МХЕГ-ын Дэд бүтцийн газрын дарга Б.Жаргал: Зайсанд барилга барьж болохгүй гэдгийг анхааруулж байсан

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 01

МХЕГ-ын Дэд бүтцийн газрын дарга Б.Жаргалтай ярилцлаа.

 

-Сүүлийн үед барилга олноор барих болсон. Барилгын чанарт хэрхэн хяналт тавьдаг юм бэ?

 

-Барилга байгууламж гэдэг утгаар нь авч үзэхээр хяналт тавих маш олон зүйл бий. Барилгыг үйлдвэрийн, орон сууцны, агуулахын чиглэлээр барьж байна. Бас шугам сүлжээ, дулааны сүлжээ, холбоо дохиолол, зам орно. Барих явцад олон газрын үе шаттай хяналт байдаг. МХЕГ-аас хүн хүч, боломж бололцооныхоо хэрээр цөөнгүй шалгалтыг хийсэн. Улсын хэмжээнд улсын төсвөөр, зээл тусламж хөтөлбөрөөр барьж буй барилгууд байдаг. Мөн өөрийн хүч, хөрөнгөөр барьж буй барилгууд ч олон. Тэдгээр барилгыг зөвшөөрөл авахаас нь эхлээд хянадаг. Түүний дараа үе шатны буюу угсралтын явцад хяналт тавьдаг. Төлөвлөгөөнд тусгасны дагуу бас давхар хянана. Хоёрдугаарт, тухайн аж ахуйн нэгж байгууллага хүсэлт тавьбал хяналт тавьж болдог. Барилга болон инженерийн шугам сүлжээнд бас хяналт тавина. Мэргэжлийн хяналтаас гадна тухайн зураг зохиогч, хөндлөнгийн мэргэжлийн байгууллага, захиалагч үе шаттай хянадаг.

-Сүүлийн үед янз бүрийн барилга нэмэгдэж байна. Мэргэжлийн хяналтынхан тэр бүгдэд бүрэн хяналт тавьж чадаж байна уу?

 

-Яг үнэнийг хэлэхэд бүрэн хяналт тавих хүчин чадал Мэргэжлийн хяналтын байгууллагад хараахан бүрэлдээгүй байгаа. Жижиг барилгуудад хүрч ажиллах боломж бололцоо бага. Томоохон өндөр ноцтойд тооцогдох барилгуудыг хяналтад хамруулдаг. Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу, зураг төсөл нь ноцтой гэж гарсан барилгуудыг маш сайн хянадаг. Барилга барих явцад зөрчилтэй зүйл гарсан бол мөн шалгана.

 

-Хүн хүч хүрэлцдэггүй гэсэн үг үү?

 

-Барьж байгаа бүх барилгад нэгбүрчлэн хяналт тавина гэвэл манай байцаагч нар хаанаа ч хүрэхгүй. Нэг барилга дээр жилд 2-3 удаа хяналт тавьдаг. Гэхдээ ганц хүн очихгүй цахилгаан, дулаан, чанар аюулгүй байдал хариуцсан маш олон байцаагч очих болдог. МХЕГ барилгын гурван байцаагчтай. Та бод доо, цахилгаан, дулаан, бас бус чиглэлээр нэг нэг байцаагч бий. Нийслэл нийт барилгын 18 байцаагчтай.

 

-Том байрыг маш сайн хянаж байгаа гэдэгтээ баталгаа өгч чадах уу?

 

-Миний түрүүнд хэлснийг мушгиж ойлгох хэрэггүй. Эрсдэл өндөр гэж үзэж байгаа обьектуудыг хамгийн эхэнд хянана. Үүнд том барилга ч байж болно. Жижиг үйлчилгээний төв ч байж болно. Хамгийн гол нь эрсдэл гарч болзошгүй барилгаа л эхний ээлжид хянадаг.

 

-Эрсдэлтэй барилга гэж ямар барилгыг хэлэх бэ?

 

-Хяналтын хуудас боловсруулаад маш олон зүйлийг шалгадаг. Эрсдэл өндөртэй гарсан, угсралтын явцад хазайлт өгсөн, сууринд ноцтой аюул үүссэн зөрчлийг аюултайд оруулаад байгаа юм. Мөн олон нийтийг хамрах үзвэр үйлчилгээний газар, эмнэлгийн барилгыг эрсдэлтэй гэж үзэж хамгийн эхэнд шалгадаг.

-40 мянгатын болон Засгийн газрын ордны барилга ямар төвшинд хамаарах вэ?

 

-Засгийн газрын ордны барилга дөрвөн блоктой. Эхний барилгыг 1951, 1961 онд барьсан. Сүүлд нь 1981 онд өргөтгөл шинэчлэл хийгээд ашиглаад явж байна. Эхний барьсан барилга дээр үнэлгээ дүгнэлт өгөөд тодорхой ажил хийсэн. Энэ барилга газар хөдлөлтийн үед, ашиглалтын явцад шаардлага хангахгүй болсон гэсэн дүгнэлтийг гаргаад байгаа. 1951 оны барилгад зайлшгүй өөрчлөх шаардлагатай зүйлүүд байна гэдгийг хэлсэн. Тиймээс эдгээр барилгууд эрсдэлтэй төвшинд хамаарна.

 

-Одоо ямар арга хэмжээ авч байна вэ?

 

-Хамгийн сүүлд ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг хэд хэдэн удаа мэдээлэл хийсэн. Төрийн ордны барилга ийм байдалд байна. Мэргэжлийн хяналтаас ийм дүгнэлт гаргалаа. Цаашид ийм арга хэмжээ авъя гээд тодорхой ажлыг хийж байгаа байх. Орон сууцны хувьд оноор нь зааглаад зайлшгүй нураах ёстой барилга байгаа. 40, 50 мянгатын барилга ашиглалтыг шаардлага хангахгүй байгааг удаа дараа хэлсээр байна.

 

-Иргэд угсармал барилгыг сайн гэлцдэг. Энэ нь байраа зарах гэсэн менежмент үү. Эсвэл үнэхээр сайн юм уу?

 

-Стандартын дагуу барьсан бүхий л барилга чанартай. Газар хөдлөлтийн бэхэлгээг сайн хийсэн бол тэр байшин нурахгүй, тааруу хийсэн бол эрсдэлтэй л байж таарна. Хамгийн гол нь барилга барьж эхлэхээс авахуулаад угсралтын явцад стандартаа мөрдөж ажиллах хэрэгтэй. Ингэх юм бол цутгамал ч бай, угсармал ч бай, тоосгон ч бай бүгд чанарын шаардлага хангана. Ганцхан тэр ажлыг л зураг төсөл, тооцооны дагуу хийж гүйцэтгэх ёстой. Үүнийг зөрчвөл асуудал үүснэ. Манайхан арматур, бэхэлгээ хүчитгэл их орохоор мөнгөө гамнах үүднээс өөр хямд материал ашиглаад зураг төслөөсөө хазайх тохиолдол олон.

 

-Зайсангийн аманд маш олон барилга барьсан байгаа. Буулгаж ч болдоггүй, үргэлжлүүлээд барьж ч болдоггүй. Эдгээр барилгын зураг төсөл гарахаас нь эхлээд барьж дуустал Та бүхэн юу хянаж байсан юм бэ?

 

-Зэрэгцээд л шалгаад явсан. Барилга барьж байгааг мэдэхгүй үлдэнэ гэсэн ойлголт байхгүй. Тавьдаг хяналтаа тавиад, хэлдэг шаардлагаа тавьсаар ирсэн. Жил болгон шалгаад энд барилга барьж болохгүй гэдгийг удаа дараа хэлдэг. Хяналт шалгалтын төлөвлөгөөг сар өдөр цагаар нь гаргаж байсан. Саяхан Богд уулын эргэн тойронд шалгалт хийсэн. Өмнөх замбараагүй байдал, зөрчил хэвээрээ байсан.

-Хүндрэлтэй асуудал нь юундаа байдаг юм бэ?

 

-Дархан цаазтай газар ямар барилга барих вэ, газрын захирамжийг хэн олгосон бэ гэдэг асуудлууд хүндрэлтэй. БОАЖ-ийн сайд газар олгосон тохиолдол ч бий, нийслэлийн Засаг дарга газар эзэмших захирамж гаргасан нь ч бий. Гэтэл нөгөө байшин барьж байгаа этгээд захирамжтай болонгуутаа эрхтэй боллоо гэж ойлгоод ажлаа үргэлжлүүлдэг. МХЕГ-аас удаа дараа эдгээр нөхдөд шаардлага тавьж байгаа. Сүүлдээ БОАЖЯ, холбогдох газруудад асуудал тавихаар эргээд янз бүрийн хандлага гаргадаг. Энэ шалгалтын дүнгээ Засгийн газар, ҮАБЗ-д танилцуулдаг. Тийм боловч ач холбогдол өгч байгаа газар бага л байна.

-Хотын төвд барилга ихээр барьж байна. Энэ бүхнийг хангах цахилгаан дулааны эх үүсвэр хэр байдаг вэ?

 

-Цахилгаан дулааны хүчин чадал, ачаалал шинээр барьж байгаа барилгуудыг нөхөж гүйцэхэд үнэхээр хүндрэлтэй байгаа. Станцуудын нөөц хэмжээндээ тулсан байдалтай байгаа. Үүнээс илүүтэйгээр ачаалал хэтрүүлэх боломжгүй юм билээ. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах хэрэгтэй байна. Нар салхины эрчим хүч болон тав дахь эх үүсвэр барих хэрэгтэй байгаа.

-Нийслэлийн замууд нэлээд сайжирлаа. Үүнд хэр хугацааны баталгаа өгөх вэ?

 

-Захиалагч, гүйцэтгэгч байгууллага дээрээс нь Мэргэжлийн хяналтаас хамтраад замын ажлыг хянасан. Энэ жил замд Ерөнхий байцаагчийн нэрэмжит шалгалтыг нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй хийлээ. Үүний үр дүнд хэд хэдэн замыг хааж хуулуулаад дахин шинээр бариулсан. Эргээд гүйцэтгэлийг нь шалгаад даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ. Мөн улсын хэмжээнд хийсэн замын шалгалт саяхан дууссан. Дүнг нь мэдээлэх байх.

-Хяналтыг үр дүнтэй байлгахын тулд яах ёстой юм бэ?

 

-Ганц мэргэжлийн хяналтын газар биш холбогдох бусад байгууллагууд барилга байгууламжийн чанарт тэгш эрхтэйгээр хяналт тавьмаар байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Авто замын газар ч бас хянах эрх үүрэгтэй. Захиалагч гүйцэтгэгч, хөрөнгө оруулагч, зураг төсөл гаргагч ч сайн хяналт тавих хэрэгтэй. Уялдаатай ажиллахгүй байж буруудах зүйл гарвал мэргэжлийн хяналт шалгасан гэдгээ болих хэрэгтэй.

 

Эх сурвалж: Монголын үнэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top