Уншигч та анзаарсан л биз. Оюутолгойн зэсийн баяжмалыг “эх оронч”-ийн дүртэй баахан нөхөд тасалдуулсныг. “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийхөн хаасан юм гэнэ. Эх орноо хамгаалж, Оюутолгойгоос аварч байгаа юм гэнэ. Авчиг экспорт саатсан нэг долоо хоног тутамд улсын төсөвт 35 тэрбум төгрөгийн татварын орлого, тэр дундаа 21 тэрбум төгрөгийн АМНАТ тасалдах эрсдэлтэй. Үүнийг лав эх орончид төлөхгүй. Лайг нь ард түмэн үүрнэ. Үүрэхдээ хямарч төлнө. Хямрахдаа ОУВС-гаа бараадна. Бараадаад зээлжих зэрэглэл буурна. Эдийн засаг хямарна. Одоо мах магнаг болоод байхад эдийн засаг хямрахад бүр ч олдохоо байна. Ингээд “эх орончид” өөр сэдэв барьж аваад хэн нэгэнтэй “тэмцэж” эхэлнэ. Угтаа тэд өөрсөдтэйгөө л тэмцээд байгаа юм шүү дээ.
Шил, шилээ дарсан сонгуулийн үнэр ханхийж байгаа энэ цагт “эх орончид” нэмэгдэнэ. Угаасаа тэгсээр ч ирсэн
Шил, шилээ дарсан сонгуулийн үнэр ханхийж байгаа энэ цагт “эх орончид” нэмэгдэнэ. Угаасаа тэгсээр ч ирсэн. “Эх орончид” Оюутолгойг л ноолдог юм. Оюутолгойн гэрээ засаглалын алдаанаас болоод алдаатай хийгдсэн болохоос бүр болохгүй гээд хааж боож болохгүй. Улам боловсронгуй болгоод цааш явах ёстой. Багш, эмч нарын цалин, ахмадын тэтгэврийг чухам энэ төслийн татварын орлогоор л тавьдаг юм. “Оюу толгой” өнгөрсөн онд нийт 2.34 их наяд төгрөгийг татвар, хураамж болон бусад төлбөр хэлбэрээр улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.
Одоо цаашид бид Оюутолгойгоос илүү олон том төсөлтэй болж байж эдийн засгаа өсгөх хэрэгтэй байгаа. Энэ бол гарцаагүй зүйл. Учир нь хойд хөрш ОХУ Удоканы зэсийн том ордоо хөдөлгөөнд оруулаад эдийн засгаа дэмжинэ гэж байна. БНХАУ ч Өвөр Монголын Бугатын районд байх ашигт малтмалын ордуудыг хөдөлгөнө гэдгээ зарлачихлаа. Бүр ойрын хугацаанд нүүрс химийн үйлдвэр барих нь чухал гэдгээ ч тодорхойлсон. Энэ эгзэгтэй цагт Оюу толгойг Монголд ашигтай болгоод, дээрээс нь чухал ашигт малтмал болон ураны том төслүүдээ хөдөлгөөнд оруулахаас өөр арга алга. Муу юм, муухай юм гээд шилээ маажсаар суутал “эх орончид” олшроод, эдийн засаг маань бахь байдгаараа л байна. Төв Азийн таван “стан”-ын улсуудаас бид эдийн засгийн багтаамжаараа тэртээ хол хоцорчихлоо. Хоцорсны хариуг бид л төлнө.
Элдэв тэмцэгчид ч, “эх орончид” ч эх орноо хөгжүүлдэг юм биш. Том төсөл олонтой, түүнийгээ тойрсон бодлоготой, бодлого тодорхойлдог лидерүүдтэй улс л хөгждөг юм.
Ямар ч гэсэн Ерөнхий сайд баяжмалын экспортод саад хийсэн иргэдэд хариуцлага тооцно гэдгээ зарлачихлаа. Одоо яаж хэрэгжихийг харах л үлдлээ. Монгол Улс шиг аж үйлдвэрийн төрөлжилт багатай оронд том төслөө тойрч байж эдийн засгаа тодорхойлно. Тодорхойлохдоо том төслүүдтэйгээ уях замаар эдийн засгийн солонгоруулна. Ингэхгүйгээр бид Узбек шиг, Азербайжан шиг, Казахстан шиг хөгжье гээд ч чадахгүй. Элдэв тэмцэгчид ч, “эх орончид” ч эх орноо хөгжүүлдэг юм биш. Том төсөл олонтой, түүнийгээ тойрсон бодлоготой, бодлого тодорхойлдог лидерүүдтэй улс л хөгждөг юм.

Сэтгэгдэл ( 1 )
эх оронч дүр эсгэсэн шантаажчдыг дарах нь зөв шүү