Эхний өдөр Ооносато – Аонишики хоёрыг тааруулжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 12

Мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын башё энэ сарын 14-нд буюу ирэх ням гаригт эхэлнэ. Эхний хоёр өдрийн оноолтыг зарлалаа. Эхний өдрийн сүүлчийн барилдаанд дохё дээр ёкозүна Ооносато, шинээр комүсүби цол хүртсэн Украины Аонишики нарыг тааруулжээ. Ёкозүна цолтонтой башёгийн эхний өдөр шинэ комүсүби цолтныг оноодог уламжлалын дагуу таарсан байна.

Ёкозүна Ооносато гурав болон тавдугаар сарын башёд түрүүлж, долоодугаар сарын башёд давааны тоогоороо аман хүзүүдсэн. Харин 21 настай Аонишики Макүүчи зиндаанд гурван башё барилдахдаа тус бүр 11 давж, 4 унасан амжилтаар эрэмбээ ахиулсаар саньякү цолд хүрсэн юм.

Аонишики Нагоя башёд тэргүүлж явсан ч төгсгөлд хоёр дараалж унаснаар түрүүлэх боломжоо алдаж, Ооносатотой даваа унаа тэнцүү дуусгасан. 1958 оноос жилийн зургаан башёгийн тогтолцоонд шилжсэнээс хойш түүн шиг богино хугацаанд саньякү цолд хүрсэн бөх үгүй.

Ооносато, Аонишики хоёрыг энэ башёд түрүүлэх магадлал хамгийн өндөртэй бөхчүүдээр нэрлэж байгаа бол ийнхүү эхний өдөр таарлаа. Тэгвэл ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн эхний өдөр маэгаширагийн тэргүүнд эрэмбэлэгдсэн хэвээр үлдсэн 40 настай, Төмөр хүн хочит Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдах ажээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баттүшиг (66.181.188.181) 2025 оны 09 сарын 13

Бүх бөхчүүд амжилттай барилдаасай хамгийн гол миний бөх МӨНХОРГил амжилтаа башё бүр дээшлүүлэх болтугай энэ сар 1437 барилдаж Такамияма 1430 дээр нийт 1733 барилдаж Кайо 1731 дээр Одоо689 давсан 13 давсан дараа Таканохана701 дээр гарч 10т орно

1  |  0
Top