж байсан хүн, нөгөө нь түр ажлаар очоод ирсэн хүн байсан. Эхний хүн нь анх ирэхдээ хордлоготой, даралт нь унасан, хоолны хордлоготой андуурагдам шинж тэмдэг илэрсэн. Тэр хүний хэлж байгаагаар энэ өвчнийг халууны ханиад гэж нэрлэдэг. Солонгосчууд ханиад гээд нэг их тоодоггүй, хордлого тайлах эмчилгээ хийдэг гэсэн. Үнэхээр хордлого тайлах эмчилгээ хийлгээд эдгээд гарсан. Хоолой үрэвсэж идээлээд түүнээсээ улбаалж ходоод гэдсийг хямрааж хүчтэй хордлогод оруулдаг. Цөс, ходоод, нойр булчирхай, бөөр зэрэг эрхтнийг гэмтээгээд архаг өвчин байвал сэдрээнэ. Зүрхний үйл ажиллагаа алдагдаж, даралт унаж эсвэл гүйлгэж, бөөлжих шинж тэмдэг ажиглагдаж байна. Манайд ирж буй өвчтнүүдээс гүйлсэн булчирхайн арчдас аваад лабораторид шинжлэхээр явуулсан. Удахгүй бактер байгаа эсэх нь оношоор тогтоогдоно. Үүний дараа олон нийтэд зарлаад урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх хэрэгтэй гэж бодож байна” гэсэн юм.

Энэхүү ханиад нь жирийн ханиад шиг нус гоожих, хамар битүүрэх шинж тэмдэг огт илрэхгүй. Шууд л амьсгалын замаар гүйлсэн булчирхай дээр очоод үрэвсүүлдэг аж. Хоолой улайгаад идээ татчихсан хэрнээ өвчин төдийлөн мэдрэгдэхгүй. Харин дотор муухайрч, хоолонд дургүй болох, толгой эргэх, даралт унах, халуурах шинж тэмдгээр илэрдэг байна.

Мөн вирусын гаралтай ханиадыг шинж тэмдэг илрэнгүүт дархлаа сайжруулах, цусан хангамжийг сайжруулах эм уудаг. Гэтэл бактерын гаралтай учраас антибиотик эмчилгээ авахаас өөр аргагүй болдог. Дээрээс нь хордлого тайлах эмчилгээ давхар явагдаж байдаг гэнэ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu