Анхны долоо: Дансранбилэгийн Догсом

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 26

Дансранбилэгийн Догсом Сэцэнхан аймгийн Далай вангийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт 1884 онд төржээ. Багадаа гэрээр монгол бичиг заалган сурч, 15 наснаас Богд хаант Монгол улсын төрд алба хашжээ. Хошууны чуулганд бичээч, Сангийн болон Цэргийн яаманд эх зохиогч түшмэл зэрэг албыг хашиж явсан байна. Тэрбээр Монгол оронд үндэсний хувьсгал хийх замаар улс төрийн тогтолцоог өөрчлөх, ардын засаг төрийг байгуулж бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн. 1921 оны Ардын хувьсгалын “анхны долоо” буюу Догсомын Бодоо, Солийн Данзан, Дамдины Сүхбаатар, Дамбын Чагдаржав, Хорлоогийн Чойбалсан, Дарьжавын Лосол нарын нэг. Д.Догсом 1921 оноос Дотоод яамны эрхэлсэн түшмэл, Цэргийн яамны дайчлан бүртгэх хэлтсийн эрхлэгч, Ховдын хязгаарт Засгийн газрын төлөөний түшмэл, 1926-1927 онд ЗСБНХУ-д суугаа Бүрэн эрхт төлөөлөгчийн газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1928 онд Алтанбулаг хотын сайд, 1929-1930 онд Эдийн засгийн зөвлөлд хэлтсийн дарга, 1930-1932 онд Хувьсгалын музейн эрхлэгчээр ажиллаж байв. Тэрбээр 1932-1933 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Улаанбаатар хотын Захиргааны даргаар томилогдон ажиллаж, дараа нь Тувад Элчин сайд байгаад МАХН-ын Төв хорооны гишүүн, 1936 оноос БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн даргаар дэвшжээ. Цусан гавьяаны одонгоор гавьяа зүтгэлээ үнэлүүлж, БНМАУ-ын хариуцлагатай албанд зүтгэж явахад нь Д.Догсомыг 1939 оны долдугаар сарын 9-нд баривчилсан байна. Түүнийг Зөвлөлт Оросын Эрүүгийн хуулийн 58.1-А болон 7, 11дүгээр зүйл, ангиудаар яллан Москвад эрүүдэн шүүж, 1940 онд цаазлан хороожээ. БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн дарга Д.Догсомыг ялласан хавтаст хэрэгт “Пан Монголын хувьсгалын эсэргүү тагнуулын хуйвалдагч байгууллагын удирдагчдын нэг, БНМАУ дахь ардын хувьсгалын ололтыг түлхэн унагах, Японы нөлөөн дор феодалын хөрөнгөтний төрт улс байгуулах зорилго тавьж байсан. Хувьсгалын эсэргүү байгууллагад 1935 онд БНМАУ-ын Ерөнхий сайд асан А.Амарт элсэгдсэн бөгөөд түүний удирдлага дор хорлон сүйтгэх тагнуулын урвагч үйл ажиллагааг хэрэгжүүлж байсан. 1935 онд Манжуурт байхдаа БНМАУ-ын хилийн комиссын гишүүний хувьд Япон, Манжуурын талтай хэлэлцээ хийж, Японы тагнуулын байгууллагын нэрт төлөөлөгч Инокүчи, Ханки нартай холбоо тогтоон Монголд төрийн эргэлт гаргахад зэвсэгт тусламж авах асуудлаар ярилцаж байжээ... 1938 онд хуйвалдааны идэвхтэн болох МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга асан Лувсаншаравтай тагнуулын хуйвалдагч харилцаа тогтоосон. Хувьсгалын эсэргүү байгууллагад шинэ гишүүдийг элсүүлэн авч байсан. Дараах хамтрагчдынх нь мэдүүлгээр илчлэгдэж байгаа: Амар, Лувсаншарав, Лосол, Галиндэв, Пүрэвдорж, Батсүх нартай нүүрэлдүүлсэн” гэжээ. Д.Догсомд тулгасан хэргийг БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комисс 1962 онд нягталж үзээд “улс төрийн хилс хэрэг” хэмээн цагаатгасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top