Тамхины хяналтын тухай хуульд лоббичдын сүүдэр тусах ёсгүй!

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

УИХ Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж буй. Дөнгөж бүрэлдсэн жилийнхээ бөгсөн дээр хэлэлцэж эхлээд батлагдахаа одоог хүртэл хүлээж байгаа энэ хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн тарыг жинхэнэ таниулж байна. Өчигдөр Төсвийн байнгын хороон дээр энэ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхэд “утаат тамхи хор нь бага”, “вейпний лобби явчихлаа”, “О.Номинчимэг нэг талдаа гарчихсан байна” гэх зэргээр баахан  харлуулав даа. Угтаа бол энэ хуулийн цаад санаа нь хоёр тамхи хоёул хортой, вейпний татварыг нэмье, бага насны хүүхдүүдийн хэрэглээг бууруулъя л гэдэг үндсэн агуулгатай хууль. Тэгтэл нэр бүхий гишүүд үүн дээр хэт эмзэг хандаж байна билээ.

Хуулийн төсөлд юу гэж тусгав

Уг нь энэ хуульд цахилгаан тамхи (vape, халаадаг тамхи г.м)-тай холбоотой хатуу зохицуулалт тусгасан. Гол нь уламжлалт тамхитай ижил түвшинд авч үзэн, “тамхины төрөл”-д албан ёсоор оруулсан. Нэг ёсондоо уламжлалт тамхинд тавигддаг бүх хориг хязгаарлалт цахилгаан тамхинд нэгэн адил үйлчилнэ гэсэн үг. Дээрх хуулийн төслөөр тамхи, цахилгаан тамхи худалдан авах түүгээр үйлчлүүлэх насны доод хязгаарыг 21 нас болгон нэмэгдүүлж байгаа. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд доод хязгаар 18 нас байгаа.

Европын холбоо болон ДЭМБ-ийн жишгээр борлуулалт болон амт, үнэрт хязгаар тавьж байгаа. Тухайлбал залуус өсвөр насныхныг татдаг гол хүчин зүйл болох жимс, чихэр, гаа зэрэг элдэв төрлийн амт, үнэртэй цахилгаан тамхины шингэн, дагалдах хэрэгслийг Монгол Улсын хилээр оруулж ирэх, худалдаалахыг бүрмөсөн хориглоно. Түүнчлэн цахилгаан тамхийг цахим хуудас (онлайн шоп, сошиал медиа) болон автомат машинаар худалдахыг хориглоно. Зөвхөн зөвшөөрөл бүхий тусгай цэгээр борлуулахаар тусгасан.

Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад цахилгаан тамхиг уламжлалт тамхитай адилтган үзэж, олон нийтээр сурталчлахгүй болж, гаалийн татварыг 30%, онцгой албан татварыг 1000 төгрөгөөр нэмэхээр тусгасан.

Цахилгаан тамхийг уламжлалт тамхины адилаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хүүхдийн тоглоомын талбай, сувилал, төрийн байгууллага, ААН-ийн ажлын байр /дотоод орчин/, орон сууцны орц, цахилгаан шат, үйлчилгээний газруудад хориглоно гэж тусгажээ. Сурталчилгаа болон ивээн тэтгэлийг бүрэн хаана.

Татварын тухайд цахилгаан тамхи болон түүний шингэнд ногдуулах онцгой албан татварыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх заалт орсон. Тухайлбал цахилгаан тамхины гаалийн татвар өдгөө 5% байсныг эрс нэмэгдүүлж 30% болгон нэмэгдүүлжээ. Хуулийн төсөлд тусгаснаар цахилгаан тамхины болон түүний дагалдах хэрэгсэл, шингэнд онцгой албан татварыг дараах байдлаар нэмэгдүүлж буй. Тухайлбал цахилгаан тамхины шингэний 10 мг тутамд 1000 төгрөгийн онцгой албан татвар тооцохоор болжээ. Халаадаг тамхинд 3180 төгрөгийн онцгой албан татвар ногдуулна.

Олон улсын жишиг

Дэлхий дахинд цахилгаан тамхины хууль эрх зүйн орчин маш хурдтай өөрчлөгдөн чангарч байна. ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцын Нарийн бичгийн дарга нарын газраас цахилгаан тамхины талаар баримталж буй хууль эрх зүйн орчноо чангатгахыг уриалсаар буй. Одоогоор Сингапур, Тайланд, Энэтхэг, Вьетнам, Катар, Оман, Бразил, Аргентин, Мексик зэрэг дэлхийн 40 улс бүр мөсөн хориглосон.

Уламжлалт тамхитай адилтган үзэн хязгаарлалт хийх замаар зохицуулж буй 80 орчим улс байна. Манайх яг зарчим руу явж байгаа. Европын холбооны ихэнх улсад төрийн болон хувийн хэвшил, олон нийтийн газар цахилгаан тамхи татахыг хориглодог. Шингэн дэх никотины хэмжээг хамгийн ихдээ 20 мг/мл байхаар хязгаарласан. Финланд, Унгар зэрэг улсууд залуусыг татдаг жимс, чихэр гэх мэт амт, үнэр оруулагчтай шингэнийг бүрэн хоригложээ. АНУ-д жишээл Тамхины хяналтын агентлаг нь лабораторийн нарийн шалгалтаар оруулж, стандартад нийцэхгүй байвал зах зээлээс татдаг. Дээрээс нь насны хязгаарыг 21 болгож нэмэгдүүлсэн. Манай урд хөрш БНХАУ-ын тухайд цахилгаан тамхины хамгийн том үйлдвэрлэгч орон боловч дотооддоо тамхинаас бусад бүх төрлийн тансаг үнэр, амттай шингэнийг бүрэн хориглосон. Өөрөөр хэлбэл тамхины амттайг л зарахыг зөвшөөрдөг бөгөөд уламжлалт тамхины адил онцгой албан татвар ногдуулдаг.

Цахилгаан тамхийг дэлхийн 40 хувьд бүр мөсөн, 80 орчим улсад уламжлалт тамхитай адилтган хязгаарлаж, 20 гаруй улс зөвхөн тамхинаас гарах зорлилгоор "эмийн сан"-гаар борлуулж, 70 орчим улс ямар зохицуулалтгүй байна.

Эмнэлгийн зориулалтаар “Эмийн сан”-гаар зарахыг зөвшөөрдөг улс орнууд ч байна. Нэг ёсондоо тухайн хүн тамхинаас гарах зорилгоор хэрэглэж байгаа гэдгийг эмчийн үзлэгийн хуудсаар нотолж байж худалдан авна гэсэн үг. Тухайлбал Австрали улсад цахилгаан тамхийг супермаркет, зах, худалдааны төв, түргэн үйлчилгээний цэгээр зарах нь хориотой. Япон улсад бол никотин агуулсан шингэнтэй цахилгаан тамхийг хуулиар хориглодог бөгөөд эмчийн бичгээр тамхинаас гарах зорилготой гэдгээ нотолж байж авна гэсэн үг.

Ямар нэгэн зохицуулалтгүй 70 орчим улс орон байна. Ихэвчлэн африк тивийн хөгжил тааруу, буурай орнууд зохицуулалтгүй байгаа юм. Хэдий тийм боловч Африкийн холбооноос ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу хууль эрх зүйн зохицуулалтаа чангатгахаар төлөвлөж байна.

Бодит байдал

Монгол Улс бүс нутагтаа өсвөр насныхны цахилгаан тамхины хэрэглээгээр өндөрт ордог. Ялангуяа сурагчдын 24.8 хувь нь буюу бараг дөрвөн хүүхэд тутмын нэг нь цахилгаан тамхи хэрэглэж байна. Уламжлалт утаат тамхийг сурагчдын 19.9 хувь нь уламжлалт утаат тамхи татдаг гэх судалгаа бий. ДЭМБ-ын судалгаагаар тогтмол вейп буюу цахилгаан тамхи хэрэглэдэг 5 хүүхэд тутмын нэг нь өдөрт 10 болон түүнээс дээш удаа татаж, хэдийнээ гүн донтолтын шатанд шилждэг гэж үздэг байна.

Монгол сурагчдын 24.8 хувь нь буюу бараг дөрвөн хүүхэд тутмын нэг нь цахилгаан тамхи хэрэглэж байна.

Тамхийг анх татаж үзэх дундаж нас өмнөх үеийн даруй гурван насаар залуужжээ. Тэр дундаа сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн тамхи татах зуршил дөрөв дахин нэмэгдсэн байна. Монгол Улсын хэмжээнд тамхидалтын тархалт сүүлийн таван жилд 10% нэмэгдсэн гэх бараан судалгаа бий. Хоёр жилийн өмнөх статистик мэдээллийг авч үзвэл 2024 онд цахилгаан тамхины импорт огцом өсөж, нийт тамхины импортын 25 хувийг дангаараа эзлэх болжээ.

Нийгмийн эрүүл мэндийн тухайд авч үзвэл Монгол Улсад жил бүр ойролцоогоор 4,300 гаруй хүн тамхи болон тамхины хэрэглээнээс шалтгаалсан өвчний (уушгины хорт хавдар, зүрх судасны өвчин гэх мэт) улмаас нас барж байна. Энэ нь өдөр бүр дунджаар 12 монгол хүн тамхинаас болж алтан амиа алдаж байна гэсэн үг бөгөөд нийт нас баралтын 17 орчим хувийг эзэлдэг. Нас барагсдын дийлэнх нь 70 хүрээгүй, хөдөлмөрийн насны иргэд байдаг.

*** 

Уншигч та анзаараарай. Бодлого боловсруулагчид нийгмийн эрүүл мэндийн суурь байдлыг хангах ёстой. Үндсэн хуульдаа ч үүнийг “Монгол хүн эрүүл, амьд явах эрхтэй...” гэж заасан нь бий. Манайх хоёр жилийн өмнө дундаж эдийн засагтай орон болсон. Яг энэ ангилалд байгаа бүх улс орон цахилгаан тамхи дээр тавих хууль, эрх зүйн зохицуулалтаа чангатгаж эхлээд байна. Хэрэв ирээдүй хойч үеэ бодохгүй л юм бол утаа, агаарын бохирдлыг бууруулна гэж хэн нэгний мөнгө болоод ард иргэд нь эрүүл мэндээрээ төлдөг хэлтгий заяа арилахгүй. Үүнийг өөрчлөх хууль тогтоогчдын үүрэг. Ядаж хөгжүүлж сүйд болоод, татварыг нь бууруулж буян болдоггүй юм аа гэхэд ирээдүйн үр хойчсоос эрүүл мэндийг нь хулгайлмааргүй байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ц(66.181.188.14) 2 цагийн өмнө

Бага насныхан татаадл бсан..хүн хордуулж мөнгө хийдэг томчууд юу боддог б.аааа

0  |  0
Top