Албани улс Дэлхийн хамгийн анхны хиймэл оюун ухаант сайдтай боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 12

Өчигдөр Албани улсын Ерөнхий сайд Эди Рама кабинетынхаа шинэ сайдыг танилцуулсан нь Дэлхий нийтийн анхаарлыг гойд татлаа. Учир нь Diella буюу албаниар Нар гэх утгатай нэр бүхий шинэ сайд нь бодит биегүй, хиймэл оюун ухаан юм.

Албанийн үндэсний уламжлалт хувцастай Diella эмэгтэй төрхтэй бөгөөд энэ жилээс e-Albania цахим хуудсыг хариуцсан ажиллаж байсан юм байна. Тэгвэл одоо түүнд улсын худалдан авалтыг хариуцуулж, сайдаар томилжээ. Аажимдаа Diella Албани улсын тендерийн бүх шалгаруулалт, ажлыг хянаж, шийдвэр гаргах юм байна. Ингэснээр авлига, хээл хахууль багасна гэж Эли Рама үзэж байна.

Diella бол манай Засгийн газрын кабинетийн бодит биегүй хиймэл оюун ухаант анхны гишүүн. Түүний хүчээр манай улс тендерийн авлига, хээл хахуулиас 100 хувь ангижирна” гэж Эди Рама мэдэгдсэн байна.

Тендерт ирсэн бүх материалыг Diella-гаар хянаж, ажиллах юм байна. Ийм сайдтай болсноор тендерийн авлига, хээл хахууль үгүй болохоос гадна ашиг сонирхлын зөрчилтэй талууд тэмцэлдэхээ больж, үүнийг дагаад сүрдүүлэг, гэмт хэргийн гаралт цөөрөх гэнэ.

Албани бол төрийн тендерийн авлига, хээл хахуулийн асуудал ихтэй улс. Гадаадын гэмт хэргийн бүлэглэлүүд галт зэвсгийн худалдаа болон хар тамхины наймаагаас олсон мөнгөө энэ улсад угаадаг гэнэ. Тиймээс ч төрийн өндөр албан тушаалтнуудын дунд авлига, хээл хахууль газар авчээ.

Албанийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Diella сайдтай болсноор төр засагт томоохон өөрчлөлт орж, удирдлагын чиглэл, хандлага ч өөрчлөгдөнө гэж үзэж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зураач Лондон(90.208.80.214) 2025 оны 09 сарын 16

Манайд ёстой хэрэгтэй ”Сайд” байна даа...

0  |  0
Бодит байдал(66.181.187.189) 2025 оны 09 сарын 13

Манайд л жинхэнэ хэрэгтэй сайд байна,Занданшатараа Төрийн худалдан авалтын газрын даргаар ,тэндэрийн хорооны даргаар ийм ”Хүн” томилно уу?

0  |  0
Top