АНУ, Израилын Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа эхэлсэн эхний цагуудаас таамаглаж байсан шиг газрын тосны үнийг огцом өссөнгүй. Газрын тосны үнэ хамгийн ихдээ баррель нь 82 ам.доллар хүрсэн боловч энэ долоо хоногийн эхээр 80 ам.доллароос доош буурсан байна.
Ормузын хоолойд газрын тос тээвэрлэгч хэд хэдэн хөлөг цохилтод өртсөн бөгөөд энэ хоолойгоор дэлхийн газрын тосны далайн тээврийн 31 хувь дамжин өнгөрдөг. Хэрэв Иран уг хоолойг албан ёсоор хаавал нефтийн үнэ баррель нь 100 ам.доллараас дээш өсөх магадлалтай.
Ийм нөхцөлд Орос улс ашиг хүртэх боломжтой. Тус улс газрын тосны үнээ бууруулж, Энэтхэгийг худалдан авагчдын эгнээнд дахин татах боломж гарах магадлалтай. Ойрх Дорнод дахь мөргөлдөөн үргэлжилбэл зах зээлд ямар нөлөө үзүүлэх талаар Forbes судалжээ.
Ормузын хоолойн ач холбогдол
Стандарт Brent маркийн газрын тосны фьючерс үнэ гуравдугаар сарын 1-ний шөнө арилжаа нээгдэхэд 13 хувь өсөж, баррель нь 81.5 ам.доллар болсон нь 2025 оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт байв. Харин гуравдугаар сарын 2-ны орой гэхэд үнэ 3.6 хувиар буурч, 78.6 ам.доллар болсон.
Зах зээлийн гол айдас бол Иран Ормузын хоолойг хааж магадгүй гэсэн эрсдэл юм. Сүүлийн үед тус хоолойд хөлөг онгоцнуудын хөдөлгөөн бараг зогсоод байгаа билээ. Энэ хоолой нь Персийн булангийн орнуудын газрын тос болон байгалийн шингэрүүлсэн хийг дэлхийн зах зээлд нийлүүлдэг хамгийн чухал тээврийн зам юм.
Ормузын хоолой нь Иран, АНЭУ, Оман зэрэг гурван улсын хооронд байрладаг. Урт нь 161 км, хамгийн нарийн хэсэг нь ойролцоогоор 34 км. Нэг чиглэлд ашиглагдах усан зам нь гурван км өргөн бөгөөд дэлхийн газрын тос, байгалийн шингэрүүлсэн хийн худалдаанд асар чухал ач холбогдолтой.
Kpler компанийн мэдээлснээр 2025 онд энэ маршрутаар өдөр бүр ойролцоогоор 13 сая баррель газрын тос тээвэрлэсэн нь дэлхийн газрын тосны далайн тээврийн 31 хувийг эзэлж байна.
Хоолойг хаах уу?
Гуравдугаар сарын 1-ний орой Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Al Jazeera телевизэд ярилцлага өгөхдөө Тегеран Ормузын хоолойг хаах бодолгүй, “одоогоор усан тээврийг саатуулах ямар нэг үйлдэл хийхгүй” гэж мэдэгдэж, Ираны цэргийн ажиллагаа нь хөрш орнуудын эсрэг чиглээгүй гэж байв.
Гэвч Reuters агентлагийн мэдээлснээр томоохон нефтийн компаниуд, трейдерүүд болон тээврийн компаниуд энэ хоолойгоор дамжих газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн болон байгалийн шингэрүүлсэн хийн тээврийг түр зогсоожээ.
Гуравдугаар сарын 1-ний орой гэхэд дор хаяж 150 хөлөг онгоц Персийн буланд зангуугаа буулгаад байгаа бөгөөд өөр олон хөлөг онгоц Оманы булангийн талд зогсож байв.
Албан ёсоор Ормузын хоолой хаагдсан нь батлагдаагүй ч цаашид газрын тосны үнэ хэрхэн өөрчлөгдөх нь энэ хоолойг ашиглах боломжтой эсэхээс ихээхэн хамаарна гэж шинжээчид үзэж байна. Одоогийн тодорхойгүй нөхцөлд нефтийн үнэ нэг баррель нь 80–90 ам.долларын хооронд хэлбэлзэх магадлалтай гэж шинжээч ярьжээ.
Тээврийн зардал огцом өсөх эрсдэл
Иран Ормузын хоолойг хаахгүй байх шийдвэрт Хятад болон Энэтхэг зэрэг том худалдан авагчдын нөлөө их байсан байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.
Хоолой бүрэн хаагдах магадлал бага ч даатгал болон тээврийн үнэ 2.5–3 дахин өсөх боломжтой.
Блүмберг агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын Sinokor компанийн тооцоогоор Хятад руу газрын тосны тээврийн үнэ баррель тутамд ойролцоогоор 20 ам.доллар болжээ. Өнгөрсөн жил дунджаар 2.5 ам.доллар байсан байна.
Газрын тосны үнэ яагаад огцом өсөөгүй вэ?
Эрчим хүч ба санхүүгийн хүрээлэнгийн шинжээч Алексей Громовын хэлснээр газрын тосны үнэ харьцангуй бага өссөн нь хэд хэдэн шалтгаантай. Нэгт, дэлхийд газрын тосны илүүдэл нөөц бий болсон. 2026 оны хоёрдугаар сарын байдлаар өдөрт 2–2.5 сая баррель газрын тос илүү нийлүүлэгдэж байжээ. Хоёрт, томоохон хэрэглэгчид их нөөцтэй байна. Ялангуяа Хятад улс стратегийн нөөцдөө их хэмжээний газрын тос хуримтлуулсан. Одоогоор тус улс нэг тэрбум гаруй баррель газрын тосны нөөцтэй байгаа бөгөөд энэ үзүүлэлтээр АНУ-ыг даваад байна. Гуравт, их хэмжээний газрын тос зарагдаагүй байна. Ойролцоогоор 130 сая баррель газрын тос (үүнд Орос, Ираны хар алт багтана) Энэтхэгийн эрэг орчим хадгалагдаж байгаа бөгөөд шаардлагатай бол худалдан авагчдад нийлүүлэх боломжтой.
Ормузын хоолой хаагдсан ч экспорт бүрэн зогсохгүй
Громовын үзэж байгаагаар хоолой хаагдсан ч бүс нутгийн газрын тосны экспорт бүрэн зогсохгүй. Учир нь Саудын Араб нь Улаан тэнгисийн Янбу боомт хүртэл өдөрт таван сая баррель газрын тос дамжуулах хүчин чадалтай хоолойтой. Мөн АНЭУ Ормузын хоолойг тойрон гарах Фужейра боомттой бол Иран улс Ормузын хоолойгоос гадна байрлах Жаск боомтод терминалтай юм. Гэсэн хэдий ч хоолойг бүрэн хаавал бүс нутгийн олборлолт буурах нь цаг хугацааны асуудал гэж шинжээчид анхааруулж байна.
OPEC+ олборлолтоо нэмэгдүүлэв
Газрын тосны үнийн огцом өсөлтийг хазаарласан өөр нэг хүчин зүйл нь OPEC+ бүлгийн шийдвэр юм. Гуравдугаар сарын 1-нд тус нэгдлийн найман улс олборлолтоо дөрөвдүгээр сараас өдөрт 206 мянган баррелиар нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн. Оросын олборлолтын квот 62 мянган баррелиар нэмэгдэж, өдөрт 9.64 сая баррель болсон. Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар Оросын олборлолт хэдийн дээд хэмжээндээ хүрсэн тул шинэ хөрөнгө оруулалтгүйгээр үйлдвэрлэлээ огцом нэмэгдүүлэх боломж хязгаарлагдмал юм.

Сэтгэгдэл ( 0 )