Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын оролцогчид 2023 оноос хойш анх удаа Украины асуудлаар санал нэгтэй мэдэгдэл гаргалаа.
Нийт 18 заалт бүхий мэдэгдэлд Орост тавьдаг шаардлагуудаа дахин тавьж, Украинд тусламж үргэлжлүүлэн үзүүлэхээ амлажээ.
Украины асуудалд хориг тавьж байсан Унгарын ерөнхий сайд Виктор Орбан солигдож, Европын Комисс Унгарт ногдох 16.4 тэрбум еврогийн санхүүжилтийг царцаасныг цуцалсны дараа ЕХ-ны бүх 27 гишүүн орны тэргүүн нар Украины асуудлаар бүрэн хэмжээний мэдэгдэл гаргалаа.
Баримт бичигт зааснаар, ЕХ Орост үзүүлэх дарамт шахалтаа чангатгаж, тус улсын цэрэг, батлан хамгаалахын эдийн засгийг сулруулах замаар Москваг яриа хэлэлцээний ширээний ард суулгахаар зорьж байна. Түүнчлэн, талууд “сүүдрийн флот”-той тэмцэх замаар Оросын эрчим хүчний эх үүсвэрийн экспортын орлогыг бууруулах, 21 дэх удаагийн багц хориг арга хэмжээг ойрын үед батлахыг уриалжээ.
Шинэ багцын агуулга тодорхойгүй байгаа ч зарим хэвлэлүүдийн бичсэнээр, тус багцад Украин дахь цэргийн ажиллагаанд оролцож байгаа Оросын цэргийн алба хаагчдад ЕХ-ны хилээр нэвтрэхийг хориглох, Оросын үнэн алдартны сүмийн тэргүүн, Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Аркадий Дворковичийг хар жагсаалтад оруулах мөн Оросын эрчим хүч, санхүү болон худалдааны салбарын эсрэг хориг арга хэмжээ авах зэрэг асуудлуудыг тусгасан аж.

Сэтгэгдэл ( 0 )