Гал морин жил нь эр буюу хатуу жил, сүр хүчний бэлгэдэл болой

2 цагийн өмнө

Гал морин жил айлчлан ирлээ. Хавар ирж, хүн бүр нэг нас нэмж, мал сүрэг тарган тавтай онд орсныг тэмдэглэдэг монголчуудын уламжлалт гол баярын нэг нь цагаан сар. Цагаан сар нь сарны хуанли буюу билгийн тооллоор тэмдэглэдэг шинэ жилийн баярын нэр юм. Хэдийгээр Азийн олон орон сарны тооллоор шинэ оноо угтаж Хаврын баяр тэмдэглэдэг ч монголчууд тэдний адил шар зурхайгаар бус, өөрийн орны өвөрмөц цаг уур, байгалийн нөхцөл байдалдаа тохируулан Төгс буянтын зурхай хэмээх өөр нэг тооллоор цагаан сараа угтдаг тул зарим үед өдөр, сараар зөрдөг билээ.

Угтан золгох 2026 онд дорно дахины билгийн тооллоор “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жил айлчлан ирлээ. Эр, эм жил ээлжилдэг дорнын зурхайгаар гал морин жил нь эр буюу хатуу жил, сүр хүчний бэлгэдэл юм.

Албан байгууллагууд тамга амраах ёслол үйлддэг

Цагаан сарын ёслол нь битүүлэх ба шинэлэх гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрддэг. Өвлийн сар өндөрлөх сүүлийн өдөр Битүүлэг хэмээх ёслол үйлдэн өвлийг үддэг бөгөөд хаврын сарын эхний өдөр Шинийн нэгэн, Цагаан сар, Сар шинийн баяр гэж нэрлэдэг гол баяраа тэмдэглэнэ. Албан байгууллагууд битүүний өдөр тамга тэмдгээ хэвтүүлэн тавьж “тамга амраах” ёслол хийдэг. Өдөр тутам албан бичиг дээр тамга дардаг тул төрийн тамга хүртэл битүүний өдөр “амрах эрхтэй” хэмээн үздэг байжээ.

Цагаан сарын баяр нь хэд хэдэн давхар утга илэрхийлнэ. Юуны түрүүнд энэ нь өвлийг өнтэй давж, урин хавартай золгож хүн бүр нэг нас нэмсний баяр учраас нийт монгол түмний төрсөн өдрийн баяр ч гэж хэлж болно. Мөн аав, ээж, ахмад настнаа дээдэлж, ахан дүүс, ураг саднаараа золгож, бие биесээ хүндэтгэх, ураг садны хэлхээ холбоо батжих, овог удмаа мэдэх, залуу үедээ сургаалиа хайрлах, хүүхэд багачуудаа танилцуулах, хийморио сэргээж, жилийн заслаа хийлгэн ард олноороо буян хурааж шинэлэх зэрэг олон ёс заншлыг багтаасан баяр юм.

Чингис хаан анх цагаан сарыг төр түмний нэгдсэн их баяр болгож, Өүлүн эхдээ эхлэн золгож, хаврын урь орж, өлзий учралт барс сар гарах цагаар Есөн хөлт цагаан тугаа тахиж Их хуралдай хуралдуулах болсноос эхлэн харъяат аймгуудын олон ноёд түшмэд бэлэг хүргэн ирж хааны амгаланг айлтгадаг ёс тогтсон тухай Рашид Ад Дин тэмдэглэжээ. Энэхүү баярыг Их эзэн Чингис хаан 1207 онд албан ёсоор бүх нийтийн төрт ёсны баяр болгож, улмаар ХVII зуунд Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс эхлэн Бурханы шашны бэлгэдэлтэй болж өргөжсөн гэдэг.

Цагаан сард бор, цагаан идээ бэлтгэнэ

Цагаан сардаа зориулж монголчууд бор, цагаан гэсэн хоёр төрлийн идээ бэлдэнэ. Бор идээнд хонины ууц тэргүүтэй бүхэл мах, битүү хоол болох бууз, банш, шимийн архи орно. Цагаан идээнд сүүний гаралтай бүх төрлийн цагаан идээ, хэвийн боов, боорцог, айраг орно. Шинийн нэгний идээний үндсэн хэсэг нь давхарлан өрсөн ааруул, эсвэл хавсай, хэвийн боов юм. Ингэхдээ үндсэн тавгийн идээ болох ааруул буюу хэвийн боов, хавсайг сондгой тоогоор давхарлан өрдөг. Ингэхийн учир нь жаргал, зовлон, жаргал хэмээн үе бүрийг тоолоход жаргалаар эхэлж жаргалаар дуусах ёстой гэж үздэг. Залуу, идэр насны гэр бүлийн тавгийн идээ гурав, таван үе байж болдог. Өндөр настнууд долоон давхар идээ засна. Төрийн ёслолын тавгийн идээг есөн давхар засдаг уламжлалтай. Тавгаа өрөм, ааруул, шар, цагаан тос, чихэр зэрэг зүйлсээр чимдэг. Сар шинийн гол зоог нь чансан мах, бууз юм. Сар шинийн өглөө хамгийн ахмад настан ууц хөндөж, гэрт байгаа хүн бүрд ууцны махнаас хишиг хүртээнэ.

Шинийн нэгэнд нар мандахтай уралдан хүн бүр шинэ дээл хувцсаа өмсөн гэрийн эзэгтэй сүүтэй цайгаа чанаж цай, идээний дээжээ ургаж буй нар, эцэг тэнгэр, эх дэлхийдээ өргөх бөгөөд өрхийн тэргүүн тэр жилийн зүг гаргах хэмээх ёс үйлдэж уул овоонд гарч сүү, цагаан идээ өргөнө. Зурхайгаар тухайн жилд хийморьтой сайн хэмээн заасан зүгт гарч, буян хишгийн зүгээс эргэж ирэхийг зүг гаргах гэнэ. Үүний дараа гэр дотроо гэрийн эзэнтэй гэр бүлийн гишүүд насны эрэмбээр золгоно. Эхнэр нөхөр хоёрыг нэг бие, нэг хүн гэж үзэх тул хоорондоо золгохгүй. Нас чацуу хоёр хүн гараа солбин зөрүүлж золгоно. Жирэмсэн эмэгтэйчүүд хоорондоо золгохдоо гарын эрхий хурууг дотогш дарж золгодог бөгөөд хэвлий дэх хүүхдийн хүйс солигдохоос сэргийлж тэгдэг хэмээн үздэг. Монголчуудын баяр ёслолд хадгийг эдийн дээд болгон барьдаг заншилтай. Золгохдоо хадаг барьж, хадагны амыг золгож байгаа хүн рүүгээ харуулан барина. Ахмад хүнтэй золгохдоо хоёр гарын алгыг дээш харуулан тохойг нь түшин “Та амар мэнд байна уу” гэж хоёр хацраа үнсүүлнэ. Золгож байгаа ахмад хүн хариуд нь “Амар мэнд ээ“ гэнэ. Зочид ширээнд сууж “Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу” гэж ахмад хүнээсээ эхлэн тамхилж, хөөрөгний толгойг суллан хөөргөө баруун гараараа өгнө. Ингэхдээ суллаж өгсөн хөөрөгний толгой дээр дарж таглаж болохгүй. Хэрэв хөөрөгний толгой дээр дарвал өс хонзон санасан, дайсагнасан, таарамжгүй байдлаа илэрхийлсэн гэж үзнэ. Мөн хөөрөг харшуулж солилцохыг цээрлэдэг.

Хөөрөг харилцан зөрүүлж барих нь ах дүүс, найз нөхдийн хоорондын дотно харилцааг бэхжүүлж харилцан бие биеэ хүндэтгэсний илэрхийлэл юм.  Цагаан сараар ирсэн зочиддоо заавал гар цайлгах бэлэг өгдөг уламжлалтай бөгөөд сар шинийн өдрүүдэд муу үг, хараал хэлдэггүй, хэрүүл маргаан хийх, уйлах, агсам согтуу тавих, эд зүйл зээлээр өгөх, амьтны амь таслахыг цээрлэнэ. Бэлэг өгөхдөө цагаан өнгийн эдийг чухалчлах бөгөөд хар өнгийн зүйл аль болох өгөхгүйг эрхэмлэнэ. Сар шинийн баяраас өмнө хүнээс зээлсэн мөнгө, эд мал зэргийг даруй эргүүлэн өгөх, эв түнжин эвдэрч муудалцсан хүнтэй зориуд уулзаж эв эеэ засах зэрэг ёс үйлдэнэ.

Шинийн нэгний өглөө гэр гэртээ ам бүлээрээ золгосны дараа аав ээж, өндөр настай ахмад хамаатан садандаа золгохоор хөдөө бол сайн морио шилж унаж, төв сууриныхан машин тэргээр явцгаана. Сар шинээр унах морины дэлийг урьдчилж засна. Золголт хэдэн өдөр үргэлжилж, Бурхны шашны сүм хийдүүд битүүний үдшээс шинийн нэгний өглөө хүртэл Цэдэр Лхам хэмээх ном хурах бөгөөд хаврын тэргүүн сарын шинийн 15-ныг дуустал сайн сайхны ерөөл бэлгэдлийн утгатай ном хурна. Энэ өдрүүдэд хүмүүс сүм хийдэд очиж тухайн жилдээ сайн сайхан, эрүүл энх тунх байж, ажил үйлс бүтэхийг бэлгэдэн засал хийлгэж, тухайн жилийг даах ном хуруулж ерөөл даллага авахуулдаг заншилтай. Битүүний шөнө Лхам бурхан "Ум аа хум" гэж хэлэх хооронд ертөнцийг тойрч, айл бүрийг эргэдэг хэмээн үздэг учраас сүм хийдүүд Лхам бурхны номыг хурж орой нар жаргахтай уралдан зул хүжээ бадрааж, бурхан тахилын үйлээ цэгцэлж, идээ будаагаа өрж бэлтгээд битүүний үдэш ёслолоо эхэлнэ.

Битүүний орой айл өрхүүд зүүн хатавчиндаа өргөстэй харгана тавьдаг нь Лхам бурхныг хөөн явдаг чөтгөрийг хөөх бэлгэдэлтэйгээс гадна ирэх жилдээ өрх гэрт элдэв гай барцад тохиохгүй, ажил төрөлд нь ямар нэг саад тотгор учрахгүй, ажил амьдралын үйл бүтээл бүхэн нь дэвжин дэлгэрч дээшлэн мандаж байхын бэлгэдэл бүхий учир утгатай. Хаалганы тотгон дээрээ мөс тавьдаг нь Лхам бурханы хөлөг хул халзан луусыг ундлах ундаа гэдэг.

Битүүн, шинийн эхний өдрүүдэд айлд хонодоггүй

Битүүн болон шинийн эхний өдрүүдэд гэр орноо эзгүй үлдээж айлд хонох, гэр орондоо хэрүүл маргаан хийх, өлөн зэлмүүн байх, малаа хээр хонуулах, нохой зодох, мал сүрэг, нохойгоо цадтал хооллохгүй байх зэргийг цээрлэнэ. Монголчууд эрт дээр үеэс битүүний өдөр томчууд, хүүхэд багачууд ялгалгүй хонины шагайгаар “Алаг мэлхий өрөх” хэмээх тоглоом тоглож иржээ. “Алаг мэлхий” нь 92 шагайнаас бүрдэх бөгөөд хааш хааш зургаа үелсэн бүгд 36 шагайг нуруу хэмээн өрөөд, түүний дөрвөн үзүүрт тус бүр дөрвөн шагайнаас бүрдэх дөрвөн шилбэнд бүгд 16 шагай, мөн дөрвөн тавхай тус бүр тав, бүгд 20 шагай, дээд талд нь хүзүүнд зургаа, хошуунд гурав, хоёр нүд, хоёр чих, доод талд сүүлний гурван шагайг, бөөрний хоёр, зүрх, давсагны нэг шагайг байрлуулан өрдөг заншилтай. Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шүүсээ хураан багасгаж, айлчин гийчний хөл татарна. Холоос ирэх зочид саатах зэргээс шалтгаалан шинийн 15 дотроо багтаж золгосноор ёслол өндөрлөнө. Гэвч монголчууд шинийн үеэр уулзаагүй танил нөхөд, ахмад настнуудтай жилийн аль ч үед тааралдсан газраа золгодог уламжлалтай билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top