Тийм ээ, энэ үнэн. Гадаад харилцааны сайд нь өөрийнхөө хамаарал бүхий компаниас өөрийгөө хамааралгүй гэдэг тодорхойлолт авч “өвчигнөж” байх хооронд Киргизстан улс гадаад бодлогоороо бидний урд өртөө илүү зайтай гарчихлаа. Баяр хүргэе. МАН засаглахад олон салбар хойно хоцорч байгаагийн нэг нь энэ. Киргизстан улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнд Азийг төлөөлөн сонгогдлоо. Ийнхүү Төв Азийн улсуудаас анх удаагаа сонгогдсон нь энэ. Байнгын бус гишүүнд тэд Филиппинтэй өрсөлдөөд ийнхүү сонгогдлоо. Улс төрийн хувьд манайхтай бараг төстэй. Кумтор гэдэг ганц уурхайтай түүнийг нь мөлжсөн улс төртэй. Манайхныг бодвол ураг удмын холбоогоороо хуваагдаж “байлдах” гээд л байдаг болохоос ер нь л манай улс төр гээд харчихад гэмгүй. Гэлээ гээд гадаад бодлогын үзэл баримтлал нь манайхнаас тохой илүү л байгаа улс даа. Ялангуяа АНУ болон ОХУ, Хятад, Европын холбоо Төв Азийн таван улсад анхаарлаа хандуулж, гадаад бодлогоо ч үүн рүү чиглүүлж буй. Үүнийг нь Киргизүүд овжин ашиглаж Өмнөд Солонгос, Япон, персийн булангийн орнуудтай энэ төрлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн. Чухам иймийн учир Киргизийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгосон ч байж мэдэх юм. Хэдийгээр Узбекистан, Казахстан зэрэг өндөр хөгжсөн улсууд байгаа ч энэ хоёр улсад ОХУ-ын нөлөөлөл харьцангуй их учир “шинэ тутам” Киргизийг томчууд онилж хараад, байнгын бус гишүүнээр ч сонгосон байж болох юм. Чухам аль нь ч байсан манай гадаад бодлогоос хол илүү гэдгээ харуулчихлаа.
Киргизстан улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдсон Төв Азийн анхны улс боллоо.
Монгол Улс уг нь 2016-2018 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд анх удаа сонгогдож байлаа. Тухайн үед том зургаараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнд нэр дэвших кампанит ажлын нэг хэсэг байсан юм. Чухам ийм учраас АСЕМ-ын уулзалт зохион байгуулж, олон улсын түвшний бага хурал зохион байгуулж чадна гэдгээ дэлхий дахинд харуулсан. Гэвч яасан гээч Монголыг ялуулдаг Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш НҮБ-ын үйл ажиллагаанд оролцоогүйгээр барахгүй Орос, Хятад хоёроос өөр улстай бараг уулзаагүй нь нөлөөлсөн. Тэгээд болоогүй 2022 онд Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнд нэрээ дэвшүүлсэн. Гэвч удалгүй нэрээ татаж, Японыг дэмжсэнээр байнгын бус гишүүний сонгуульд оролцоогүй. Чухам яагаад нэрээ татсаныг хэд, хэдэн шалтгаанаар тайлбарлаж болно. Тухайлбал Японы ялалт тодорхой байсныг тооцсон байж болох юм. Учир нь Япон улс НҮБ-д хамгийн идэвхтэй, Аюулгүйн зөвлөлд хамгийн олон удаа сонгогдсон улсын нэг. Хэрэв манайх Японтой өрсөлдсөн бол ялах магадлал тун бага гэж үзсэн байх. Нөгөөтээгүүр Аюулгүйн зөвлөлд сонгогдох кампанит ажил олон жил үргэлжлэх, дипломат хүчин чармайлт ихээр шаардах, гадаад айлчлалын зардал, хүний нөөц шаардах тул тохиромжтой цагаа хүлээгээд нэрээ татсан байж болно. Хамгийн прагматик нэг тайлбар гэвэл Японтой харилцаагаа бэхжүүлэх үүднээс Японыг дэмжсэн байж болох юм. Хоёр улсын харилцаа стратегийн түвшинд хүрсэн тул нэрээ татан Японыг дэмжсэн нь дипломат харилцаанд эерэг дохио гэж зарим ажиглагчид дүгнэдэг.
Монгол Улс 2000-аад онд, 2022 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэр дэвшиж байсан ч учир битүүлэг шалтгаанаар нэрээ татаж, Япон улс ялалт байгуулсан байдаг.
Энэ мэтчилэн 2000-аад оны эхэнд бас л нэрээ дэвшүүлж байсан. Бас л нэрээ татаад, Япон сонгогдож байв. 2022 онд нэрээ татсан сонгуульд өрсөлдөнө гэдгээ 2014 онд зарлаж байсан гэж бодохоор манай гадаад бодлогын тодорхой зорилт байсан нь харагддаг. Гэвч биднийг эргэцэж байх хооронд Киргиз нэрээ дэвшүүлээд сонгогдчихлоо.
Жижиг улс орнууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнд өрсөлдөхөө 5-10 жилийн өмнөөс зарладаг. Улмаар бүс нутгийн улс орнуудын дэмжлэг авахын тулд дипломат ажиллагаа зохион байгуулна. Монгол Улс Ази-Номхон далайн бүсэд багтдаг учраас энэ улс орнуудтай “сүжрэх” хэрэгтэй гэсэн үг. Улмаар НҮБ-ын гишүүн орнуудын санал цуглуулна. Элчин сайдын яамаар дамжуулна, бүр эсвэл төрийн айлчлал, олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт идэвхтэй оролцох ёстой болно. Улмаас Ерөнхий ассамблейд хэлэлцүүлээд 2/3-ын санал авах ёстой. Сүүлийн жилүүдэд Эстони, Мальта, Словени, Гайана зэрэг улсууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдсон. Уг нь манайд боломж бий юу гэвэл тийм. Манай улс цөмийн зэвсэггүй статустай, цаазын ялгүй улс орон. Де факто төвийг сахих байр суурьтай. НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Хөрш хоёр том улсаас гадна барууны томоохон улс орнуудтай харьцангуй тэнцвэртэй харилцдаг.
Б.Батцэцэгийн гадаад бодлого У.Хүрэлсүхэд таалагддаг байж болно. Гэхдээ биднийг дэлхий мэдэх шаардлагатай байна!
Дээрээс нь ардчилсан тогтолцоотой. Чухам энэ онцлогоо бариад том амбицаа зарлаад кампанит ажил хэрэгжүүлбэл сонгогдохгүй байхын л аргагүй улс. Гэвч манайх дотооддоо л дэвээд байдаг. Ромын пап, Франц, Германы Ерөнхийлөгчид, Төв Азийн улс орнуудын төрийн тэргүүнүүд, Польш зэрэг барууны европын улс орнуудын төрийн тэргүүнүүдийг уриад л байдаг. Нөгөөх нь У.Хүрэлсүхэд таалагдаад л байдаг. Гэвч үүнийг нь дэлхий мэддэггүй. Гадаад харилцааны сайдын дээл өмссөн сайхан царай, төрийн нэр доорх тендер аваад байдаг гэдгийг мартъя гэж санахад гадаад бодлогоо дэлхийд сурталчлахын тулд юу хийсэн бэ гэдгийг санах хэрэгтэй. Санаанд тань юу бууж байна...
Сэтгэгдэл ( 2 )
Энэ казиночин авгай байсан цагт салбар нь яаж өөдлөх вэ дээ.
setsen durakaa uuruu tsetserkhej chadsangui , nub-iin baingyn gishuun bolchikhoor delkhiid medegdee, l , mongolyn urid garchikhdag yum bish