Эзэн хааны цом | Реал Мадрид 2-р лигийн багт хожигдлоо

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Испанийн эзэн хааны цомын шөвгийн 16 шатны тоглолтод Реал Мадрид клуб хоёрдугаар лигийн Албасет клубт 3-2 онооны харьцаагаар хожигдож цомын тэмцээнээс мултарлаа. Европ, Испанийн дархан аварга Реал Мадрид энэ тоглолтод бөмбөг эзэмшилтээр харьцангуй дээгүүр байсан ч ерөнхий үр дүн агуулгын хувьд тааруу байлаа.

Тоглолтын эхний гоолыг Албасет клубийн Хави Виллар 42 дахь минутад оруулсан бол төд удалгүй Реалын Франко Мастантуоно 45+3 дахь минутад гоол оруулж эхний үе тэнцээгээр өндөрлөсөн. Харин хоёрдугаар үеийн төгсгөлд эзэн баг Албасетээс Хефте Бетанкор 82 дахь минутад тэргүүллийн гоол орууллаа. Тоглолтын төгсгөлд Реалаас Гонзало Гарсиа 90+1 дэх миунтад гоол оруулж тэнцүүлсэн ч эцсийн мөчид эзэн багаас Хефте Бетанкор 90+4 дэх минутад хожлын гоол оруулж дуулиантай ялалт байгууллаа. Энэ тоглолтод Реал Мадрид хаалганд 18 удаа цохьсон бол, Албасет 13 удаа цохьсон юм. Хаалга руу цохьсон тоогоор 2-р лигийн баг илүү байсан.

Шинээр томилогдоод буй Альваро Арбелоа ийнхүү эхний шалгалтдаа бүдэрлээ. Энэ тоглолтод хожигдсоноор Реал Мадрид клуб хоёр дараалсан ялагдал хүлээлээ. Дархан аваргуудыг хожиж дуулиан тарьсан Албасет нь Испанийн хөлбөмбөгийн хоёрдугаар лигийн 17-р байрт бичигдэж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top