"Тэнгэр заяат" монголчуудыг тэд хэрхэн дүгнэдэг вэ?

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Тэнгэр заяат монголчууд. Энэ үгийг уншигч та хаа нэгтээ гурваас доошгүй удаа харсан байх. Төрийн гурван өндөрлөг гэж нэрлэдэг гурван нөхрийн баярын мэндчилгээнд, эсвэл хэлсэн үгнээс нь, босоо, хэвтээгээрээ ялгарах элдэв өнгөтэй бүлгэмүүдээс, эх орон, адуу малаас өөр сэдэвгүй хойно хоцорсон хэдэн зохиолчдын номноос, тэнд үлдсэн түүхээрээ бахархан хийсэн киноны текстээс. Ерөөс хаа нэгтэйгээс сонссон нь лавтай. Энэ үг биднийг тодорхойлох гэхээсээ чимэх үг. Яг үнэндээ биднийг тодорхойлох үг чухам юу вэ гэдэг ихэд эргэлзээтэй асуудал. Магадгүй тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдгээс эргэлзээтэй байж мэднэ. Тэнгэр заяат гэхээр үл мэдэгдэх нисдэг биет, бүр эсвэл “Тесла”-гийн Илон Маскын компанийн харьяат нэгэн гэж гадныхан шууд ойлгож ч мэднэ. Ингэхэд бид ер нь хэн юм бэ? биднийг энэ хайрцагаас гадна хэрхэн тодорхойлдог юм бэ? Хариултаа хамтдаа хайцгаая.

Монгол Улсыг өрсөлдөх чадвар сул гэж дүгнэсэн гаднын дүгнэлтийг өөрчлөхөд туйлийн бэрх магадгүй бидний амьдарч буй нэг үе ч хангалтгүй байж мэднэ.

Яг үнэнийг хэлэхэд биднийг өнгөрсөн 70 жилийн хугацаанд дүгнэх шаардлагагүй байлаа. Учир нь зөвлөлтийн дагуул улс байсан учраас. Бид ч эндээ өөрсдийгөө их гүрний дагуул гэдгээ хүлээн зөвшөөрч байлаа. Үзэл суртал, урлаг, соёл, өдөр тутмын мэндчилгээ, амьдралын хэвшил, хот суурин газрын байр байдал бүгд л их гүрний эд эс гэдгийг сануулна. Үндэсний сэргэн мандах үзэл 1980-аад оноос монголчуудад бий болтол бид ч яг өөрсдийгөө бүрэн утгаар нь дүгнэдэг байсан эсэх эргэлзээтэй. НҮБ-д гишүүнээр элсэх өргөдлөө гурван ч удаа өгч буцаагдан байж 1961 онд бид гишүүнээр элссэн. Чухам үүнээс хойш л социалист лагерийн зарим улс биднийг чухам хэн бэ гэдгийг дүгнэх гэж оролдох болов. Битүүхэндээ Албани, Чехословак, Югослав зэрэг улсууд Хүн гүрнээс авахуулаад, Чингис хаан хүртэл углуургаар нь судалж дүгнэлтээ гаргахаар болов. Мэдээж хэрэг бага буурай үндэстэнд хяналтаа тогтоож байгаа учраас Зөвлөлтүүд судлагдахуунаар хараад судалж байсан. Тиймээс ч монголч эрдэмтдийн хурлыг зохион байгуулж хэвшсэн байлаа. Хувьсгалаас өмнө АНУ ч Монгол Улсад төлөөлөгчөө суулгаж байсан болохоор монголч эрдэмтдийн тоо европын зарим улсыг бодвол АНУ-д их байлаа. Чухамдаа ингэж судлаад ч монголчуудыг чухам ямар үндэстэн бэ гэдгийг тодорхойлж чадаагүй юм.

Зөвлөлтийн бөөрнөөс салах өөрчлөлтийн салхи сэвэлзэж эхлэхэд, салхи хэдийнээ сэвэлзээд ардчиллын гал тулганд ноцож эхэлсний дараачаас биднийг пост коммунист улс гэж харах болсон. Магадгүй одоо ч харж байгаа. Пост коммунист улсуудад ажиглагддаг нийгмийн болон оюун санааны зарим сорилтуудыг даван туулах шатан дээрээ зогсож байна. Гаднынхан биднийг ингэж харж байхад бид аугаа их түүхтэй гэдгээрээ одоог болтол бахархан сууна. Мэдээж хэрэг хөрш улсуудаа нэгэн цагт захирч явсан улс 70 гаруй жил тэр их түүхээ хав дарсан /даруулсан/ учраас өнгөрсөн 30 жил бахархахгүй гээд яахав. Гэхдээ өнгөрсөн түүх биднийг болон ирээдүйг зураглаж чадахгүй нь тодорхой. Биднийг өнгөрсөнтэйгөө зууралдаж байхад дэлхий нийт биднийг дүгнэх гээд элдэв судалгаа явуулсаар байв. Мэдээж хэрэг донор орнуудаа танин мэдэх сонирхол байгаа авч тэдний дүгнэлтээр л гадныхан биднийг дүгнэх учраас дүгнүүлтүүдийг сайтар анзаарах нь чухал.

ДЭЗЧ-ны үнэлгээгээр Монгол Улс шинжлэх ухаан хөгжөөгүй, бүтээлч үйлдвэрлэлийн салбаргүй, эрүүл мэндийн тогтолцоо сул гэж дүгнэсэн.

Дэлхийн эдийн засгийн чуулганаас дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварыг тодорхойлдог. Энэ тодорхойлолтоор бид дараах гурван гол хүчин зүйлээр дэлхий дахинаас хол хоцорсон гэдгийг харж болно. Шинжлэх ухаан, технологид бага анхаардаг, бүтээлч үйлдвэрлэлийн салбаргүй, эрүүл мэндийн тогтолцоо муу. Чухамдаа энэ гурван үзүүлэлтээр Ази тивийн хамгийн ядуу орнуудтай, Африк тивийн хөгжиж буй орнуудтай хамт нэгэн эгнээнд  жагсаж байгаа. Хэрэв та анзаарсан бол Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг донор орнуудын хандивын мөнгө чухамдаа үүн рүү чиглэгддэг. Эдийн засгийн хоёр гол чиглэлийг мөн тэд олж анзаараад тодорхойлжээ. Уншигч та таасан бол мэдээж хэрэг уул уурхай, уламжлалт мал аж ахуй. Энэ хоёр чиглэлгүйгээр Монгол Улсыг төсөөлөхөд бэрх ч шинжлэх ухаан, технологи хөгжөөгүй байгаа шалтгаанаар тэргүүлэх хоёр чиглэлээ хөгжүүлж чаддаггүй. Хандивлагч орнуудын зээл тусламж ч мөн адил ийшээ чиглэнэ. Дэлхийн эдийн засгийн чуулганы өрсөлдөх чадварын дүгнэлтэд Монгол Улсыг яг энэ үзүүлэлтээр нь буюу “Төрийн байгууллагуудын хүнд суртал, авлига, хээл хахууль, бичиг баримтын дарамт, төсвийн сахилга бат муу, төрийн бодлогын тогтвортой байдал сулаас шалтгаалж шинжлэх ухаан, технологийн салбар хөгжөөгүй” гэж дүгнэжээ. Яг энэ дүгнэлтийг Монгол Улсад өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд дууссан Олон улсын валютын сангийн дүгнэлтэд ч бий. Олон улсын хурал, хэлэлцүүлэг дээр чяг энэ асуудлыг хөндөн ярилцдаг. Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд ч үүнтэй ижил дүгнэлттэй байдаг. Бүр үүнээс ч дор дүгнэлттэй дипломат төлөөлөгчийн газрууд бий. Нэг л жишээ хэлэхэд Туркийн Элчин сайдтай уулзахдаа зөвхөн хэдий хэмжээний санхүүжилт хэзээ хэрэгжүүлэх вэ гэж асуудаг атлаа чухам юун дээр төвлөрөхөө ярилцдаггүй гэж учирлаж байсан удаатай.

Тэдний дүгнэлтийг өөрчлөхөд туйлийн бэрх магадгүй бидний амьдарч буй нэг үе ч хангалтгүй байж мэднэ. Учир нь бид дотооддоо хэн гэдгээ мэдэхгүй атлаа өнөө маргаашгүй хятадууд хүрч ирж сүйдлээд уусгана гэсэн айдастай бол нэгэн үе битгий хэл нэгэн зуун ч хангалтгүй байж мэдэх юм. Тиймээс хэн гэдгээ мэдрэх, мэдрүүлэхийн тухайтад суурь боловсролоос нь эхэлдэг ажээ. Хэн гэдгээ таньж мэдсэн үндэстэн хаа хүрэхээ мэддэг аж. Харин бид хэн гэдгээ, хаа хүрэхээ хэзээ гадарлах бол...?

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top