Анхны долоо: Хорлоогийн Чойбалсан

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 26

Хорлоогийн Чойбалсан 1895 оны 2-р сарын 8-нд тэр үеийн Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны зүүн Суваргачин отгийн хамжлага, малчин эмэгтэй Хорлоогийн хүү болон төржээ. Түүний эцэг нь Жамц хэмээх Манжуур дахь Дагуур Монголоос цагаачилж ирсэн хүн байв. Гэвч тэр нутаг усныхан, ялангуяа хошуу тамгын газраас Жамцыг элдвээр хавчиж байсан учир Чойбалсангийн эх Хорлоотой гэр бүл болж чадалгүй, хүүгээ эхийн хэвлийд байхад орхин явсан байна. Харин хүүгээ төрсний дараа буцаж ирэн, хүүдээ Дугар гэдэг нэр өгч эхнэр хүүхэдтэйгээ хэсэг хугацаанд хамт байсан ч удалгүй буцаж яваад, эргэж ирж амжилгүй өөд болжээ. Нутгийнхны дунд:

“Дагуур гаралтай Жамц чинь
Дагуулах ханьтай болсон шүү
Даамай амраг Хорлоо минь
Сэтгэлээ тайлах болсон шүү” хэмээн дуу гарч байсан гэдэг.

Дугар хүү хоёр айл дамжин үрчлэгдэж, эцэст нь төрсөн эх дээрээ буцаж ирсний дараа долоон наснаасаа эхлэн төвд ном үзэж, улмаар 13 насандаа Санбээсийн хүрээнд шавилан сууж, сахил хүртэн, Чойбалсан хэмээх нэртэй болсон байна. Чойбалсан 1910 оны зун хөдөө гэртээ хариад, буцаж Санбэйсийн хүрээнд очсонгүй. Найз Гэндэн-Яринпилийн хамт Их Хүрээнд ирж, хар бор ажил хийн амьдрах болов. Чойбалсан 17 насандаа Монгол улсын Гадаад яамны байгуулсан "Орос, монгол хэл бичгийн сургуульд" тус сургуулийн багш буриад Данчиновын дэмжлэгээр орж суралцан, жилийн дараа сурлага, сахилгаараа шалгарч, 1914-1917 онд Орос улсын Эрхүү хотод бусад 8 монгол хүүхдийн хамт суралцжээ.

X.Чойбалсан нь хоёр удаа гэрлэсэн бөгөөд анхны эхнэр Бортолгойтой 1921-1935 оны хооронд амьдарч байв. 1935 онд албан ёсоор гэр бүлээ цуцах үедээ Бортолгой: “Чойбалсан чи бол нам, төрийн өндөр хариуцлагатай албан үүрэг хүлээсэн хүн над мэтийн шашин мөргөлд автсан энгийн дорд хүүхнээр юу хийх вэ? Үзэл бодол таарахгүй бол чи бид хоёрын хэн хэнд сэтгэлийн зовлон. Би чамайг жирийн нэг сайн эмэгтэйтэй танилцуулъя” хэмээн Б.Гүндэгмаатай ойртуулаад салсан гэдэг. Б.Гүндэгмаа бол маршал Чойбалсанг насан эцэс болтол дэргэд нь байсан түшигтэй хань нь байлаа. Маршал Чойбалсан Нэргүй, Сувдаа хэмээх хүү, охин хоёртой байсан ба Нэргүй нь маршалын төрсөн хүү ажээ.

Х.Чойбалсан 1917 оны Оросын хувьсгалын улмаас Эрхүү хотоос нутагтаа буцан ирж "Цахилгаан мэдээний түр сургууль" дүүргэсэн байна. Чойбалсан Орост болж буй үйл явдлыг нүдээр үзсэн мөн үндэсний ардчилсан үзэлтэн Бодоотой дотно нөхөрлөсөн нь түүний цаашдын хувь заяанд үндсэн эргэлт гаргав. 23 настай залуу Чойбалсан 1918 онд эх үүсвэрээ тавьсан Консулын хувьсгалт бүлгийн нэг гишүүн боллоо. Улмаар анхны долоон нөхдийн бүрэлдэхүүнд орос хэлтэй учир багтаж, Эрхүү хотноо их үйл хэргийг сэдэлцэж эхэлсэн юм. Тэрээр хувьсгалын хэрэгт идэвхийлэн оролцож, Ардын журамт цэргийн суртлыг номлогч, улмаар 1921 оны 5 сарын сүүлчээр баруун замын тусгай ангийн цэргийн захирагч, Ардын журамт цэргийн дэд жанжнаар тус тус томилогдон хүчин зүтгэжээ. Иймээс ч тухайн үед Монгол оронд үүрлэсэн оросын цагаантныг устгах үйл ажиллагааг удирдахад онцгой гавъяа байгуулсан гэж Зөвлөлт Засгийн газраас түүнийг Д.Сүхбаатар, С.Магсаржав нарын хамт 1922 онд Улаан тугийн одонгоор шагнаж байв.

1921 оны хувьсгалын дараа Х.Чойбалсан улс орноо өөрчлөх, шинэтгэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж эхлэв. Юуны өмнө 1921 оны 8 сарын 25-нд МХЗЭ-ийг үүсгэн байгуулалцаж, Эвлэлийн Төв Хорооны анхны даргаар сонгогдов.

1922-1931 он:1922-1931 он бол Х.Чойбалсангийн амьдралын тун ээдрээтэй хэсэг болно. Тэрээр "Бодоогийн хэрэгт" холбогдон намын орлогч гишүүн болон шийтгэгдэж, ЗХУ-д цэргийн сургуульд явсан боловч өвчний учир буцаж иржээ. Харин 1924 оны намраас 1928 он хүртэл бүх цэргийн жанжин, 1929-1930 онд Улсын Бага Хурлын дарга байж, бас Феодалын хөрөнгө хураах төв комиссыг толгойлж байв. Харин 1930 онд Х.Чойбалсан “барууны үзэлтэн” мөн архинд орсон гэх зэргээр шүүмжлэгдэж нэг хэсэг ажилгүй хүртэл байв. 1931 оны эцсээр тэрээр Мал тариалангийн яамны сайдаар томилогдож, дахин төрийн албанд гарч ирсэн байна.

1934 онд Москвад очиж жил шахам болжээ. Мөн энэ үедээ "Лхүмбийн хэрэг" гэгчид нэр холбогдож байв. Энэ Москвад өнгөрүүлсэн жил шахмын хугацаанд Чойбалсан чухам юу хийж байсан нь тун учир битүүлэг байдаг. Зарим судлаачид архины эмчилгээнд явсан байх гэж таамаглах авч олонхи нь Зөвлөлтийн тусгай албад түүнийг сэнхрүүлэн, боловсруулсан байх гэж үздэг. Учир нь түүнд 1935 оны 3 сард ЗХУ-аас суудлын 20 автомашин бэлгэнд ирж, удалгүй мөн оны эцсээр Сталины шууд санаачилга, оролцоотойгоор Ерөнхий сайдын орлогчоор томилогдов. Энэ үеэс түүний тасралтгүй өгсөх зам эхэлсэн байна. Сталин, түүний гар хөл бологчид, Коминтерн өөрсдийнхөө бодлого, үйл ажиллагааг Монголд үг дуугүй хэрэгжүүлэх хүнийг хайсаар түүнийг олсон байна. Удалгүй Чойбалсанг 1936 онд Дотоод яамны сайдаар хавсран томилов. 1930-аад оны сүүлчээр Чойбалсангийн гарт ихээхэн эрх мэдэл төвлөрч, улмаар тус улсын Засгийн газрын тэргүүн болон, Сталины зааварчилгаагаар 30 гаруй мянган хүнийг хилсээр хэлмэгдүүлжээ.

Х.Чойбалсангийн толгойлсон "Онцгой бүрэн эрхт комисс" Дотоод яамнаас оруулсан нэрсийн жагсаалтаар асуудал шийддэг, зөвхөн нэг өдрийн хурлаар 129-1,278 хүнд ял оноодог байжээ. Эдгээр хүмүүс хэргийн бүрдэлгүй, өмгөөлөгчгүйгээр "Онцгой бүрэн эрхт комиссын" хурлаар шийтгэгддэг байв. 1939-1940 онд “Японы тагнуул” хувьсгалын эсэргүү хэмээн хилс хэрэгт баригдаж шийтгүүлсэн 28,451 хүнээс 73% нь буудуулсан байна. Үүнээс 36% нь нам болон төрийн албан хаагчид, цэргийн хүмүүс, ажилчин, энгийн ард, үлдсэн нь лам нар байлаа. Хэлмэгдүүлэлтийн гол шалтгаан нь Монголын геополитикийн орчинд гарсан өөрчлөлт, түүнд үндэслэсэн Оросын стратегийн сонирхол байсан боловч Чойбалсангийн хахир хатуу, хардамтгай зан авир ихээхэн нөлөөлжээ. Их хэлмэгдүүлэлтийн үед хэлмэгдүүлэлтд өртөөгүй айл өрх Монголд байсангүй. Уран барилгын хосгүй их дурсгал, олон зуун сүм хийд, тэдгээрт хадгалагдаж байсан түүх, соёлын дурсгалыг устгасан нь Х.Чойбалсангийн үйл ажиллагаатай шууд холбоотой байв. Зөвлөлтийнхний өөрсдийн нь тооцоолсон доод ханшаар Монголын сүм хийдүүдийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө 57 сая алтан рубль болж байв.

Монгол улсын гадаад байдал хурцадсаар 1939 онд Халхын гол орчим БНМАУ болон Япон тулалдахад хүрэв. Энэ байлдаанд Монгол Ардын хувьсгалт цэргийг маршал Х.Чойбалсан командалжээ. Дөрвөн сар гаруй үргэлжилсэн Халхын голын байлдаан Монгол-Зөвлөлтийн ялалтаар төгссөн ба “Японы тагнуул”, “Хувьсгалын эсэргүү” гэсэн айдсыг монголчуудын дунд дэвэргэн, улс төрийн бурангуй хэлмэгдүүлэлтийг зөвтгөх шалтаг болов. Энэ нь хожим Чойбалсанг тахин шүтэх нэг шалтгаан болсон байна. Х.Чойбалсан 1940 оны МАХН-ын X их хурал, Улсын VIII Их хурлын бэлтгэлийг сайтар хангаж, улмаар уг хурлуудаас гаргах шийдвэр нь олон түмний урам зоригийг сэргээж чадахуйц байх ёстой гэж үзлээ. Ингээд үүндээ туслалцаа хүсэхээр 1939 оны 9 сард Москвад очив. Уг уулзалтаар Зөвлөлтийн тал Наушкаас Улаанбаатар хүртэл төмөр зам тавих, мах комбинат, автотехникийн болон цементийн завод барихад туслах болсон байна. МАХН-ын X, Улсын VIII их хурлаас улс орны хөгжлийн тулгамдсан зорилтуудыг тодорхойлон Улсын VIII их хурал БНМАУ-ын хоёр дахь Үндсэн хуулийг батлав. Тухайн үед Чойбалсанг тахин шүтэх явдал газар авч байсан учраас энэ Үндсэн хуулийг "Маршал Чойбалсангийн Үндсэн хууль" гэж нэрлэж байлаа.

Х.Чойбалсанг Монголыг удирдаж байх хугацаанд БНМАУ 1939, 1945 оны хоёр томоохон дайнд оролцон ялалт байгуулсан, мөн 1945 оны тусгаар тогтнол нь түүнийг тахин шүтэх явдлыг улам лавшруулж, дарангуйлах нэр хүндийг нь өргөжээ.

Х.Чойбалсан их гүрнүүдийн зүгээс бага орны удирдагчид үзүүлдэг дарамт, шахалт бүхий амаргүй хувь тавиланг амссан ч, Монголын тусгаар тогтнолыг тууштай сахин хамгаалах, гадаад бодлогын харьцангуй бие даасан чиг шугам баримтлахыг хичээн оролдож байв. И.В.Сталины мэндэлсний 70 жилийн ойн ёслолын арга хэмжээнд Европ, Азийн орнуудын нам, төрийн удирдагчид бүгд Москвад очиж үнэнчээ харуулахад, Х.Чойбалсан өөрийн биеэр очоогүй байна. ЗСБН Автономит Тува улсын тэргүүн Салжиг Тогоо Монголд айлчлах үедээ Монголыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд орохыг ятгах үг хэлэхэд Чойбалсан ихэд уурлан, алгадсан гэдэг яриа тархсан байдаг. 1950 онд Монголын хэдэн сэхээтэн улс орныхоо хөгжлийг түргэтгэх гол арга зам бол ЗХУ-ын бүрэлдэхүүнд даруй орох явдал хэмээх санал өргөхөд тэрбээр мөн асар дургүйцэн, тэднийг зэмлэж байсан баримт мөн бий.

“Монголын бүх ард түмний дотны хайрт жолоодогч", "Хайрт эцэг" хэмээн өргөмжлөгдөж байсан Монголын төрийн зүтгэлтэн Х.Чойбалсан 1952 оны 1 сарын 26-нд таалал төгсчээ. Намын Төв Хороо, Их Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөлийн эмгэнэлийн бичигт "...манай улсын бүх түүх бол Ардын хувьсгалыг мандуулах ба манай орныг цэцэглүүлэх үйл хэрэгт бүх амьдралаа зориулсан нөхөр Чойбалсангийн нэртэй холбоотой юм..." гэж тэмдэглэсэн байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top