Бас л нэг амь, цохилох ёстой атгахан зүрх зогслоо. Гучин жилийн алдаа завхралыг 30 метрийн гүнд орь дуу хадаан тэнгэр рүү яваад удаагүй байтал л Хөвсгөл аймгийн Жаргалант суманд бас нэг хүүхэд амиа алдаж. Учгийг нь хөөвөл цахилгааны утас ил байсан агаад үүнийг нь сумын удирдлагууд ч, багийн дарга ч сануулалгүй байсаар ийнхүү хүүхдийн амийг авч оджээ.
Хүүхдийн төлөө ЗА гэж хэлцгээе
Яг 25 жилийн өмнө. НҮБ-аас санаачлан “Хүүхдийн төлөө за гэж хэлье” аян дэлхий даяар өрнөж байсан цаг. Дуучин Т.Ариунаа НҮБ-ын Хүүхдийн сангийн элчээр сонгогдож энэ дуу төрж байсан түүхтэй.
Даян дэлхийн хүмүүс ээ хүүхдийн сайн сайхны төлөө
Замбуулин хорвоог уяртал За гэж хэлцгээе
Газар дэлхийн хүмүүс ээ хүүхдийн сайн сайхны төлөө
Гар гараасаа барилцан За гэж хэлцгээе
Ү.Хүрэлбаатарын бичсэн энэ дууны үг эгшиглэж байхад Монгол Улс хүүхдийн талаар баримтлах бодлогогүй байлаа. Социалист маягийн энэ дуу түгэн дэлгэрснээс жилийн дараа Монгол Улс сая нэг юм хүүхдийн хөтөлбөртэй болсон юм. Монгол Улсын Засгийн газар 2002 оны 245 дугаар тогтоолоор Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр баталжээ. Уг хөтөлбөрт хүүхдийн эрх, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хөдөлмөр, оролцооны чиглэлд цогц анхаарахаар тусгаж, “Хүүхдийг эн тэргүүнд тавина” гэж яв цав тодорхойлсон юм.
Монгол Улс 2002 онд Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөртэй болж байв. Хамаг гол нь "Хүүхдийг эн тэргүүнд тавина" гэж тодорхойлсон байдаг.
ЗА гээгүй билүү...
Амандаа за гэж хэлээд дуу аялан цуурайтуулснаас хойш “Хорь тавь” нэртэй хүслийн жагсаалт хүртэл хэд, хэдэн удаа хууль, тогтоомжид тусгаж байж. Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогод хүүхдийн өсөлт хөгжлийн талаар тусгасан. Улмаар 2016 онд Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль баталж өдий, төдий заалт тусгаж байжээ. Улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт ч хүүхдийн талаар тусгаж, сонгууль дөхөхөөр л улстөрчид хүүхдүүдэд хайр зарладаг бичигдээгүй хуультай. Ямар сайндаа Боловсролын сайд болоод төрхөмдөө буцдаг нөхөр цэцэрлэгүүдээр мөлхөөд, хүүхэд нуруундаа үүрч попорч байхав дээ.
Гэвч ЗА гэснийг ЁО болгосон хэдэн базаахгүй баримт байна. Эрүүл мэндийн яамны 2025 оны мэдээллээр 2021-2025 оны хооронд 5-19 насны 269 хүүхэд амиа хорложээ. Ялангуяа 2023 оны түүвэр судалгааны үр дүнгээр 15-19 насны хүүхэд залуусын 4.1% нь амиа хорлох талаар бодож байсан гэсэн үр дүн гарсан нь бий.
Цагдаагийн ерөнхий газрын мэдээллээр 2021-2025 оны хооронд 1867 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсноос зөвхөн 2025 онд л гэхэд 396 хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болжээ.
Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын мэдээллээр 2021-2025 оны хооронд гэмт хэргийн улмаас 504 хүүхэд нас барсан байна. Зөвхөн 2025 онд л гэхэд 119 хүүхэд гэмт хэргийн улмаас нас баржээ.
Мөн 2021-2025 оны хооронд 1218 хүүхэд зам тээврийн ослын хохирогч болж, 261 хүүхэд амиа алдсан байна. Статистик мэдээллээс харвал зам тээврийн ослын хохирогч болж буй хүүхдийн тоо 2021 оноос хойш тогтмол өссөөр иржээ.
Хүүхдийн төлөө
Яг ковидын үе. Олны танилууд олны анхаарлыг хүүхдийн төлөө гэж татав. Татаад шууд тоглолт хийсэн. Тоглолтоор нийт 2.2 тэрбум төгрөг цугларсан. Цугларсан мөнгийг 2021 онд Хүүхдийн төлөө санд хандивласан. Энэ бол 2021 оны тавдугаар сарын 20-нд болсон үйл явдал. Яг одоо сайдтан нь УИХ-ын гишүүн болж төрийн ордонд суугаад, хандивласан этгээд “Гэрэгэ”-гийн найруулгын гол автор болоод хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа.
Сан нэрээр саадаг манай төр ямар ч гэсэн Хүүхдийн төлөө сантай. Энэ сангийн 2025 оны төсвийн гүйцэтгэл 5.9 тэрбум төгрөг. Энэ сангийн мэдээлэл тийм ч нээлттэй бус. 2024 оны албан мэдээллээр нийт хуримтлагдсан хөрөнгө нь 19 тэрбум төгрөг байж. Эх үүсвэр нь улсын дугаарын худалдаанаас 16.9 тэрбум төгрөг, “Хүүхдийн фонд” ТББ-ын орлого 2.2 тэрбум төгрөг, хувь хүн, байгууллагын хандиваар 17.2 сая төгрөг гэж тооцсон байна. Зарцуулалт нь тухайн ондоо 490.9 сая төгрөгийн шагналыг олон улс, тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан 217 хүүхдэд олгожээ.
Хүүхдийн төлөө сан олон улс, тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан хүүхдүүдэд шагнал олгохоос өөрийг хийдэггүй!
Хэрэв уншигч та санаж байгаа бол дээр дурдсан зарцуулалтыг хэтэрхий нэг талын байна гэж үзээд нэр бүхий УИХ-ын гишүүд “камерын” өмнө шүүмжилсэн. Хүүхдийн талаар авч хэрэгжүүлэх нийгмийн үйл хэрэгт төсөв нь зарцуулагддаггүй, олон тооны мөнгөн хөрөнгө хэрэгжихээ хүлээгээд хэвтэж байгааг шүүмжилж байв. Гэвч үүнээс хойш дээрдсэн юм алга. Хүүхдүүд гэмт хэрэг, ослын бодит хохирогч болсон хэвээр. Бэлгийн мөлжлөг, бэлгийн хүчирхийллийн гол хохирогч нь болсоор байна. Бодлого боловсруулагчид нь камер харахаараа өөр болж, бусад үед улс төрийн өнөө маргаашийн оноогоо бодсон хэвээр...
Иосиф Сталин хүүхдэд хайртайгаа харуулахын тулд Зөвлөлтийн лагерийн бүх улс орнуудын хүүхдийг тэвэрч зураг авхуулдаг байлаа. Нэгэн өдөр И.Сталин Гүржийн нэг хүүхдийг тэврээд зураг авхуулсны дараа “Бөөсний хүүдийг надаас холдуулаач” гэж Берияд хэлсэн гэх явган яриа бий. Өдгөө Сталин үхсэн ч улс төрийн оноо авах хэрэгсэл нь хүүхэд болсон хэвээр. Ямар сайндаа “За бол заавал хий” гэж Ерөнхий сайд нь үүрэгдээд нэгэн цагт “Алтай” нэрт зочид буудал байгаад, саяхны түүхэнд Хотын захиргаа байсан гурван давхар ногоон байшинг Хүүхэд хөгжлийн ордон болгох үүрэг өгсөн. Яахав сайхан л юм. Гэхдээ төсвийн өдий төдий хөрөнгийг урсгал зардал нэрээр үрэх бус яг хүүхдэд нь, яг байндаа тусах хэрэгтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )