Испанийн хөлбөмбөгийн Ла Лигийн 25-р тойрогт Барселона клуб өөрийн талбайдаа Леванте клубтэй учраа таарч 3:0 харьцаагаар ялалт байгууллаа. Ингэснээр тэд Ла Лигийн хүснэгтийг дахин тэргүүлж эхэллээ. Энэ тоглолтод Френки Де Йонг 2025 оны нэгдүгээр сараас хойш анхны гоолоо оруулсан юм.
Барселона клубийн хувьд энэ тоглолт чухал байлаа. Учир нь бүх тэмцээний хүрээнд гурав дараалж хожигдоод байв. Тоглолтын эхний шүгэл дуугарснаас хойш 30 секундын дараа Леванте клубийн Альварес Барсагийн хаалгийг шалгаагд амжсан. Хоёр клубийн аль, аль нь харилцан довтолгоог хийсээр байлаа. Улмаар тоглолтын дөрөв дэх минутад Эрик Гарсиагийн дамжуулалтаар Марк Бернал гоол оруулж, талбайн эзэд тэргүүлж эхэллээ. Өдгөө 18 настай Марк Берналийн хувьд Ла Лигт хоёр дахь гоолоо оруулсан нь энэ. Ингэснээр тоглолтын хяналт эздийн гарт бүрэн шилжсэн гэхэд болно. Хэдийгээр тоглолтын 15 дахь минутад Леванте клуб том боломж үүсгэсэн ч гоол болгож чадаагүй.
Барселона клуб энэ улиралд талбайдаа 12 тоглолтод хожигдоогүй байна.
Эхний хагасын гол баатар нь Жоау Канселу байсан. Түүний дундын шугам дахь ноёрхол, довтолгооны найруулга энэ тоглолтод өөр түвшинд байсныг дурдах нь зүй. Тэр өөрөө гоол оруулах хэд, хэдэн боломж үүсгэсэн. Улмаар тоглолтын 32 дахь минутад түүний дамжуулалт Де Йонг дээр очиж тоглолтыг хоёр гоолын зөрүүгээр тэргүүлэв. Эхний хагас энэ үр дүнгээр өндөрлөсөн юм.
Тоглолтын хоёрдугаар хагас зочдын хувьд биелэгдэшгүй даалгавар байсан. Учир нь энэ улиралд Барселона клуб хоёрдугаар хагаст 23 гоол оруулсан юм. Тиймээс энэ статистикийн эсрэг тоглосон. Леванте клуб цөөхөн хэдэн боломж үүсгэсэн ч гоол оруулж чадаагүй. Тоглолтын 81 дэх минутад Барселона клубийн Фермин Лопес 20 метрийн зайнаас хүчтэй цохиж тооны харьцааг 3:0 болгов. Тэр энэ улиралд 11 дэх гоолоо оруулж байгаа нь энэ. Чухам үүнээс хойш эздийн ноёрхол эрчимжиж тоглолт энэ үр дүнгээр өндөрлөсөн юм.
Энэ удаагийн тоглолтын 66 дахь минутад чамгүй хугацааны бэртлийн дараа Педри талбайд гарлаа. Олон амаргүй учраа хүлээж буй энэ үед Барсагийн хувьд сайн мэдээ. Тоглолтод ялалт байгуулсанаар Барселона клуб энэ улиралд Ла Лигийн хүрээнд 12 тоглолт талбайдаа хийхэд 12 дараалж ялалт байгуулсан бахдам амжилт үзүүлээд байна. Леванте клубийн хувьд Барселона клубтэй учраа таарсан сүүлийн 17 тоглолтдоо бүгдэд нь хожигджээ.

Сэтгэгдэл ( 0 )