АНУ-ын ТТГ-ын экс ажилтны гэрээс 40$ саяын алтан гулдмай илэрчээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын Тагнуулын төв газарт өндөр албан тушаал хашиж байсан Девид Рашийн гэрээс 40 сая ам.доллароор хэмжигдэх алтан гулдмай илэрсэн байна. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо олон сарын турш мөрдөх ажиллагаа зохион байгуулсны дүнд Виржиниа дахь гэрт нь нэгжлэг хийхэд олон тооны алтан гулдмай илэрчээ. Нэгжлэгийн тайланд дурдсанаар тус бүр нь нэг кг жинтэй 300 орчим алтан гулдмай байсан гэнэ. Улмаар түүнийг хойшлуулшгүйгээр дайчлан баривчилсан байна. Түүний гэрээс алтан гулдмайнаас гадна хоёр сая орчим ам.доллар бэлнээр, 35 ширхэг тансаг зэрэглэлийн цаг, хэд, хэдэн автомашин илэрчээ.

Шүүхийн баримт материалд дурдсанаар Девид Раш гэгч нь маш нууц, нууцын зэрэглэлтэй мэдээлэлд шууд хандах эрхтэй байсан аж. Түүнчлэн ТТГ-ын албан тушаалд томилогдохдоо боловсролын зэрэг, цэргийн албаны талаар худал мэдээлж, цэргийн чөлөөг хэд, хэдэн удаа хурамчаар авчээ. Тэрээр ТТГ-ын Виржиниа мужийн ахлах захирлаар ажиллаж байсан байна.

Тэрээр 2025 оны 11 дүгээр сараас 2026 оны гуравдугаар сар хүртэл АНУ-ын Засгийн газрын шууд даалгавраар их хэмжээний бэлэн мөнгө, гадаад валют шилжүүлэх хүсэлтийг холбогдох удирдлагуудад хэд, хэдэн удаа гаргажээ. Одоогоор мөрдөн шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл тодорхой болоогүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top