
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп АНУ Гринландыг эзэмших ёстой гэж дахин мэдэгдэв. Вашингтон үүний тулд бүхий л аргыг хэрэглэнэ гэсэн. Гринланд АНУ-ын хувьд ямар их стратегийн үнэ цэнтэй болоод АНУ-ын ерөнхийлөгч НАТО-ийн холбоотондоо сүрдүүлэх болов?
Цэрэг, стратегийн хувьд АНУ-д дор хаяж хоёр шалтгаан бий гэж ВВС онцолжээ. Тус арал АНУ-ын нутаг дэвсгэрийг далай болон агаараас хамгаалдаг. Үүний сацуу Гринланд нь өнөө үед ач холбогдол нь ихээхэн өсөж байгаа бүс нутаг болох Арктик дахь АНУ-ын байр суурийг бэхжүүлэх талтай.
Тэнгисийн хил хязгаар
Жил орчмын өмнө Доналд Трамп АНУ-ыг Европоос “том сайхан далай” тусгаарладаг гэж нийгмийн сүлжээнд бичиж байсан. Тэр нь Атлантын далай. Орост ч тэр, Хятадад ч тэр шууд гарц байхгүй. Оросоос Атлантын далайд Хар тэнгис, Босфор, Дарданеллын хоолойгоор гарч, Газар дундын тэнгис, Гибралтаар дамжин хүрэх боломжтой. Дээрээс нь эл замд Туркийн хоёр ч хоолой бий бөгөөд дайны үед Монтрегийн конвенцын дагуу хаагддаг. 2022 онд Орос Украинд халдсаны дараа тус хоолойгоор Орос, Украины цэргийн хөлөг онгоцнууд гарах боломжгүй болсон билээ. Оросын хувьд илүү хялбар зам нь Баренцын тэнгисээс Скандинавын хойгоор тойрон Исландын дагуух өргөн гарцаар Атлантын далайд хүрэх боломжтой. Энэ зам нь НАТО-ийн гишүүн орон болох Норвег, Их Британи, Исландын дагуу өнгөрдөг. Нөгөө талд нь Гринланд. Эл зурвасыг цэргийнхэн Хойд мөсөн далайн зүгээс Атлантын далайг хамгаалахад илүү тохиромжтой газар гэж үздэг байна.
Эл хил хязгаарын стратегийн ач холбогдлыг ХХ зууны эхээр үнэлж байжээ. Хүйтэн дайны үед шийдвэрлэх ач холбогдолтой болсон. Эл замаар баллистик пуужин бүхий цөмийн шумбагч онгоцнууд жижүүрлэж байсан бөгөөд ямар ч чиглэлээс гэнэтийн цохилт өгөх боломжтой байжээ.
Атлантын далай нь Хойд Америк, Европын нийлүүлэлтийн хамгийн чухал зам байсаар байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед гуравдугаар рейхийн тэнгисийн хүчин эл замыг хаах гэж оролдож байжээ.
Хүйтэн дайны үед америкчууд энэ бүс нутагт хөлөг онгоцыг хянах автомат SOSUS системийг байрлуулсан бөгөөд 1980-аад онд шинэ IUSS системийг суурилуулжээ. Гринландад эл системтэй холбоотой объектууд байдаг эсэх талаар ямар нэгэн мэдээлэл байдаггүй бөгөөд эл системийн ажиллагаа америкчуудаас хамааралтай эсэх нь ч тодорхойгүй.
Гэсэн хэдий ч батлан хамгаалахын аливаа хил хязгаарын сул тал нь жигүүр байдаг. Хэрэв НАТО Гринланд дахь хяналтаа алдвал /үүнээс Доналд Трамп айж байгаа/ хяналтыг гартаа авсан тал Хойд Атлант руу чөлөөтэй нэвтрэх юм.
Сансрын батлан хамгаалалт
Хоёрдох шалтгаан нь Гринландад АНУ-ын Сансрын хүчний цэргийн “Pituffik” бааз байрладаг бөгөөд энэ нь АНУ-ын чиглэлд тив алгасах пуужин харвасан тухай анхааруулах системийн чухал элемент юм.
Гринланд нь Оросын стратегийн ач холбогдолтой цэргийн ихэнх байршлуудаас харвах боломжтой тив алгасах пуужингийн нислэгийн замд ордог. Пуужин харвасан тохиолдолд UEWR радарын тусламжтай хэдэн минут хожих боломжтой аж.

Pituffik бааз нь пуужин хөөргөлтийг хянах системийн нэг хэсэг төдийгүй хиймэл дагуулуудтай холбогдох сансрын бааз юм. Тиймээс эл баазын ач холбогдол байсаар байна.
Баруун хойд гарц ба Арктик
Эцэст нь Гринландыг хянаснаар Арктик дахь АНУ-ын байр суурийг бэхжүүлэх боломжтой. Уур амьсгалын өөрчлөлт мөс хайлахад хүргэж, байгалийн баялгийг олборлох шинэ боломжуудыг нээж байна. Гринланд нь газрын тос, уран, газрын ховор металлтай. Тус арал мөн тээврийн шинэ коридор байгуулахад чухал.
Арктик дахь тээврийн хамгийн том хоёр коридор нь Оросын эрэг дагуух Хойд тэнгисийн зам ба Хойд Америкийн умард эрэг дагуух Баруун умард гарц юм.
Гарцын бүсэд дэд бүтэц сул хөгжсөн хэдий ч худалдаа, цэргийн нөөц боломж асар их тул хөрөнгө оруулалт богино хугацаанд өгөөжөө өгөх боломжтой.
Канад улс тус гарцыг өөрийнх нь усан хилийн бүсэд ордог гэж үздэг бол АНУ олон улсын хилийн бүсэд оршдог гэж үздэг байна. Эхний тохиолдолд канадчууд хөлөг онгоцны зорчих дүрмийг тогтоох боломжтой бол хоёрдох нөхцөлд олон улсын дүрэм үйлчлэх ёстой.

Хэрэв АНУ Гринландад хяналтаа тогтоовол Баруун хойд гарцыг тойрсон маргаан дахь байр суурийг нь бэхжүүлэх төдийгүй Арктик дахь оролцоог нь нэмэгдүүлнэ. Өдгөө тус бүс нутагт Орос, Хятад хоёр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Москва Арктикт цэргийн хүчээ нэмэгдүүлж, цэргийн баазаа өргөжүүлж байгаа бөгөөд нисэх онгоцны томоохон буудлууд болон радаруудтай.
Хятад улс 2018 онд өөрийгөө Арктик орчмын улс хэмээн зарлаж, Хойд мөсөн далайд Туйлын Торгоны зам байгуулахаа мэдэгдэж, мөс зүсэгч онгоц худалдан авч эхэлжээ.
Түрээс үү эсвэл эзэмшил үү?
Гринланд нь Данийн хаант улсын бүрэлдэхүүнд багтдаг өөртөө засах нутаг дэвсгэр. 1951 онд АНУ Гринландыг хамгаалах тухай гэрээг Умард Атлантын гэрээтэй уялдуулан байгуулсан. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа АНУ, Данийн тохиролцоо ёсоор АНУ нь тус аралд хязгааргүй тооны цэрэг илгээх эрхтэй.
2023 онд АНУ, Дани хоёр батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулсан бөгөөд тусдаа хэлэлцээрээр АНУ-ын Гринланд дахь оролцоог зохицуулдаг байна.

Трамп Гринланд нь Орос, Хятадын гарт орж болзошгүй хэмээн нэг бус удаа ярьж байсан бөгөөд АНУ нь эл нутаг дэвсгэрийг түрээслэх бус эзэмших ёстой гэдэг. Тэрбээр “Би Хятад болон Оросын ард түмэнд хайртай. Гэхдээ тэд Гринланд дахь бидний хөрш болохыг хүсэхгүй байна. НАТО-д үүнийг ойлгох ёстой” гэж Трамп 2026 оны эхээр мэдэгдэж байв.
Данийн байр суурийг түүний НАТО дахь гол холбоотон улсууд дэмжиж байгаа. Зөвхөн Дани болон Гринланд харилцааныхаа талаар шийдвэр гаргах боломжтой гэж холбоотнууд нь мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )