Ёкозүна Ооносато барцадтай өдрөө дахиад ялагдав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 17

Мэргэжлийн сүмогийн Аки башё эхлээд дөрвөн өдөр болж байна. Өнөөдрийг хүртэл зүүн, барууныг магнайлан гарсан Япон, Монгол хоёр ёкозүна ялагдалгүй явлаа.

Гэвч дөрөв дэх өдөр ялагддаг заншилтай шахам болчихсон ёкозүна Ооносато маэгаширагийн хоёр дээр эрэмбэлэгдсэн Хакүоход дахин ялагдлаа.

Дахин гэхийн учир нь өнгөрсөн Нагоя башёд мөн ялагдсан юм. Тэрхүү ялалтынхаа мөнгөөр Хакүохо төлбөр хийх гэж банкин дээр очоод будилсан явдлын тухай өчигдөр мэдээлсэн. /https://news.zindaa.mn/55l2/

Ооносатогийн хувьд дөрөв дэх өдөр барцадтай байдаг заншилтай болчихоод байгаа. Өнгөрсөн Кюүшюү башёгоос эхлээд башёгийн дөрөв дэх өдрийн барилдаанд нэг л ялж, таван удаа ялагджээ.

“Та башёгийн дөрөв дэх өдөр тааруу барилддаг гэж боддог уу?” гэж сэтгүүлч асуухад “Үгүй ээ, тэгж боддоггүй” гэж хариулсан. Тэгэхээр нь сэтгүүлч “Хакүохотой дэндүү болгоомжтой барилдчихав уу?” гэхэд мөн л “Үгүй ээ” гээд сүмочдын уламжлалт хариулт руу шилжиж “Өдөр бүр хичээж барилдана” хэмээн хэлсэн байна.

Харин Хакүохо давсаныхаа дараа “Боломж байгаа гэдгийг мэдэж байсан. Урагшаа цөхрөлтгүй дайраад, хөл дээрээ тогтоод байхад учир нь олдоно гэж бодсон” хэмээн өгүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top