ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.03.24. Энэ оны 83 дахь өдөр бөгөөд он дуусахад 282 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 46 минутад мандаж, 19 цаг 11 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 7 хэм дулаан, шөнөдөө 4 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр, Сэтгэл гутралтай тэмцэх олон улсын өдөр тохиож байна. Угандад өнөөдөр Мод тарих үндэсний өдөр бол Аргентинд Хууль, шударга ёсны өдөр, Польшид Амьдралын өдрийг тэмдэглэж байна.

Өнөөдөр Америкийн жүжигчин Рональд Ли Эрми, Питер Жейкобсон, Лара Флинн Бойл, Жим Парсонс, Жессика Честейн, Английн жүжигчин Патрик Малахайд, Францын жүжигчин Жан-Кристоф Буве, Испанийн жүжигчин Мария Вальверде зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1955 оны энэ өдөр БНХАУ-ын Төмөр замын яам Жинин-Улаанбаатарыг холбосон төмөр зам болон ЗХУ, БНМАУ-ын олон улсын шууд ачаа тээвэр ашиглалтад ороход бэлэн болжээ. Хятадын төмөр зам ачаа тээвэр зохицуулах комисс байгуулж, мэргэжлийн хяналт шалгалт хийх хоблогдох нэгж байгууллагын бэлтгэл ажлыг гүйцэтгэн, мөн жилдээ багтаан олон улсын ачаа тээвэрлэлт ашиглалтад орох тухай баталгаа өгсөн байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1882 оны энэ өдөр Германы эрдэмтэн Роберт Кох сүрьеэ өвчин үүсгэгчийг нээсэн тухай зарлажээ. Жилийн дараа тэр холер халдварт өвчин үүсгэгчийг нээсэн ба 1905 онд түүнд Нобелийн шагнал хүртээж байв.

1898 онд Америкийн анхны “Уинтон” автомашины загварыг 1000 ам.доллароор заржээ. Автомашиныг уулын инженер Роберт Эллисон худалдан авсан байна.

1934 оны энэ өдөр АНУ-ын Конгресс Филиппин улсыг автономит эрхтэй болгожээ.

1965 оны энэ өдөр Сансрын "Рейнжер 9" хөлгийн нислэгийг телевизээр шууд дамжуулав.

2003 оны энэ өдөр Арабын лигийн орнуудын хуралдаанаар Иракт явуулж байгаа АНУ, Их Британийн цэргийн ажиллагааг хууль бус гэж үзжээ.

2008 оны энэ өдөр Бутан улс ардчилсан засаглалтай болж, түүхэндээ анх удаа парламентын сонгууль зохион байгуулав.

2020 онд Олон улсын олимпын хороо ковид-19 цар тахлын улмаас 2020 оны зуны олимпын их наадмыг 2021 он хүртэл хойшлуулсныг зарлажээ.

Өнөөдөр үс засуулбал өнгө зүс сайжирна

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top