Д.Мишигсүрэн: Ижийдээ очилгүй хичнээн удсан юм бэ дээ /шүлэг/

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 02

Яруу найрагч Д. Мишигсүрэн

Миний оршихуй
Би энэ амьдралын алтан ширхэг
Бийрийн үзүүрт үлдэх үнэн түүхийн гэрч
Хөлчүүхэн шүлгийнхээ хатан хаан
Хөлгөн их судрын хүүрнэл ч байж магад
Би энэ амьдралын зөрөгт саатсан хун
Бичээд орхих өдрийн тэмдэглэл
Чамд дурласан энгийн нэгэн эмэгтэй
Чадал мөхөс ч ухаан тэнүүн ертөнц
Хөшигний завсраар нуугдаж шагайхдаа
Миний харцнаас одод ичингүйрдэг
Өлмийд цэцэгс сөгдөж адислахдаа
Дарс шиг үгэнд минь халамцдаг
Би энэ амьдралын давалгааг сөрсөн жигүүр
Бидэртэх нуурын мандалд дураар хөвөх жараахай
Салхи хөлөглөн чамд очих зөөлөн тэр аялгуу
Сарыг аргамжиж тэнгэрт тэмүүлэх мөрөөдлийн эзэн
Би энэ амьдралын хатууг зөөллөсөн бүүвэйн дуу
Бишгүүрийн аянд замхрах орчлонгийн цагаан тоос
Амьдралд амь нэмэхээр ирсэн бүсгүй тавилан
Аавынхаа сэтгэлд гэгээ нэмсэн охин үр нь ээ.

Нутгийн харчуул
Нандин хайраа өвөрлөсөн нутгийн харчуул
Намрын нарыг согтоож найрын дугараа өргөөд
Зүс ижилсүүлж уяа чимсэн морьдоороо гоёж
Зүйдэл үйл нь таарсан дээл нь тэднийг чимээд
Хөөрцөглөж явсан багын зангаа аль эрт гээж
Хөөрөг зөрүүлж хойморт ханхайн намба суужээ
Хүүхэд насны мөрөөдлөө алгандаа атгаж
Хөзөр сугалахдаа цэцгийн хатад тааруулжээ.
Анхны ангаа намнаж ирээд
Аавд минь магтуулж суусан зарим нь
Аяны дугараанд хоолой нь сааралтаж
Ахад минь аашлуулж явсан зарим нь
Айлгаж намайг шоглож уйлуулчихаад
Арагны ард нуугдаж зогссон зарим нь
Одоо тэд бүгд аав болчихож
Омголон юм шиг хэрнээ үрийнхээ өмнө дуугаа намсгаж
Хөөрцөглөж явсан багын зангаа аль эрт гээж
Хөөрөг зөрүүлж хойморт ханхайн намба суужээ

Ижийдээ очилгүй хичнээн удсан юм бэ дээ
Ажилдаа сатаарч тандаа очилгүй хичнээн удсан юм бэ дээ
Амрах өдрөө хүүхдүүддээ зориулж
Амсхийх ч чөлөөгүй яваа
Алдрай үрээ уучлаарай, ээж ээ
Хацраа үнэрлүүлэлгүй хичнээн удсан юм бэ дээ
Хавар хавартаа бодол минь жиндэхэд
Ханцуйн дахь нулимсаа арчуулах гэж үгүйлсэн
Хааяахан туньдаг багын минь занг өршөөгөөрэй
Хүслээ хорьж чаддаггүй хорвоогийн жамыг дагаж
Хүнийх болж айлын өрх татахаар явчихсан ч
Хүсэл, сэтгэл хоёр минь таны дэргэд байдаг аа
Хүлээлгэж цөхсөн бол уучлаарай, ээж ээ
Хүний орчлонд орон зайгаа олох л гэж
Хүүхэмсүү хорвоогийн аашийг аргадаж явна даа
Хүй цөглөж танаасаа амь тасалсан хэрнээ
Хүрч очих завгүй яваа охин үрээ өршөөгөөрэй
Замиланг сөрж амьдралд ганцаардсан ч
Замын бүдрээнд өвдөг сөхрөхгүй гэхдээ
Зааж сургасан аашийн тань буянд л
Зажлуур их хорвоод сэтгэлийн тэнхээтэй явна аа
Хавирга нэвт үлээсэн орчлонгийн салхийг нөмөрлөж
Хар дарсан зүүдийг бүүвэйн дуу тань аргаддаг
Хацар эсгэж цөхөрлийн нулимс бөмбөрөхөд
Хатан ижий минь таны сүлд намайг өмөөрдөг юмаа
Үүрийн гэгээнээр анивчих оддын ирмээг газарт сөгтгөж
Үзгэн хүлгийнхээ жолоог татан түр амсхийх үедээ тандаа очно оо
Өнгө алаглах цэцэгсийн эрхэмсэг аалийг номхотгож
Өнгөт орчлонгийн аашыг түр мартагнах үедээ таньдаа очно оо
Очих өдрийн минь хоногийг бүү тоолоорой
Оройтож магадгүй шүү, бүү зэмлээрэй
Сэтгэлийн гүнд ижий минь байдаг болохоор
Сэрэмгүй зүүд минь ч амгалан байдаг аа
Тэнгэрлэг таны минь мэлмий ивээдэг болохоор
Тэнэгхэн охин чинь бүтэн нэртэй явдаг юмаа, ээж ээ





Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top