/УИХ-ын дарга болж тодорсны нэг сарын ойд/
Сул гишүүнээс сайд, сайдаа байгаад спикер болж дэвшсэн “Тимон” дарга ууртай байна. Батлах хуулиа ач холбогдолтой, үгүйгээр нь ялгаж уурлалаа. Сөрөг хүчний гишүүн байр сууриа илэрхийлэхэд намаа өмөөрч уурлалаа. Өөрийнх нь намын гишүүн “би л эх оронч” гэж өмөлзөхөд "битгий давар" гэж уурлалаа. Өөрийнх нь намыг л дамжиж дарга болсон нэгнийг "жийж" нэг уурлалаа. Бүр сүүлдээ “уян налархай дарга” гэж итгүүлж нэг уурлалаа. Ер нь л дарга болоод уурласан. Уурлахдаа тэтгэврийн зээлийн хугацааг нэм гэж уурласан. Намын даргаа нууж нэг уурлана, би спикер шүү гэж бардаж нэг уурлана. Уурласаар нэг сар боллоо.
Парламентын даргын үндсэн үүрэг нь чуулганы үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хуралдааны дэгийг сахиулах, хууль тогтоох үйл явцыг зохион байгуулахад оршино гэж заасан байдаг. Парламент гэдэг хэн нэгний мэдэмхийрсэн, хийрхсэн, дүр эсгэсэн байдал гэхээсээ мэтгэлцээний соёлыг агуулсан байх ёстой. Гэвч энэ парламент мэтгэлцээний талбар биш Н.Учралын “Рояаль” академийн оюутнууд шиг боллоо. Хэлэлцүүлгийн уур амьсгалыг илүү хурцатгаж байна. Сөрөг хүчнийг сөрж байна. Асуудлаа хувийн үзэмжээрээ эрэмбэлж байна.
Энэ парламент мэтгэлцээний талбар биш Н.Учралын “Рояаль” академийн оюутнууд шиг боллоо.
Парламентын ардчилалтай манайх шиг улсад засаглалын салаа мөчрүүд болох хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын уялдаа холбоо харилцан хяналттай байхад оршино. Хяналт тавина гэдэг нь хөмсөг зангидахын нэр биш. Хяналт тавина гэдэг нь асуудлын үнэн мөнийг мэтгэлцээний үндсэн дээр олоод нэгдсэн нэг шийдэлд хүрнэ ээ гэсэн үг. Өөрөө ч сайд байхдаа “парламентын ардчилал” гэдэг үгийг их урсгадаг байв даа. Спикер болоод өөр болжээ. “Сайд нар гадаадад зугаалсан л улсууд байх юм”, “Сайдын ажилдаа түүртээд байвал ажлаа өгч болно шүү” гээд л уурлаж байна лээ. Сайд байхдаа “Ажил их байна, гэхдээ аль болох бололцоогоороо чуулганд сууж байна” гэж сайд нараа өмөөрч л байсан нэгэн.
Улс төрийн имиж бүрдүүлэлтийг нь харвал З.Энхболдыг дуурайж, “Өндөр Зика” болох гээд ч байгаа юм шиг.
Яг нэг сарын өмнө УИХ-ын даргаар томилогдохдоо дараах дөрвөн зорилго тавьж байлаа. Нэгдүгээрт, парламентыг Үндсэн хуулиа дээдлэн сахих, хууль дээдлэх, шударга ёс, ёс зүй, тэгш эрхийн зарчмыг Улсын Их Хурал өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэх хэрэгтэй гэж байв. Тэгсэн яасан, асуудалд хувийн байр сууринаасаа хандаад эхэлсэн. Хоёрдугаарт, судалгаа, их өгөгдөл, шинжлэх ухаанд суурилсан цаг үе, олон улсын чиг хандлага, хэрэгцээ шаардлагад нийцсэн хууль тогтоомжийг хэлэлцэн баталж байх үүрэгтэй гэж байв. Ингэж хэлээд удалгүй “Тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгохыг яаралтай шийдвэрлэх ёстой” гэж хөмсөг зангидан Сангийн бодлогыг самрав. Гуравдугаарт, олон ургальч үзэл бодлын мэтгэлцээний талбар байх ёстой гэсэн. Тэгээд удалгүй хэлэлцсэн асуудлын уур амьсгалыг эвдэж, мэтгэлцээний соёлыг алдагдуулаад зогсоохгүй, зарим гишүүдийн үг хэлэх эрхийг хязгаарласан гэх маргаан үүссэн тохиолдол байна. Дөрөвдүгээрт, олон нийтэд илүү нээлттэй, ойрхон, ил тод, шилэн парламент болж төлөвших учиртай гэсэн. Чуулганы хуралдааны тойм, УИХ-ын даргын мэдээлэл цахим хуудаст нь байршиж байгаагаас өөрөөр нээлттэй болж чадсангүй. Үгүй ээ яахав, чуулганы хуралдаантай танилцаж буй иргэдтэй индэр дээрээс мэндчилэх, гишүүддээ төрсөн өдрийн мэнд хүргэж л байгаа юм. Улс төрийн имиж бүрдүүлэлтийг нь харвал З.Энхболдыг дуурайж, “Өндөр Зика” болох гээд ч байгаа юм шиг.
“Өө Тимон чи бол сак залуу”. Гэхдээ хэлсэн үгнээсээ сарын дараа буцаад байвал юу нь сак байх вэ дээ!

Сэтгэгдэл ( 1 )
Учка эхлээд ирцээ бүрдүүлж сур янз бүрийн арга бна үхээд боссон хүн шиг бай