Монгол төрийн саалийн үнээ /сааж сурсан болохоор л саалийн үнээ гэж нэрлэсэн байж таарна/ “Эрдэнэт үйлдвэр”-ийн булхай Сингапурт хүрээд хоёр ч том ялагдал хүлээлээ. Дабл стандарт нь “дүрэм” болчихсон Монгол Улсын хөдөлмөрийн баатар болсон “Эрдэнэт” үйлдвэр чухам ямархан учрал тохиолоор Сингапурт хоёр “ойчсоныг” товч тайлбарлая.
Мангасын аманд
Ч.Сайханбилэгийн Засгийн газар. 2015 оны үе. “Эрдэнэт” манайд ирлээ гэж өөрийгөө ч, өрөөлийг ч тонгорсон алдарт мэдэгдэл хийхээс зүг өмнөхөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өөрийн хөрөнгөөр “Эрдэнэт медикал” орчин үеийн оношилгооны төв барив. Тухайн үеийн ханшаар 64.8 тэрбум төгрөг. Ашиглалтад ормогц нь удирдлагын менежментийг нь сайжруулна гээд Японы “Медикал Прожект” компанитай хамтран “Медипас” ХХК байгуулж, эмнэлгийн удирдлагыг шилжүүлсэн юм. Тухайн үед “Эрдэнэт”-ийн даргаар Ц.Даваацэрэн ажиллаж байв. Цааш ямар процесс өрнөснийг уншигч та санаж байгаа байх. Сонгуулийн өмнө Ч.Сайханбилэг “Эрдэнэт үйлдвэр”-ийг монголчууд эзэмших болсноо зарласан. Ингээд 2016 оны сонгуулийн үр дүнгээр Ч.Сайханбилэг, Ардчилсан намтайгаа онхолдож, “Эрдэнэт”-ийн будилаан бүтэн сонгуулийн цикл дамнан яригдах улс төрийн алим болов. Ах намынхан Ардчилсан намын хийсэн мэхийг өөрт нь хийгээд ялыг нь Ардчилсан намынханд гавьяаг нь өөрсдөдөө наачихсан.
Эрдэнэт үйлдвэр 2015 онд өөрийн хөрөнгөөр "Эрдэнэт Медикал" эмнэлэг байгуулсан. Байгуулаад удалгүй Японы компанид менежментийн эрхийг шилжүүлсэн юм.
“Эрдэнэт” нэгэнт эрх баригчдын улс төр болчихсон 2021 он. Цар тахал ах намынханд зол, ард түмэнд зовлон болж байв. Одоо учралын баярт сэлэм агсаад сайд хийж яваа С.Амарсайхан тухайн үед Шадар сайд байхдаа “Эрдэнэт Медипас” эмнэлгийг цар тахлын амаргүй үед төрд авахыг даалгасан. Даалгаснаас жилийн дараа 2022 оны тавдугаар сарын 3-нд төрийн өмчит байгууллага хэлбэрээр дахин бүртгэсэн. Үүнээс хойш гурван жил, нэг сонгуулийн дараа 2025 оны наймдугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын 42 дугаар тогтоолоор “Эрдэнэт Медипас” эмнэлгийг ХСҮТ-ийн харьяанд шилжүүлээд, “Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв” болгожээ. Эмнэлгийг өөрийн хөрөнгөөр бариад менежментийг хувьд шилжүүлсэн нь хууль бус болж таарна.
Эрдэнэтийг төрд авах драм үргэлжилж байхтай зэрэгцээд 2021 онд төрд авахаар болж, 2022 оны тавдугаар сарын 3-нд төрд авсан.
Мангасын амнаас
Японы тал менежментийг нь хариуцна гэж гэрээ байгуулсан. Монголын улс төрийн зодоон тэдэнд хамаагүй. Чухам иймээс Япон улсын "Medical International Promotion Association" компанийн нэхэмжлэлээр Монголын талыг “гэрээний үүргээ биелүүлээгүй, хөрөнгийг хууль бусаар хураасан” гэх үндэслэлээр “Медипас” ХХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг Сингапурын олон улсын арбитрын төвд ханджээ. Улмаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн зүгээс уг маргааныг харьяаллын дагуу арбитраар шийдвэрлэхгэж гэж маргасан ч 2021 оны аравдугаар сарын 20-ны өдөр арбитрын зүгээс хэргийг хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй гэх урьдчилсан шийдвэр гарсан юм. Ийнхүү арбитрын процесс анх нэхэмжлэл гаргаснаас хойш дөрвөн жил үргэлжилсний эцэст Сингапурын арбитрын бүрэлдэхүүн 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр “Медипас” ХХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг буруутай гэж үзэв. Улмаар нэхэмжлэгч талд 17.5 сая ам.доллар болон 10.8 тэрбум төгрөгийг торгууль хэлбэрээр олгох, мөн хүүгийн нөхөн төлбөр, арбитр, шүүхийн процессын зардал зэргийг гаргуулахаар болсон. Энэ нь өнөөгийн ханшаар бараг 94 тэрбум төгрөг болж байгаа юм.
Анх нэхэмжлэл гаргаснаас хойш дөрвөн жил үргэлжилсний эцэст Сингапурын арбитрын бүрэлдэхүүн 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр “Медипас” ХХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг буруутай гэж үзэн 94 орчим тэрбум төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргасан. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ давж заалдсан ч өнгөрөгч тавдугаар сарын 7-ны өдөр хэрэгсэхгүй болгосон юм.
Арбитрын шийдвэр гарсны дараа Монголын тал Сингапурын Дээд шүүхэд “Арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулахаар” 2025 онд хандсан ч амжилт олоогүй. Улмаар энэ оны гуравдугаар сарын 12-ны өдөр эцсийн шийдвэр гаргаж, 2026 оны тавдугаар сарын 7-ны өдөр Сингапурын Дээд шүүх “Эрдэнэт үйлдвэр”-ийн гаргасан гомдлыг бүрэн хэрэгсэхгүй болгож эцсийн шийдвэрээ гаргажээ.
Гулсчихлаа...
Нэгэнт олон улсын арбитрын шийдвэр гарсан тул нэхэмжлэгч буюу Японы тал уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Монголын шүүхэд хандсан. Тийм ч учраас Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль эрх зүйн хүрээнд процесс өрнөнө. Уншигч та одоо нэг зүйлийг анзаарах хэрэгтэй.
Тухайн үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн даргаар Ц.Даваацэрэн ажиллаж байсан гэж дээр дурдсан. Тэгвэл дөнгөж уржигдархан прокурорын байгууллагын мэдээллээр Ц.Даваацэрэнд 6.9 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь 7 жилээр хасаж шийтгэжээ. Нийт дөрвөн төрлийн гэмт хэрэгт буруутай гэж үзсэний дотор “2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар баригдсан “Эрдэнэт Медикал” эмнэлгийг “М...” ХХК-д шилжүүлэн өгөх ерөнхий болон дэд гэрээнүүдийг тус тус байгуулж, 64 тэрбум төгрөгийн үнэ бүхий үндсэн хөрөнгөтэй эмнэлгийг “М...” ХХК-д шилжүүлж, улсад 64 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутай гэж үзжээ. Энэ бол хуулийн арга хэмжээ авсан гэж манай талаас цаг хожих нэг арга. Улмаар “биелүүлэх үү, үгүй юу” гэдэг хуулийн процессын маргаан шат, шатандаа өрнөнө.
Хамгийн гол нь Монголын тал торгуулийн 94 орчим тэрбум төгрөгийг төлөхгүй хугацаа алдвал олон улсын шүүхийн шийдвэрийн дагуу “Эрдэнэт үйлдвэр”-ийн экспортолж буй зэсийн баяжмалын орлог эсвэл гадаад дахь дансыг царцаах эрсдэл байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )