Хөгжилд хөтлөх итгэл

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөгийн бидний мэдэх Солонгосыг /умард нь биш шүү/ чухам юу өдий зэрэгт хүргэсэн бэ гэж асуувал олон хүн технологи, мөнгө, ухаалаг удирдлага гэж хариулж магадгүй. Гэвч үгүй юм. Угтаа итгэл л өдий зэрэгт хүргэжээ. Тухайн үед Засгийн газар нь дотоодын хэдэн аж ахуйн нэгждээ итгээгүй бол Сөүл өнгөө олж, өмнөдүүд зүсээ засахгүй байлаа. Сөүл хот 1988 оны олимпын наадмын эрхийг авахад олимпын хотхоноос авахуулаад бүх бүтээн байгуулалтыг дөрвөн томоохон аж ахуйн нэгж, олон арван жижиг дунд бизнес эрхлэгчдэд хариуцуулснаар бүтээн байгуулалт идэвхжиж хөгжлийн замдаа шуудран орсон юм. Ийнхүү олныг нуршиж буйн учир нь Монгол Улс яг одоо хөгжих эс хөгжихийн тухайтад торгон ирэн дээрээ ирлээ. Яг одоо л итгэлээ хайрлах цаг. Төр нь хувийн хэвшилдээ, хувийн хэвшил нь төрлөө итгэх эсэхээс хэтийн хөгжил хамаарах болчхоод байна.

Дорноговь аймаг, Даланжаргалан сум. “Мак Цемент” үйлдвэр 2017 онд ашиглалтад оржээ. Жилдээ 1 сая тн цемент, 1 сая тн чулуунцар, 100 мянган тн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай. Барилгажуулалт гэж ярих болсон энэ цагт төрийн дэмжлэг хэрэгтэй байгаа нь энэ салбар. Ялангуяа сүүлийн жилүүдэд эрчим хүч, төмөр зам, тээврийн зардал өссөн нь үйлдвэрлэлийн өртөгт нөлөөлжээ. Ялангуяа импортын цементтэй өрсөлдөх гэж байгаа бол зах зээл тогтвортой байх ёстой. Хэдийгээр бид олрн жил импортыг орлох бүтээгдэхүүн гэж ярьсан ч экспортын чадавхийг нэмэгдүүлээгүй. Түүний гор нь яг одоо гарч байгаа. Дунд болон урт хугацааны олон бодлого боловсруулдаг ч дэд бүтэц, логистик дээр очоод таг гацдаг билээ. Дээр нь хууль эрх зүйн орчин цаг үеэ даган шинэчлэгддэггүй явдал. Хэдийгээр бид “сааж” сурсан Эрдэнэт, муучилж, гоочилдог Оюутолгойтой ч дотоодын цементийн хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаараагүй нь үйлдвэрлэгч орох болох хэтийн мөрөөдөлд нь сүүдрээ тусгасаар байгаа юм.

"Ерөнхий сайдын чөлөөлье санаачилгын хүрээнд хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт ажиллаж байгаа, ялангуяа дотоодын барилгын материал үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганд багтааж өргөн барихаар ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ" гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан ярьсан юм.

Энэ сарын 19-ны өдөр ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан “Мак Цемент” үйлдвэрт ажилласан. Энэ үеэрээ төрийн бодлогыг дотоодын үйлдвэрлэгчдэд танилцуулсан. Тухайлбал Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг төрөөс дэмжихээр тусгажээ. Хамгийн чухал нь төрөөс хэрэгжүүлж буй орон сууц, дэд бүтэц, хот байгуулалтын томоохон төслүүдэд дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх бодлого баримтлах аж.

Монголын цементийн зах зээл сүүлийн 10 жилд эрчимтэй өсөж, жилд дунджаар 2.7 сая тонн хэрэглээтэй болжээ. “МАК Цемент”, Монцемент”,“Хөтөл цемент шохойн үйлдвэр” зэрэг үндэсний үйлдвэрлэгчдийн нийт 4 сая орчим тонн үйлдвэрлэлийн хүчин чадал бүрдсэнээр дотоодын хэрэгцээг хангах бүрэн чадамжтай болсон. Одоо ярихд буй мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгчид оролцох боломжтой болсон нь ганц энэ баримтаас тодорхой харагдана.

“Төрөөс барилгын материал үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжиж байгаад баяртай байна. Ялангуяа Үйлдвэрлэл технологийн парк байгуулахаар болсон нь бодлогын чухал шийдвэр” гэж “МАК Цемент” үйлдвэрийн ерөнхий инженер З.Ууганбаяр ярьсан юм.

ХББОС-ын сайдаар ахлуулсан ажлйн хэсэг “Монцемент билдинг материалс” ХХК-д ажилласан. Энэ үйлдвэр 2015 онд ашиглалтад орсон жилдээ 1 сая тн цемент, 1 сая чулуунцар үйлдвэрлэх хүчин чадалтай. Европын хуурай аргаар цемент үйлдвэрлэдэг. Асуудал нь МАК-ынхтай яг ижил. Дотоодын эрэлт улирлын шинжтэй. Эрчим хүч, тээврийн зардал өндөр. Зах зээлийн тогтворгүй байдал үйлдвэрлэлийн төлөвлөлтөд нөлөөлдөг.

Барилгын материал үйлдвэрлэлийн салбарыг импортыг орлох, экспортын чиг баримжаатай болгох шаардлага нэн чухал байна. Барилгыэ тухай хуулийн шинэчилсэн найруулгаар дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, инновац нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгажээ.

“Салбар яамнаас томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа” гэж ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан ярьсан юм.

Монгол Улс мега төслүүдээ тодорхойлсон. Бүр 14-ийг. Бүх мега төслүүдийн ард мега барилгын ажил өрнөх нь гарцаагүй. Чухам бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдэө татан оролцуулж бодлогоор дэмжих шаардлагатай байна. Бүтээн байгуулалтад оролцсон идэвх, санаачилгаар нь татварыэ хөнгөлөлт үзүүлдэг гаднйн жишиг байна. Чухам ийм учраас Өмнөд Солонгос хөгжсөн. Хоёр тал харилцан ашигтай байсан нь одоо харагддаг. Өмнөд Солонгосын хөгжил ч, дотоодын компаниудын багтаамж ч сайжирсан. Өдгөө Самсунг компанийн үнэлгээ 1 их наяд ам.долларыг даваад байна. Чухамдаа итгэлцэл эвээ олж, бодлого зөвийг чиглэсний ач гавьяа энэ буюу. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top